Saturday, March 31, 2012

Бодол, ишлэлүүд


Бодол №1

Бид хөгжлийнхөө дотоод нөөц бололцоо, нэн чухал тэргүүлэх чиглэлүүд, салбарууд,онол загварыг ч хэлэлцэж ярилцахгүй байна. Тэд манай улсын эдийн засгийг нь түүхий эдийн экспортын чиг баримжаатай болгож бас өөрсдийн бэлэн бараануудыг худалдан авдаг зах зээл болгох зорилготой юм. Монгол улс нь тэр чигээрээ зүгээр л супермаркет дэлгүүр, ченжийн зах болчихосон байна. Энэ бол их гүрнүүдийн хараат, колони орон болгох сонгодог загвар юм.
Хүмүүс улам бүр худалдан авч идэж уух, эдлэж хэрэглэхэд донтож үүнийгээ ардчилал, чөлөөт зах зээл, хүний эрх гэж андуурч явсаар одоо хэрэглээнд донтсон хүмүүсийн бөөгнөрөл шиг нийгмийг байгуулчихаад байна. Хэрэгцээнийхээ дийлэнхийг бид том өр тавьж байгаад эдлэж хэрэглэж байна, одоо хүн амын дийлэнх өрөнд баригдсан гэдэг судалгаа байдаг.


Бодол №2

Эрт эдүүгээгийн түүхээс үзвэл их нүүдэл, шилжин суурьшилтанд дайн дажин, тахал өвчиг, цаг уурын гэнэтийн өөрчлөлтүүд, ер нь тэвчихийн аргагүй нөхцөл байдал л нөлөөлсөн байдаг. Харин 1996 оноос Монголд эхэлсэн их нүүдэл нь дурдсан колончлолын бодлогын шууд үр дагавруудын нэг илрэл юм. Өөрөөр хэлбэл Улаанбаатар, томоохон хотуудад хүн амыг нүүлгэж авчирсан далд санаа нь хөдөө орон нутгийг эзэнгүй зэлүүд болгож нэг талаар Монголын байгалийн баялагийг дураараа хяналтгүй цөлмөх бэлтгэл ажил нэг байлаа гэж хэлэхээр байна. 

Бодол №3
 
Улс орон бүр дотооддоо өөрийн аж үйлдвэрлэлтэй, дотоодын ажлын байруудтай, дотоодын нөхөн хэрэглээтэй, ийм нөхцөлд л хүн амынх нь орлого, амьдралын түвшин дээшилж байдаг. Дотоодоо аль болох олон бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эдийн засгаа бий болгож тэрхүү үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ юуны өмнө өөрсдөө, дотооддоо хэрэглэдэг, тэр өөрийн гэсэн эдийн засгийг бий болгон хөгжүүлдэг байна. Гэтэл бид эсрэгээр яваад байх юм. 
Өөрөөр хэлбэл бид баялаг үйлдвэрлэгч биш харин ч хэрэглээний эдийн засагтай, хүн амын хөдөлмөр эрхлэлтийн түвшин дордож, хүн амын эрүүл мэнд, өсөлт, чанаржилт муудаж, боловсрол шинжлэх ухаан болон бусад салбар хөгжих бололцоогүй болоод байна. Бид өнгөрсөн 20 жилийн хугацаанд аж үйлдвэр, түүхий эд бэлтгэлийн тогтолцоо, мэргэжлийн ажилчин, инженер техникийн боловсон хүчнээ бүрэн утгаар нь устгаж хаячихаад эргээд түүнийгээ бий болгох гэж зүтгэж байна. Даанч эмгэлэнтэй. 

Бодол № 4

Бид одоо оюун санааны асар их хоцрогдолд ороод байна. Монголчууд бид өнөөдөр бие биенээ сонсохоо, итгэхээ, хамтрахаа бүүр больчихсон.  Энэ бол хамгийн эмгэнэлтэй буюу оюун санааны колоничлолд орчихсон байна гэсэн үг. Бидэнд үнэт зүйл, итгэл үнэмшил аль ч түвшинд алга, бүүр бахархах бахархал ч алга болж. 

Ишлэл №1: 

Ер нь бол их гүрнүүд буурай улс орныг эрхшээлдээ оруулахын тулд “Нийгмийг нь элдэв аргаар хагалан бутарга, хооронд нь хэмлэлдүүл, эцэст нь бүгдийг дарангуйлан захир” гэсэн эртний Римээс явж ирсэн үг, бодит стратеги бодлогийг хэрэгжүүлсээр ирсэн хэрэгжүүлсээр ч байгаа билээ.

Ишлэл №2:

Хүн төрөлхтний түүхэн дэх бүх хувьсгалыг дандаа идэр залуу хүмүүс эхэлсэн байдаг шүү дээ. Залуус гэдэг бол одоохондоо бодол санаа нь төлөвшөөгүй, амьдралын өмнө том хариуцлага байхгүй, бусдын үзэл санаа ятгалгыг оюун ухаандаа шүүн тунгааж үзэхээс өмнө юуны түрүүнд сэтгэлийн хөдөллөөрөө аливаа зүйлийг хүлээж авахдаа хялбар, нэгнээ хуйларч дагадаг гэнэн тийм л хүмүүс байдаг. Үүнийг би Хойд Африкт одоо болж байгаа үйл явдлуудтай холбож хэлж байна. Тэгэхлээр хувьсгалын технологиудыг чухамдаа яг ийм хүмүүсийг ашиглахаар тохируулан боловсруулсан байдаг. Одоогийн либерал ертөнцийн, дэлхийн санхүү эдийн засгийн хямралаас Хойд Африкт болж буй явдлыг салгаж ойлгох боломжгүй юм. Энэ бол нэг юмны хоёр тал нь, хямралыг шийдэх гэсэн нэг оролдлого юм. Гэтэл манай хэвлэл мэдээллээр тэнд нэг улсад нэг аймаар харгис дарангуйлагч байсныг нь одоо л олж харсан мэдсэн юм шиг л бичээд яриад байгаа биз дээ.

Ишлэл № 3

Сүүлийн үед Америкт, Европт, Латин Америкт юу болж байна вэ? Хүн төрөлхтөний хувьд ардчилал нь байна уу, социализм нь байна уу, коммунизм нь байна уу ер нь хамаагүй, эцсийн эцэст ихэнх хүн ардын сайн сайхан өөдрөг тайван амьдрал, шударга байдал, хүнлэг энэрэнгүй сэтгэл ёс суртахуун, айдас түгшүүргүй, маргаашийн ирээдүй нь гэрэлтэй тийм нийгмийн төлөө засаглалын хэлбэр хэрэгтэй болоод байна даа. Хэрвээ Монгол улс хөгжие л гэж байгаа юм бол дээрхи “ардчилал”, “сонгууль”, “чөлөөт зах зээл” гэх мэт ойлголтуудыг хэт туйлшран хэрэглэдгээ эргэн харах хэрэгтэй. Ер нь олон ташаа ойлголтуудаасаа, төөрөгдлүүдээсээ салах шаардлагатай болоод байна. Манайд улстөрчид маш олон болсон, гагцхүү төрийн хүмүүсийн бодлого маш үгүйлэгдэж байна.

Ишлэл № 4

Монголын ард түмний, манай үндэстний тэр цөм, багана нь байхгүй болох аюул нүүрлээд байна. Үндэстний гол цөм хэсэг нь төөрөгдөл, ядуурал, цөхрөлдөө живж задран унах юм бол дундаж цөөхөн бид хэд ч, асар баян маш цөөнх ч бүгд хэн ч биш, улс гэр оршин тогтнож байхын тулд юу ч хийх чадал, боломжгүй болох юм. Засаж болдоггүй алдаа гэж бас байдаг. Үүнийг л хүн бүр ойлгох ёстой. ЛИБЕРИАЛ АМИНЧХАН ҮЗЭЛ САНАА, ЗАН ЧАНАР БОЛ БИДЭНД ТОХИРОХГҮЙ.