Tuesday, December 21, 2010

Монгол тандаа зүтгэе


Энэ дууг сонсохоор омогшил төрдөг юм. Гэхдээ үүнд нам улс төр хамаагүй.

Saturday, November 27, 2010

Баруун этгээдэд зорчисон тэмдэглэл №1


Өнгөрсөн сарын сүүлээр Ховд, Баян-Өлгий, Увс аймгуудаар ажлын шугамаар яваад ирлээ. Сүрлэг өндөр Алтай уулсыг эмжээрлэн, цаст хайрхадуудыг биширэн харж, шувуу ч харагдахгүй нүцгэн уулсыг нар зөв тойрон аялалаа. Аргагүй л хүн төрөлхтөний өлгий нутагт юм даа гэмээр байлаа. Өглөө эрт Улиастайгаас гарч явсаар үдийн алдад Завхан голын гүүр дээр очиж хоолонд орлоо. Энэ жил хур бороо тэгширсэн сайхан зун болж, Завхан гол эргээ халилан урсч сүүлийн 20-д жил ийм их устай байсныг үзсэнгүй гэж гэрийн эзэгтэй бидэнд хоол хийнгээ хуучиллаа. Үнэхээр 2 жилийн өмнө би үүгээр дайрч өнгөрөн явж байхад Завхан гол тасраад сэтгэл эмзэглэмээр байсан нь тодхон санагдаж байлаа. Сайхан цуйван идэж аваад бид цаашид Ховд аймгийн зүг жолоогоо заллаа. Бараг Дөргөн сум дөхөж явтал бидний сууж явсан УАЗ-469 машин дотор минь цагаан шороо пургиад явчихлаа. Энэ чинь юу билээ гэтэл тэндэхийн хөрс угаасаа үнс шиг сул учраас пургиадаг юм гэж жолооч маань өгүүллээ. Үнэхээр бараг Ховд хот ортол зэгэл саарал шороо ам хамаргүй пургиасаар байлаа. Хэдийгээр замын хажуугаар Хар ус нуур харагдаж байгаа боловч тэр цагаан шороо тэрхүү нуурын сайханыг мэдрэхэд минь энэхүү үнс шиг шороо үнэхээр саад болсоор байлаа. Орой бүрийн болсон хойно Улаанбаатар хотынх шиг нүүрсний өмхий утаа үнэртсэн, захын хороололын дээвэр нь тэгш шавар байшингууд нь ярайсан Ховд хотод орж ирлээ. Харин хотын төв нь харьцангуй барилгажсан тийм хот угтлаа. Нэгэн буудалд бууж сайхан гэгчийн амарч аваад өглөө эртлэн ажилдаа гарлаа. Өдөр цайны цагаар нэгэн нутгийн гайгүй гэсэн ресторанаар орлоо. Загас захиалалаа. Тэр шарсан загаснаас нь махын салгаж идэх гэж бараг үдийн хоолныхоо цагыг барав. Үдээс хойшхи ажилаа дуусгачихаад Ховд аймагт шинээр барьсан 108 суврагыг үзэж сонирхолоо. Үнэхээр их хөрөнгө зарж босгосон сайхан зүйл болжээ гэж өөрийн эрхгүй бодогдохоор байлаа. Суварга бол бурханы лагшин бие , зарлиг номлол таалал үйлс лугаа барилдалгаа бөгөөд хамаг бурхадын хурах ордон, бурханы их энэрлээс төрсөн хувилгаан дүр, газрын сүлд гэж тайлбарладаг билээ. Гэтэл тэр босгосон суврага бүрийн суврага босгосон аав ээжийнхээ гэгээн дурсгалд гэж бичсэн байх юм. Өөрөөр хэлбэл би тэр суврагад биш тэр хүний аав ээжид мөргөх болоод байх шиг санагдлаа. Хүний эцэг эхийг би муу муухай гэж хэлээгүй л дээ. Нөгөө талаар би Бурхан шашны шарын урсгалын ёс жаягыг мэдэхгүй. Гэхдээ би хүний аав, ээжийн өмнө очиж мөргөх нь сонин санагдахаар байлаа. Харин Завханы 9 хутагтийн суврагад бол би мөргөдөг. Яагаад гэвэл тэдгээр суврагын эзэд болох хүмүүс нь хувилгаан шидийг үзүүлж, хамаг амьтан тусын тулд энэ биеэ зориулсанаас гадна Монголын төрд байгуулсан гавъяа, дуурсах нэртэй хүмүүс гэж боддог учраас би тэдэнд мөргөдөг. Би буруу бодож байж болох юм. Тэгвэл түмэнтээ уучилна биз дээ. Алтайн сүрлэг уулсын оройгоор үүлс манан татахыг харж нилээн сууллаа. Ингэж суухдаа миний аавын ээжийхний удамын талаар нэгэн зүйлийг эргэн дурсч суулаа. Бараг 300 жилийн өмнө юм байх аавын маань ээжийнхэн аавын өвөг дээдэс Манж нарт ихээр дарагдан ялагдаж, амьд үлдэхийн тулд зүсээ хувиргаж Алтай нурууг давж, Завхан голыг өгсөн байж, их холын нүүдэл хийж, одоогийн Завханы нутагт ирж суурьшсан юм гэнэ билээ. Байнгын дайн тулаан дунд амьдарч ирсэн учраас тэд хороолж, шивээлж нүүж суудаг байсан учраас нутгийхан Хорооныхон гэдэг нэрлэдэг ба тэр ч утгаараа аавын маань ээжийн талынхныг ХОРООНЫХОН гэж явдаг. Ойрадын ямар овгийн ямар хүмүүс байснаа ихэд нууцладаг байсныг бодоход зүгээр нэг жирийн хүмүүс биш байсан гэж боддог.
Үргэлжилэл бий.

Thursday, October 28, 2010

Монгол цуур


Баруун аймгуудаар явж байхад Монгол цуурийг хөгжүүлэх гэж байгаа нэгэн залуутай таарлаа. Үнэндээ тэр залуугаар бахархах сэтгэгдэл төрж байлаа.

Saturday, October 9, 2010

Бөөгийн талаарх зарим баримтууд


Баримт № 17
Тухайн гэр бүлийн /нөхөр,эхнэрийн аль нь ч байж болно/ хүний эцэг өвгөдийн сүлд сахиус, тэнгэрүүдийг нь бөө хүн шившин амилуулж өгөхийг онгод босгох ёс гэдэг гэнэ. Тэр айл нь бөө ч байж болон эсвэл бөө биш ч байж болдог гэнэ. Нөгөө талаар янз бүрийн өнгө хэмжээ бүхий даавуунууд болон эсгий, цэмбэ зэрэг мал амьтны гаралтай зүйлсийг ёс журмын дагуу оёж, шидээслээд бөө хүн шившин амилуулахыг онгод амилах ёс ч гэж үздэг байна.

Баримт № 18
Өвөг дээдсийнхэн хүчирхэгжсэн эрчим хүч, байгаль дэлхий дээрх эрчим хүчний нэгдлийг онгод гэж тодорхойлж болно.Эрдэмтэн О.Пүрэв онгодыг хий ухаар юмс гэж нэрлэдэг гэжээ.

Баримт № 19
Бөөд онго орох бүрийд бөө ухаан алдан унадаг байна. Учир нь онгод орох бүрт өөрийн оюун ухаан түр зуур алддагттай холбон тайлбарладаг. Бөө хүн өөрийн ухаан түр зуур алга болж өөр сэтгэхүйгээр сэтгэж өөрийн дуу хоолойгоор хүмүүст өнгөрсөн, одоо, ирээдүйн талаар хүүрнэж айлтгахыг бөөд онгод орлоо гэж үздэг.

Баримт № 20
Онгод нь хүмүүст харагдах биегүй, үзэгдэх хэлбэргүй үл үзэгдэгч боловч жинтэй хатуу зүйл байдаг гэж бөө нар үздэг. Гэхдээ онгод нь тодорхой газар, орон зайнд байртай байдаг ба үргэлж хөдлөгөөнд оршдог гэнэ. Түүнийг бөөгийн ёсоор онгодын гүйдэл гэдэг ажээ.

Баримт № 21
Онгод нь бөө хүнийг нэгэнт эзэмдэн нөхцсөн учраас байнгын холбоотой байж, бөөг мэдээлэлээр хангадаг байна. Өөрөөр хэлбэл тэр бөөг тойрсон эрчим хүчний нэг урсгал энерги бий болдог гэсэн үг. Тиймээс их сайн бөө хүн бөөлөлгүйгээр тухайн хүний асуудлыг шууд оношлон шийдвэрлэж өгдөг байна.

Friday, October 8, 2010

Нэгэн дурсамж


Өнөөдөр нэтээр тэнэж явтал заставын хүүхдүүд гэсэн зургийг хараад сэтгэл миний нэгэн түүхийг хүүрнэхэд хүргэлээ. Миний хүүхэд нас алс холын баруун хязгаарын нэгэн буйдхан заставт өнгөрсөн билээ. Би хүн болж ухаан орох үед миний хажууд цэрэг эрс, заставын хэдхэн бор байшингууд байсныг их тод санадаг юм. Их уйтгартай. Хот хүрээ гэдэг газар ямархуу байдаг бол хорвоо дэлхий хаана төгсдөг бол гээд хүүхдийн гэнэн бодол одоо ч хүртэл сэтгэлийн минь гүнд хадгалаастай байдаг. Тэнгэр ширтээд голын боргио сонсоод дүүтэйгээ элдэвийн мөрөөдөн хэвтэх хамгийн жаргалтай мөчүүдийн нэг байж дээ. Тэгэхэд би бараг 5 нас хүрч байсан. Зуны нэгэн бороотой үдэш дүү бид 2 ид нойрондоо дугжирч байтал ээж минь "Хүүхдүүдээ сэрээрэй" гэж биднийг босгоод хувцаслалаа. Ээж дүү бид 2-г хувцаслаж байхад цонхоор цахилгаан цахиж энд тэндгүй тэнгэр дугарсан их бороотой орсон шөнө байсныг тодхон санадаг юм. Тэр шөнө аав, заставын дарга эзгүй,ээж дүү бид хэдээс гадна шинэ 10 гаруй цэрэг байсан байх. Харуулын дарга ээжид заставын гаднах окопоор хүн яваад байх шиг байна цагийн байдал зарлаж застав түгшүүр зарлаж л дээ. Ээж биднийг хувцаслаад цэргүүдтэйгээ зөвлөлдөөд бүхэл шөнөжигөө тэр окопуудаар явсан юм. Бороо ч хувингаар цутгасан юм шиг орж, дүү бид 2 заставын даргын өрөөнд тэр үеийн тасгийн пулемётын хажууд цонх руу ширтээд сууж байснаа нэг мэдэхэд унтацгаасан байлаа. Гэтэл үүрээр шиг санагддаг юм лав л гэгээ орсон байсан. Ээжийн "Зогс буудлаа" гэсэн хүчтэй дуунаар дүү бид 2 давхийн сэртэл ээж нөгөө тасгийн пулемётыг буудахад бэлэн болгочихсон урд талд бага түрүүч хөдөлж чадахгүй мэгдэчихсэн зогсож байлаа. Хожим сонсох нээ тэр шөнө хүчтэй дуу цахилгаантай борооноор янгир ямаа уулнаас буухдаа чулуу унагааж тэр нь их чимээ гаргаж бас дээрээс нь заставын зэрлэгшсэн 2 муур окопоор нэг гүйлдсэнийг /тэр үед цаг хэцүү байж дээ/ шинэ цэргүүд гадны тагнуул, халдлага гэж ойлгон шөнөжин харуул хамгаалалтаа чангатгаж окопоо нэгжсэн юм байна лээ. Бас ээж шөнөжин цэргүүдтэй окопоор явж, харуулд гарч ядарсандаа түр дугхийтэл тэр бага дарга орж ирээд золтой буудчихаагүй юм гэсэн. 70-д оны хилийн заставын амьдрал нэг иймэрхүү үргэлжилдэг байлаа.

ДОХ-ын эсрэг богино хэмжээний кино



Их хөөрхөн кино байна лээ. Сонирхож үзээрэй.

Монголчуудын могойны талаарх ойлголтууд


Эерэг ойлголтууд
Цагаан могой гэрт орж ирвэл тэр айл хүүхэдтэй болдог гэдэг. Харин хүний дээлний энгэр дагаж (өвөрт орох байдлаар)могой зам хөндлөн гарвал тэр хүн олз омогтой, ажил үйлс нь бүтэмжтэй байна гэж үздэг. Хэрэв хүн могойн чуулгатай таарвал баяжидаг гэж үздэг ба тэрхүү чуулгатай тааралдсан хүн дээлийнхээ хормойгоо дэвсэх юм уу гуталаа тайлж орхидог ёстой ажээ. Бас могойн эвэр тахивал баяжна гэж хэлэлцдэг.

Сөрөг ойлголтууд
Гэрт хар эсвэл хар эрээн могой орж ирвэл тэр айлд гай барьцад тохиох гэж үздэг бөгөөд могойг энэ тохиолдолд алж болдоггүй юм байна. Могойг алахаар бол морь малаар гишгүүлж алдаг гэнэ. Гэхдээ хүний дээлний энгэр зөрж (өврөөс гарах байдлаар)гарсан могойг заавал алах ёстой. Мөн могойтой нутагт могой үзэгдэхгүй хэдэн жил болох юм бол муу байдаг. Мөн гэрт могой эвхэрсэн байвал муу ёртой гэж үздэг байна.

Могойтой холбоотой ёс

Монголчууд гэрт орсон могойг гадагш гаргахдаа могойн толгойн дээр сүү тусааж галын хайчаар шилэн хүзүүнээс нь хавчиж гаргадаг байна.