Wednesday, April 22, 2015

Чойжин ба Гүртэн










Баримт 1: Гүртэн




“...хүний сэтгэлийн ертөнц, байгаль ертөнц хоёрын хоорондын зууч болж үйлчилдэг эр эм хэн нэгэн хүн байдаг бөгөөд тэднийг “Гүртэн” буюу “шүтээн орших бие” гэсэн утгаар ойлгогдохоор нэрлэдэг юм.  Харин үүнийг хүн төрөлхтнөөс ангид өөр биет байдгийг шүтдэг мэтээр ухаарвал буруутна. ” Гүртэнгүүдийн хувьд сахиус оршоохдоо хэлдэг тусгай уншлага, шившлэгтэй байдаг бөгөөд түүнийг нь солхи гэдэг. Солхи уншихгүйгээр сахиус оршдоггүй, буцаах солхийг нь уншихгүй бол явдаггүй гэдэг.
Гүртэнгийн амаар Дорж Дагдангийн сахиус үгээ хэлж дуусмагц гүртэн төгсгөлийн өргөл өргөөд бие нь амьгүй мэт унаад өгнө. Энэ нь сахиус буцан одсоны тэмдэг болой. Ингэнгүүт туслахууд нь яаруу очиж титэмний бүчийг даруй суллах бөгөөд түүнийг сэргэтэл нь тусгай өрөөнд аваачдаг. 


Нийтийн тооллын VIII зууны үед Монголчуудын номын их сахиусыг түвэдүүд нутагтаа хуулж аваачин тахиж, ивээл ачлалыг нь хүртэх болсон бөгөөд мөнөөх сахиус нь 1544 онд л анх удаа хүний биед буусан, тэр гүртэнгийн нэр нь Лувсанбалдан гэдэг болох нь түүх сударт тов тодорхой тэмдэглэгджээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл Монголчууд бөөлөөд буулгачихдаг байсан сахиусыг түвэдүүд ийнхүү гүртэнгийн биед Буддын шашны уншлага тарнийн аргаар оршоож сурсан гэсэн үг. Гэхдээ энэ нь тухайн сахиус өөрөө таалаагүй тохиолдолд биелшгүй зүйл бөгөөд түвэдүүд урт удаан хугацаанд догшин сахиусыг аргадаж, өөриймшүүлж чадсанаар ийнхүү чойжин буулгах хэмээх нэгэн гайхамшгийг бий болгож чаджээ гэмээр байна.

Баримт 4: Чойжин 


Чойжин гэх нэрийн чой нь Монголоор ном гэсэн үг бөгөөд бүхэлдээ “номын сахиус” гэсэн утгатай үг. “Нэйчүн чойжин нь анх Энэтхэгийн мэргэн гэгээн Дармабалын хувилгааны залгамжлагчийг Төв Азийн Бата-Хор хэмээх нутагт залрахад бараа болж Түвэдэд хамт ирсэн байна. Улмаар манай эриний наймдугаар зуунд Түвэдийн Тисрон Дэвзэн хааны үед түүнийг Энэтхэг Тантра ёго, Түвэдийн шашны дээд авралт дээд багш ловон Бадамжунай Түвэдийн Самъяа хийдийн ... сахиусаар залжээ. Хожим тухайн үедээ Бэрээвэн хийдэд шадарлах болсон үед нь хоёрдугаар Далай лам түүнтэй тун нягт харилцах болсон бөгөөд сүүлдээ Далай ламын бүх дүрийн чойжин сахиус нь Дорж дагдан болжээ”. Далай лам болоод Түвэдийн засгийн газар жил бүрийн цагаан сараар энэхүү Нэйчин чойжинтой зөвлөдөг уламжлал тогтоод хэдэн зууныг элээсэн, яаралтай шаардлага гарсан тохиолдолд хэдийд ч залж болдог. Чойжин сахиус буулгах нь бөөгийн онго залах үйлтэй агаар нэг байдаг. Энэ талаар Далай лам өгүүлэхдээ “Нэйчүн чойжин Дармасалад өөрийн хийдтэй боловч над дээр ихэвчлэн өөрөө ирдэг. Албан ёсны үйл явдлын үед бол чойжин гадуураа улаан, хөх, ногоон, шар өнгө алагласан угалзан хээтэй хуучны алтан утаст хоргой баримтаг өмсгөл бүхий олон давхар дотуур хувцас өмсөж этгээд сонин хувцасладаг юм. Энгэр дээр нь Дорж Дагдан сахиусанд хандсан маанийн самгарьд үсэг бүхий оюу эрдэнийн хүрээтэй гялалзтал зүлгэсэн дугуй толь зүүнэ. Ёс төрөө үйлдэхээсээ өмнө биедээ мөрөвч тоног гэмээр юм хийж түүндээ гурван ширхэг хийморийн дарцаг, дөрвөн хиур зүүдэг. Нийт дүнгээрээ гучаад кг (далан фунт) илүү болох тул онгод нь ороогүй цагтаа тэрбээр арай чүү хөдөлж харагддаг юм”. Ялангуяа хорьдугаар зуунаас өмнөх үеийн бөө нарын хуяг хувцас, хамгаалалтын төмөр эдлэлийн жин нь 30-40 кг татах энүүхэнд байдаг. Тэгээд бөө нар онго нь орсон үед хувцас эдлэлийнхээ хүндийг огт мэдрэхээ больж, дэгдэж дүүлж, үсэрч харайх энүүхэнд. Далай лам энэ байдлыг дүрслэхдээ “Ингэсний дараагаар тэр нэг туслахынхаа барьж байгаа ёслолын илдийг шүүрэн авч нэг цовхорсноо улмаар аажуухан бөгөөд хангалуун төрхөөр бас ч сүрлэгээр цамнаж эхэлнэ. Цамнаж дуусаад миний өмнө ирж бүсэлхийгээрээ бөхийж өнөөх хүнд баримтаг өмсгөлөө үл хайхран бүх биеэрээ тонгойн титмээ шаланд хүртэл надад аажуухан мөргөснөө огцом босож, тэр их хүнд юмсыг ер тоохгүй цамнана. Түүнд шүглэсэн их хүчит сахиусны хэмжээлшгүй чадал хүчин нь чойжингийн биеийг дэлбэ татах шахан түүнийг ямар нэгэн асар хүчирхэг чанга пүршээр тоноглосон резин эдээр хийсэн юм шиг уян хатан бөгөөд огцом ширүүн хөдөлгөөнтэй болдог тул тэр байж ядан цамнах бөлгөө”



Борын Жамбал гэдэг өвгөн 1958 онд 77 нас сүүдэртэйдээ их эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэнд “Чойжин ламд гурван сахиус оршдог байсан. Тэдний нэгд нь Найчүн, хоёрт Зэмэр, Гуравт Шүг сахиус. Найчүн их догшин биш. Зэмэр мөн их догшин биш. Шүг их догшин сахиус байсан юм. Шүг сахиус оршиж байхад чойжин лам дэвхцэж цовхчоод, гэдэс годосхийгээд, амнаасаа хөөс буруулж их догшин дүрэмтэй байдагсан” хэмээн хуучилсныг тэмдэглэн үлдээжээ.



Эх сурвалж: sonin.mn