Thursday, August 20, 2015

"Буман цагаан лус" хэмээх судар

"Лус хэмээх нь усанд, Савдаг хэмээх нь газарт, хүчит догшин Нян хэмээх нь огторгуйд, Хурмаст хэмээх нь тэнгэрт оршдог" хэмээн айлджээ. Лус савдаг нь нүднээ үл үзэгдэгч хий махбод биетэй, адгуус хийгээд бирдийн язгуурын амьтан бөгөөд харамч болон хилэнт нугууд үйлийн эрхээр лус, савдаг болж төрдөг байна. Иймээс лус савдаг нь өөрийн эзэмшил газрын ил далд баялагт харам ихтэй, түүнтэй зүй бусаар харьцвал хилэгнэн тогширч хорлол хөнөөлийг хүргэдэг аж. Лус савдагийг дотор нь эр, эм, хар, цагаан гэж ангилна. Лус нь ерөнхийдөө эр нь гурван зуун жар, эм нь гурван зуун жар байдаг бөгөөд нөхөд, зарц сэлтийнхээ хамт тоо томшгүй олон ажээ. Мөн лусыг цагаан, хар, бор, хөх, шар, ногоон, улаан, хар цоохор өнгөөр нь найман аймаг болгон ангилдаг.Үүнд: Хааны язгуурын цагаан лус, богдын язгуурын шар лус, бярманы язгуурын хар лус, 4 махранз найман их лус зэрэг болно. Эдгээр найман аймгийн лусуудын дүр байдал нь хүмүүн цээжтэй, могой бөгстөй. Тэд их хүчтэй, эзэмшил баялаг ихтэй, дотроо хаан, хатан, түшмэл, албат, боол, элч, зарцтай бөгөөд хэдэн галбыг хүртэл насалдаг гэнэ. Сохор хар лусын хорлол нүүрлэвэл хэн боловч хорлолоос ангижран хагацалгүй өвдөх зовох тэр байтугай амь насаа хүртэл алдах аюулыг амсана. Иймд лусыг аргадан тайтгаруулж байх нь зохилтой.
Савдаг нь газар дэлхий, ан амьтан, ургамал модыг эзэмшин оршино гэж үздэг. Савдгийг хураангуйгаар ерэн нэг, дунджаар зуун тавь, дэлгэрэнгүйгээр мянга хүртэл байдаг гэх бөгөөд лусын адил хаан, хатан, түшмэл жанжид, албат зарцтай байдаг. Газар усны эзэд нь сахиус бурхан, хүчит тэнгэр, баатар жанжид, хүчит амьтдын дүр байдалтай байдаг байна