Sunday, April 8, 2012

Бууралын цагаан овоо



"Баруун монголын шилийн сайн эрчүүд энд цугларч тангараг өргөдөг байсан юм гэнэ лээ" гэх домогтой, эрт цагаас тахилгатай, цагаан цайвар өнгийн сүрлэг чулуун овоог Сартуулын Бууралын цагаан овоо гэнэ.

Энэ овоо Завхан аймгийн Дөрвөлжин, Завханмандал сумын Буурал Тавантолгой, Мандал, Олон булаг багийн заагт байх 2000 гаруй метр өндөр сүрлэг, Их буурал, Аргалын харын нуруудын тэхий дунд байдаг. Овоон дээрээс харахад Алтай хангайн мөнх цаст оргилууд хаа хол ойрын уул нурууд алган дээр тавьсан юм шиг үзэгддэг юм.

Thursday, April 5, 2012

Анхааралдаа авна уу

Өөрийн бичсэн зүйлээ бусдын блог дээр байхыг хараад ийнхүү бичлээ.
ТА НАР ХҮНИЙ ЮМЫГ ХУУЛЖ БИЧИХДЭЭ ЭХ СУРВАЛЖИЙН ДУРДАЖ БАЙВАЛ ЗҮГЭЭР БАЙНАА. ХИЧЭЭНГҮЙЛЭН ГУЙЯ.

Wednesday, April 4, 2012

Сартуул бөөгийн тухай

Завхан аймгийн Сартуулын Эрдэнэхайрхан сумын Мөсөн багын Лхачин бөө гэж эрдэм чадалтай нэгэн хүн их л зожиг, ганцаардуу амьдардаг байжээ. Онгод сахиусаа дуудан авчраад өвчин ороогоод байгаа хүүхдийг шууд мөчлөн эвдэж, зэс тогоонд хийгээд чанаж байгаад гаргаад ирэхэд мөнөөх хүүхэд амьдаар барахгүй дахиж өвчин ороодоггүй болсон гэлцдэг. Лхачин бөө 1980-аад он хүртэл амьдарч байсан бөгөөд Эрдэнэхайрхан сумын хойт хангайгаар нутагтай байв.

Завхан аймгийн Сартуулуудын дунд олон суманд “Сартуул бөөчүүд” гэсэн овог отгууд одоо ч байсаар байна. Харин эдгээр овог отгууд хоорондоо төрөл садан эсэхийг хэлж мэдэхгүй юм. Үүнийг судалсан хүн ч байсангүй. Тухайлбал, бөөчүүд овог нь Баянхайрхан, Булнай, Завханмандал, Дөрвөлжин, Ургамал, Сантмаргац, Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан, Яруу, Сонгино, Их-Уул сумдад байсаар байна. Жишээ нь, Завхан аймгийн Сонгино сумын “Сартуул бөөчүүд” овгийнхны ургийн бичигт өгүүлсэн нь:
“Сартуул овгийн
Дамдин гэгч эрдэм номтой бөө байв
Дамдины хүү Риймэд бөө
Риймэд бөөгийн хүү Жамсран бөө
Жамсран бөөгийн хүү Цэнджав бөө, Ядамжав бөө
Цэнджав бөөгийн хүү Ганжууржав бөө
Ганжууржав бөөгийн хүү Найдансүрэн
Найдансүрэнгийн хүү Жаргалсайхан /Монгол банкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан/.
Найдансүрэнгийн бас нэг хүү Золжаргал /Монгол Улсын Хөрөнгийн биржийн захирал асан, Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан/ нарыг долоон үеийн “Сартуул бөө” гэж үздэг ажээ.

“Сартуулын бөөгийнхөн” хэмээх энэ удмын өвөг дээдэс нь Завхан аймгийн Сонгино сумын Мангина уулын өврөөр голдуу нутагладаг байжээ. Мөн Сонгино сумын Баян айргийн өвөг дээдэс өөрсдийгөө “Сартуулын хар адууныхан” хэмээн овоглодог. Дээр цагт Сартуулын хошууны нэг захаас энэ уулын орчимд амьдардаг байсан айлуудад хар сарваа дагуулсан, хар гүү унасан бөө хүн ирж айлуудаар хэсч, засал, мэргэ хийн бөөгийн онгод шүтээнээ дуудаж, уншлага үйлдэж, бөөлж явсаар нэлээд хугацаа өнгөрсний дараа Сонгино сумын Баян-Айраг хэмээх газрын бүсгүйтэй ханилан суужээ. Олон ч үр хүүхэд, ач гучтай болсон байна. Өнөр өтгөн бөөгийнхөний овгийг одоо бол “Сартуулын хар адууныхан” хэмээнэ.

Ч.Ууганбаяр “Монгол төрийн бөө” номноос

Tuesday, April 3, 2012

Өнөө цагийн бөөгийн тухай



        Онгодоо хүлээж авах гэж байгаад шалзарч түлэгдсэн шинэхэн бөө нар Түлэнхийн төвд өдөрт хоёр, гурваараа ирэх болжээ. Төв аймгийн Сэргэлэн суманд ноднин намар Д.Болд-Эрдэнэ хэмээх бөөнцөр учир мэдэхгүй нэгнийг “чанар авахуулна” хэмээн халуун чулуутай усанд шалз чанаж алжээ. Э.Учрал гэж арван наймхан настай охин бөө болоход шаардлагатай мөнгө цаас харамлалаа гэж уурсаад нагац эгчийгээ хутгалан хороосон мэдээ бий. Баруунхараагийн Э.Мөнхбат гэж нэг дүвчин зайран өөрөөсөө илүү хөрөнгөтэй нутгийнхаа хүнээс өргөл шаардаад, эс өгвөл гарз гарна гэж сүрдүүлжээ. Өнөөх нь тоож өгөхгүй болохоор мань бөө гарцаагүй гарзаа өөрөө зохион байгуулж, нууцаар машиныг нь дэлбэлжээ. Ноднин жил Сонгинохайрхан дүүрэгт нэг бүсгүй хорооныхоо бөөгөөр засал хийлгэх гэсэн биш хэнгэрэг, унжлагатай донтонд архиар шахуулан хүчирхийлүүлж үйлчлүүлэгч бус хохирогч болчихсон юм. Баянхонгорын Ю.Эрдэнэ-Очир зайран яг ийм хэргээр шоронд сууж байгаа. Дарханы Р.Бадамханд, Б.Цогтсайхан гэх тэнгэрийн улаач нар шинэ шавь нараа бахардтал нь гүйлгэж алсан бол Улаанбаатарын Б.Падсүрэн гэгч бөө таван хүнээс 51 сая төгрөг залилсан, эмнэлэгт (!) бөөлж байхдаа хулгай хийсэн хэргээр баривчлагдав. Шившгээ дэлгэсэн шинэ цагийн эдгээр шидтэнүүд үлдсэн амьдралынхаа багагүй хэсгийг өргөст торны цаана өөр тамлага уншиж өнгөрөөх болно.

   Цагаан сараар МАХН-ынхан Тасганы овоон дээр наранд залбирч, Н.Алтанхуяг тэргүүтэй АН-ынхан Бурхан халдунаас тэнгэр рүү сум харвасан бол  У.Хүрэлсүх нарын МАН-ынхан мөнөөх уулнаа мөргөл үйлдэж зогсоно. Бидний сонгосон төрийн түшээ бөө маань татвар төлөгчдийн 300 сая төгрөгөөр “төрийн гал”-ын тахилгыг зөвхөн харчуудын хүрээнд хийж болдгийг ч бид харсан. Хажууд нь гурван сая төгрөгөөр сүлжээнийхээ бизнест шинэ гишүүн элсүүлж байгаа жирийн нэгэн луйварчин бөөг хэн, яаж буруутгах билээ. Төрийн ордон маань орчин цагийн асман, дүвчин удган зайран, илбэчин жатгачингуудын цугларах газар болсныг дипломтой удгануудын нийгэмлэг маягтай гоц ухаант хатдын академи зэрэг элдэв байгууллагын нээлт энд хийгддэгээс харж болно.
Интернэт орон зайд шинэ цагийн зайрангууд үй олон блог хуудсаар дамжуулан и-маркетинг эрчимтэй хийж байна. Дурын нэгэн нөхөр Н.Багабанди, Н.Энхбаяр нарын өмнө бөөлж байснаа тодотгон “Төрийн зайран” цолтой болчихож байна. “Зулай нь дөнгөж битүүрэн, даахиа авмагц нь бөө болгож болно. Энэ нь балчир хүүхдийн сэтгэхүйд хор гэхээсээ илүү ач тустай зүйл” гэж өдгөө 3 мянга давсан шавьтай хэмээн Якутын хэвлэлд сайрхсан Д.Бямбадорж зайрантан айлджээ. Төв шуудангийн өмнө чулуу аваад шидэхэд нэгнийх нь толгой дээр онож унахаар олон бөөтэй болсон бид удахгүй үр хүүхдээ тэдэнд урвуулж мэдэхээр болжээ. Бөөгийн гэх мухар сүсэг, бохир бизнес Монгол орныг нөмрөн авсныг эдгээр эмгэнэлтэй мэдээнүүд харуулж байна. Төр өөрөө энэ сүлжээний нэг хэсэг, эд эс, харанхуй хэргийнх нь хохирогч, бас нэгэн зэрэг хамтрагч, өөгшүүлэгч нь болжээ.

   Шинжлэх ухааны нэвтрэн тайлж чадаагүй парапсихологийн гайхамшиг хүн төрөлхтний нялх үеийн ууган мөргөл болох бөөд бий. Цагааннуурын цаатнуудын Гомбо зайран, Баянзүрхийн Балжир удган, Улаан Уулын Цэгмид удган зэрэг Хөвсгөлийн домог болсон бөө нар шиг эгэл биднийг их дээдсийн сүнстэй газарчлан уулзуулдаг жинхэнэ бөө нар манай гудамжинд байж болох л юм.

Харанхуй шөнийн явдалтан

Хар хавцал жамтан

Харагай улаан дүнгэртэн

Хар торгон манжтан

Хар төмөр хуурайтан нар байдаг ч боодол мөнгө өргөлтөн, бор дарсан ундаатан нар олонх болсон цаг юм. Төмбөгөр  төртэй, ёмбогор ёстой цагт Төв Азийн нүүдэлчдийн дунд баян зайран, чинээлэг удган байсангүй, байх ч ёс үгүй байв. Гуч дөчин шавь дагуулж, гурав дөрвөн түшээ хөллөж, онго тэнгэрээ олж чадахгүй, алби тийрэнд эзлүүлсэн энэ цагийн бөө нар телевизийн ярилцлагад гар утсаа зарлан, арван хуруун дахь алтан бөгжөөрөө нүд сохолчих шахам даллаж байна. Баяжих хөлжих шунал төдийхөн бус зовлон бэрхшээл, айдас хүйдэс дээр дээр суурилсан сүлжээний бизнесийн энэ аймшигт хэлбэрийн илүү “бөөжсөн” үр дагаврыг дархад зайран Чулууны Чингис хэмээх бөө Б.Галаарид гуайн эрхэлдэг “Гэгээн цалиг” сонинд ийн тайлжээ:

- Хаа хамаагүй юмыг хахь өөр хүнд аваачиж наахыг зөвшөөрөхгүй. Арын үр дагавар нь хаа хаанаа муу. Огт онго тэнгэргүй мөртлөө надад ямар ч хамаагүй онго олоод өгөөч, би бөө болмоор байна гэх хүн таарч л байдаг юм. Энэ бол хүсэх юм биш, ар нь хатуу. Эзэнгүй сүнсэндээ ч, энэ биеэ өгч буй хүндээ ч, холбож замчилсан бөөдөө ч муу шүү. Сураг сонсоход ийм нүглээр дагнасан улс байгаа юм шиг гэжээ.

   Мөргөл бишрэл, сэтгэл засал, залбирал тайтгарал, зөвшил хүлцэл зэргийг бид шашнаас олдог. Бөө нар Монголд хөгжөөгүй сэтгэл зүйчийн ажлыг амжилттай орлож байна гэж саяхан нэг мэргэжилтэн хэвлэлд ярьжээ. Уг нь бөөлүүлсэн-тайвширсан, бөөлүүлсэн-өөртөө итгэсэн, бөөлүүлсэн-өөдрөг болсон, бөөлүүлсэн-үйлс бүтсэн гэсэн сэтгэл зүйн эерэг эффект, итгэл үнэмшлийг хүн хүлээж байх ёстой. Харин улам бүр агуйн дээдэстэйгээ адилхан болж байгаа бид луйварчны сүрдүүлгэнд амархан гэгч нь ороод амь гуйж, хамаг хөрөнгөө өргөх замыг сонгож байна. Зөвхөн айдаст удирдуулсан хүн сүргийн рефлекс. Эсвэл эмнэлэг, банк, даатгал, шүүхэд найдах зүйлээ бөөд даатгана. Дундад зууны балар сэтгэхүй. Ийм байхад төрийн ордноос гэрийн хоймор хүртэл бөөгийн засаглал тогтох нь аргагүй биз. Хөрс нь, зах зээл нь, амьдрах арга, орчин нь бид өөрсдөө юм чинь.
Шинээр уг барин бөө тодруулахыг түдгэлзүүлэн зохицуулах бодолтой байгаагаа ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэдэгдсэний дараа мянга мянган бөө нарын төлөөлөл Үндсэн хуулиар олгогдсон шүтэх эрх чөлөөнд нь халдсан хэмээн түүнийг буруутгав. Үүгээр зогссонгүй тэд “Мөнх тэнгэрийн эсрэг тэрссэн хэн боловч нэгэн цагт хатуу гэсгээл хүртдэг” хэмээн шууд сүрдүүлжээ. Мөнх тэнгэрийн ивээлийг олсон эзэн Чингисийн унаган мөргөлийг дагагсад гэж тэд өөрсдийгөө сурталдах ажээ. Гэхдээ Чингис хаан даварсан Тэв Тэнгэр бөөгийн ууцыг нь хугалан хороож байсан тухай “Нууц товчоо”-ноос ишлэж харин  зүрхлэхгүй байгаа билээ.

 Эх сурвалж: www.24tsag.mn

Sunday, April 1, 2012

Tува бөөгийн тухай

Тува бөөгийн тухай нэг сонирхолтой нэвтрүүлэг youtube-ээс татаж авлаа.