Saturday, May 14, 2011

Нэгэн түүх


Энэ зууны эхэн хүртэл одоогийн Завхан аймгийн Цэцэн-Уул сумын нутагт Галуутайн хүрээ гэж 2000 лам шавилан суудаг Сартуулын томоохон хүрээнүүдийн нэг байлаа. Тэрхүү хүрээнд миний өвөөгийн /аавын/ нагац ах, олондоо Бамба зурхайч гэдэг байсан юм. Багаасаа Яруу, Галуутайн хүрээнд шавилан сууж буддын гүн ухаан, зурхайн ухаанд мэргэшиж, Да Хүрээ, Түвд хүртэл очиж ном хаялцаж явсан аграмба цолтой /одоогийнхоор доктор/ лам нарын нэгэн байжээ. Тэрээр зурхайн ухаанд мэргэшсэн шаггүй нэгэн байсан ба энд өгүүлэх түүх нь үүнийг давхар баталж өгсөн юм гэдэг. Лав л хувьсгал энэ тэрээгээс өмнө юм байх нэгэн цагаан сарын өмнөх нь хошуу ноён Бамба зурхайч дээр ирж гэнэ. Хошуу ноён ирэх жилийнхээ өнгө төрх, засал энэ тэрээ юмаа асууж дуусаад ер нь ингэхэд миний цаашдын тавилан минь хэлж айлдана уу гэж гэнэ. Бамба зурхай зурлага энэ тэрээгээ зурж үзсэнийхээ дараа ийн айлдажээ. "Та мөн сайхан хувь тавилантай хүн юм байна. Олон түмэндээ нэр буянаа хайрласан их л ач тустай хүн юм. Даанч турж үхэх юм байна даа" гэж гэнэ. Хошуу ноён нэг цочисхийснээ ламтанд баярлаж талархалсанаа илэрхийлээд буцаж гэнэ. Цаг хугацаа явсаар ардын хувьсгал ялж, удалгүй феодал, баян хүмүүсийн хөрөнгийн хэдэнтээ хурааж, томоохон ноёд, лам нарыг баривчилан хорьж эхэлж гэнэ. Тэр шуурга хошуу ноёныг тойрсонгүй нэгэн өдөр түүнийг хийгээгүйн хэргийн төлөө гяндан хорьжээ. Мань хошуу ноён өөрийнхөө хийгээгүй хэргийн буруугаа хүлээлгүй гүрийсээр шорондоо турж үхсэн юм гэнэ лээ. Өнгөрсөн 20-р зууны Монголын түүх бол бидний өвгөдийн мөн их цусаар боссон доо.