Saturday, April 23, 2011

Онигоо гэж



Сэхээнд байгаа юм аа
Диваажинд хоёр нөхөр шатар нүүж сууна. Нэг нөхөр хаалгаар орж гараад байна гэнэ. Тэгсэн нэг нь -Чи яагаад хаалга онголзуулаад байгаа юм бэ гэхэд,
-Аа, хөгшин чинь сэхээнд байгаа юм аа.

Танилтай хүн талын чинээ

Том танилтай, бага танилтай, огт танилгүй 3 айлын хүүхэд шалгалт өгч байна гэнэ. Том танилтай айлын хүүгээс ямар улсад атомын бөмбөг дэлбэрсэн бэ гэтэл Японд гэжээ. Зөв онц гээд бага танилтай хүүгээс асуутал Японд гэжээ тэгэхээр нь аль хотод гэтэл Хирошима гээд онц дүн авлаа. Огт танилгүй айлын хүүхэд ирээд Японы Хирошимад 1945 онд дэлбэрсэн 294000 хүн нас барсан гэж хариулжээ. Гэтэл багш бодож байснаа нас барсан хүмүүсийн бүгдийнх нь овог нэрийг бич гэжээ.

I'm sorry
Эмээ түцнээс соруултай ундаа аваад явж байтал нэгэн гадаад хүн хөлөн дээр нь гишгээд
-Sorry гэтэл эмээ соруулахгүй шүү. Гадаад хүн:
-I'm sorry гэж хэлтэл эмээ:
-Амсуулахгүй шүү.

Гар утас шиг найз охин
-Миний найз охин яг гар утас шиг
-Тийм орчин үеийн хэрэгцээтэй гэсэн үг үү?
-Миний мөнгө дуусахаар ярилцаж болохоо больчихдог юм.

Солиороогүй биз
Чукча нар хятадуудад дайн зарлажээ.
Цаадуул нь чукчагийн нутгийг газрын зураг дээрээс хайж хайж олоод, тийш нь төлөөлөгчдөө илгээжээ.
Хужаанууд чукчагийн урцад орж ирээд асууж байна гэнэ.
-Чукча та нар бид нарт дайн зарласан байна. Гэтэл манайх тэрбум хүнтэй, та нар хэдхэн мянгуулаа. Та нар арай солиороогүй биз?
-Нээрээ тийм байна шүү, ...та нарыг чинь одоо тэгээд оршуулах гэхээр газар хүрэх юм болов уу?

Товчилсон үлгэр
Хэрээ амандаа бяслаг зуугаад мөчир дээр сууж байтал үнэг мод барьсаар юу юугүй давхиж ирээд толгой руу нь цохиж унагаачихаад бяслагийг нь аваад зугтаачихлаа гэнэ. Хэрээ ухаан орсноо:
-Бүхэл бүтэн үлгэрийг ингэтлээ товчлоод байхдаа яахав дээ! хэмээн ёолжээ

Тантай адилхан юм
Нэг генерал ачтай болжээ. Хэнтэй адилханыг нь мэдэхээр амаржих газар луу туслахаа явуулав.
-Тантай адилхан юм! гэсээр туслах нь баяр хөөртэй ирэв.
-Тодорхойхон илтгээч гэж генерал тушаав.
-Таны ач хүү тань шиг халзан, цондгор гүзээтэй, бас юу ч сэтгэж чадахгүй мөртлөө үргэлж хашгирч байна.

Thursday, April 21, 2011

Уйгурын тухай


Сонирхолтой нийтлэл нэг сайтаас оллоо. Түүнийгээ та бүхэндээ толилуулъя.

Финландын нэрт монголч эрдэмтэн Г.Ч.Рамстедт энэ зохиолоо өөрөө монгол хэлээр бичиж, 1922 онд Улаанбаатар хотноо хэвлуулсэн. Уг зохиолын гар бичмэл нэгэн эх эдугээ ШУА-ийн туухийн хурээлэнгийн гар бичмэлийн сан хөмрөгт хадгалагдаж буй.

Энэ цагийн монгол хэлэнд уйгур-урианхай, уйгур бичиг, уйгурлаж дуудах тэргүүтэн үгс үлдсэн буй боловч энэ манай үеийн монгол хүн, уйгур чухам ямар ухаантай юун хэмээсэн үг нэрийг мэддэггүйн тул анхан хуучин цагт их алдраар алдаршсан уг элэнцгүүдэд их ашиг тус хийсэн уйгур омог улсын түүхийн товчоон элдэв зүйлийн хуучин түүхээс хураангуйлан товчилж монгол хэлээр бичих болтугай.

Энэ манай үеэс урьд долоон зуун жил монголын сод Богд Чингис хаан хамаг дэлхийн хагасыг , дайлж авч явснаас урьд, зургаан зуун жил Сүннү (Хүнн) хэмээгдсэн омог улс эвдэрснээс хойнод, энд энэ хойд монголын нутагт Уйгур хэмээгч овог улс суун нутаглан авай. Тэр Уйгур. улсын их гол усан Сэлэнгэ мөрөн авай. Сэлэнгэ мөрний хоёр хөвөөгөөр хийгээд, Сэлэнгэд цутгадаг их бага гол усдаар нутаглаж, өндөр хасаг тэргээр гэр бараан юугаа зөөж, нүүдэл нүүдэг ёст овог улс байвай. Цаг төвшин болбол ууланд модот газарт гарч ан гөрөө, ав шувуу хийж байвай. Малын тоо олны тул хонин гөрөөсний арьсаар дээл хувцас хийж өмсөн явбай. Дан өөрийн газартаа үүсдэг юмсыг эдэлж, гадаад орны эд таваарыг хэрэглэсэнгүйн тул, , улс чиг өнөр баян болж, мал чиг ихэд өсөж төлжиж байвай.

Уйгурын эр хүмүүн болбол саадаг жад, илд тэргүүтэн эрийн багажийг сайхнаар барих эрдэмтэн байсны тул, дайн дайлах цаг хүрвээс, чадал зүрхэт мэргэн хүмүүн хэмээн уйгурын нэр хол газар хүртэл сүр болж дуурсаж дуурсвай. Энэ Уйгур овог улсаас зүүн тийш нь Цөхүйн далай, Хөлөн Буйрын доохонд гучин омог Татар хэмээгч Монголын элэнцэг өвгөс нутаглан суувай. Наран шингэх зүг болбол Баяд, Басмил, Харлуг энэ гурван овог улс нутаглан суувай. Эднээс чинагшид Чиг нэрт овог улс байвай. Чиг улсын нутаг болбол эдүгээ цагийн урианхай нутаг мөн. Түүнээс чинагшид Хиргис нэртэй муж улс нутаглан авай. Уйгурын нутгаас чанх хойш гурван Хуриган хэмээгч гурван муж улс Цөхүй далайн баруун хөвөөний орчимд суун ан гөрөө хийвэй. Уйгураас урагшаа болбол, Орхон, Онги хоёр голын ойр шадар газарт Түрк нэрт муж улс нутагласан байв. Түрк, Уйгур, Харлуг, Басмил, Баяд тэргүүтэн цөм нэг угтан, нэг хэлтэн, адил ёстон байсан буй за. Эднээс Чиг Хиргис хоёр тусгай төрөлхтөн, ондоо хэлтэн байсан буй за. Гучин Татар хэмээвээс гучин анги Монгол байсан мөн. Монгол нь уг анхнаас Уйгур, Түрк тэргүүтэн лүгээ зах захалдаж нутагласан омог улс байсан боловч монголын хэл нь Хитад, хэмээгч муж улсын хэлэн лүгээ ижил шахуу байвай. Тэр цагт Хитад хэмээгч улс энэ манай цагийн дотор газрын Хятад иргэн биш, харин Сүннү улсаас салж өнөржсөн анги овогтон Зүрчид, Манж, Солон. Хамниган энэ дөрвөн улсын уг элэнцгүүд байвай. Энэ цагийн Манж хэмээдэг газар нь тэдний нутаг болой. Дотор газрын улсад тэр үед Хятад нэр хадагдаагүй, Тан улсын үед Уйгур, Түрк нь дотор газрын иргэнд Табгачи хэмээсэн нэрийг хадсан бөлгөө.

Уйгур Түрк тэргүүтэн нь Хүнн (эсвээс Сүннү) хэмээсэн муж улсын удам бөлгөө. Энэ Хүнн нэр эдүгээ цаг хүртэл, Хүнүй нэрт гол (Хүнийн гол)-д хадагдсан үлдвэй. Хүнн улс нь дотор газрын түхэнд их алдаршсан болбай. Бас наран шингэх зүгт тархаж явсан нэг анги нь түүх бичигт сүр мэт нэр алдар юугаа хоцруулсан баймуй. Үлдсэн анги улс нь Цөхүй далайн ойрадхи нутаг юугаа орхиод өмнө зүг тэмцэн нүүж, Сэлэнгийн орчимд нутаглаад Уйгур овогтон болбай. Дотор газрын түүхэнд Вэй Ху (Онг доо) эсвээс Вэй Ди хэмээгддэг муж улс эд мөн бөлгөө. Вэй Ху нь дотор газраа довтолгоон хийж, Хар мөрний ойрхи балгадыг булаагаад аваад, тэнд төр босгоод Хоу Вей төр улс болбай. Энэ хойно газраас нүүж ирсэн Вей улсын төр баригч хаадад, дотор газрын олон муж, бас хойд зүгийн олон муж улс бэлэг өргөж алба хийж байсан бөлгөө. Вэй улсын төр эвдэрсний хойно хойд зүгт хэн хэн хаан цолт болсон- нь тэр цагийн дотор газрын түүх бичигт бичигдсэн буй боловч чухам ямар нэртэн байсан нь уйгур, түрк бичиг үлдсэнгүйн тул дотор гарын бичиг хэл хоёр, уйгур монгол нэр үгийг илэрхий болгочих аргагүйн тул мэдэхэд бэрх буй. Түүнээс хойно арван анги Уйгур, есөн анги Уйгур, есөн анги Огуз (Ойрад), гучин анги Татар (Монгол), гурван ариун тугт Түрк эр, гурван анги Харлуг тэргүүтэн түүхэнд нийтгэгддэг цаг болов. Улсын тоон, малын баян хоёрыг харваас бус мужаас Уйгур улс үлэмж болбай. Түүхэнд болбаас, Уйгур Огуз хоёр нь үе үед хамт явдаг бөлгөө. Зарим цагт Уйгур тасарч дотор газраа нүүж, дотор газрын хаадад мөргөвэй. Зарим цагт нүүж явсан Уйгур ангис. хойд зүг хариу тэмцэж хуучин нутаг юугаа хүрч, Түрк лүгээ эвсэж хаадад нь мөргөж Түрүгийн албатан болж суув. Заримдаа Уйгур, Түрк хоёр хүч юүгээ нийлүүлээд, дотор газрын балгадыг эвдэж, хүн малыг хураан явж довтолгоон хийж баян болов. Ийм байсаар дотор газарт Тан улсын төр бат болов. Хойд газарт Түрүг улсын төр бат болов. Тэр үе дэх Уйгур Огуз Түрүг тэргүүтний овоолсон чулуу булш дарш, босгосон тамгат хөшөө эдүгээ цаг хүртэл Монгол нутагт энд тэнд элбэг буй. Юуны тул чулуу овоолсон буй .хэмээвээс, Уйгур, Түрүг тэргүүтэн нь үхсэн хүнийг хээр ил хаяж орхих ёсон үгүйн тул бөө хүнээр сайн газрыг шинжлүүлээд, үхсэн хүн юүгээ хүн суудаг газраас хол авч яваад ор засаж уншлага уншиж заяат хоол хүнс талбиж үхсэнийг оршуулав. Түүнээс хойно хасаг тэргээр чулуу авчирсныг дээр нь овоолов. Адаг сүүлд нь морь хонь алж хорилта хийдэг ёстон бөлгөө. Манай цагт энд тэнд байдаг хиргис үүрүүдийн уг учир тэр буй. Эдүгээ цагт хиргис үүр хэмээвээс, нарийвчлан хэлэхүйд хиргисийн үүр бус, зүгээр уйгурын үүр, түрүгийн үүр хэмээвээс дээр зохимуй. Тан улсын цагийн анханд Уйгур Түрүг хоёр нь тамга имтэй хуучин бичгийг бичин байв. Тэр бичиг бөгөөс хад чулуунд хааяа сийлснийг одоо ч энд тэнд үзэж болмуй. Тэр бичгийг гаргах хүмүүн эдүгээ цагт үл баймуй. Тэр хуучин бичгийн засан засан бөгөөтөл Тан улсын үед Уйгур Түрүг хоёр өөрсдийн хэлэнд сайн тааруулагдсан бичигтэй болов.. Тэр бичиг нь хаан түшмэд зэргийн хүний хөшөөн чулуунд сийлэгдсэн баймуй. Ийм бичигт хөшөө чулууд нь Уйгур, Түрүг, Хиргис нутагласан газруудад буй. Бус газарт огт байДаггүй. Энэ манай цагт Тэр хуучин Түрүг бичиг дахин уших арга олдсон хойно эдүгээ цаг хүртэл үлдсэн бичигт хөшөө чулууд их сонин болж гарав. Эдүгээ цагийн түүхч мэргэд, Түрүг, Уйгур хоёрын босгосон хөшөө чулуудын бичгийг уншиж, дотор газрын түүх бичиг лүгээ ялгаад, хуучин Тан улсын үед хэн хэн хаан, ямар ямар улс энд Халх Монголын нутагт суусныг илэрхий болгож чадмуй. Мэргэн эрдэмтний энэ цаг хүртэл мэдэж авсан нь энэ, зургаан зуун наядугаар онд Түрэг омог улс Тан улсын мэдлээс салан тус орон болбай. Түрэгийн төр анхлан баригч -хаан нь Эл тирис (Монгол хэлээр улсыг хураагч) хаан хэмээдэг хаан бөлгөө. Тэр хааны хамаг цэргийг ахлаж явагч түшмэл нь Тонюухуг нэртэй ноён бөлгөө. Тэр Тонюухуг түшмэлийн булсан газар бичигт хөшөө хоёр, Монголын Их Хүрээнээс зүүн тийш Налайх өртөөний ойр, Баянцогт нэртэй газарт мөн эдүгээ хуучин төлвөөрөө буй. Улс хураагч хааны хийгээд түүний дараа. хааны булсан газар эдүгээ хүртэл олдоогүй буй. Гуравдугаар хааны хийгээд түүний дүүгийн хөшөө чулууд нь Орхон голын хөвөө дэх Хөшөө Цайдам нэртэй газарт буй. Энэ гурван хаадын үед Сэлэнгийн ойр хавьд суусан уйгурууд, Түрүг хаадын мэдэлд орсон муж улс бөлгөө. Говийн урд талд нутагласан уйгур нь Тан улсын мэдэлд орж өгсөн байвай. Тан улсын албатан болсон хэсэг Уйгурын ноён хойш нүүж харьж Сэлэнгэ дэх уйгур лугаа нийлвэй. Хиосу ноёны хөвгүүн Күл-Билгэ хаан Түрүг улсаас салан Түрүг хааны цэргийг нэгэнт дийлсэн хойно долоон зууи дөчин дөрөвдүгээр онд арван муж Уйгур, есөн муж Ойрад, гучин муж Татар монголын хаан болов. Түүний хөвгүүн Бугучур нь долоон зуун дөчин зургадугаар онд Тэнгэрээс заяат төр засагч мэдэлтэй хаан хэмээсэн цолт хаан болов. Тэр хаан нь долоон зуун тавин есдүгээр он хүртэл Уйгурын орныг эзлэн суув. Тэр хааны хөшөө чулуун болбол Хануй Хүнэ хоёр голын билчирт цутгагч Могой голын эхэнд Шинэ Усан хэмээдэг газарт мөн буй. Хөшөө чулууны бичиг хэмээвээс, хааны явсан явдал, дайлсан дайн цөм тухайлж бичсэн баймуй. Бугу чур хаан долоон зуун дөчин зургадугаар онд Түрүгийн Осмис хааныг алж, хатдыг нь авч, Түрэг хаадын угийг таслав хэмээн бичигдсэн баймуй. Долоон зуун тавин нэгдүгээр онд Түрүгийн нутагт Орхон Жирмэнтү хоёрын билчирт Уйгур улсын их нийслэл хот байгуулж, төрийн өргөө, төрийн. яам хоёр байгуулагдав хэмээн бичсэн баймуй. Тэр Уйгурын нийслэл хотын үлдэл нь одоо монгол хэлээр Орхоны ойрхи эвдэрхий Хар Балгас хэмээгч буй. Уйгурын хуучин хэлээр Хаан Балиг тэр мөн. Тэр үед бас Сэлэнгийн хойд хөвөө дээр нэгэн Баян Балгас хэмээгч нэрт балгас байгуулагдав. Тэр балгасны үлдэл нь эдүгээ Байбалиг сан сүм нэрт газар буй. Анхан байгуулсан цагт Баян Балгасад Согдаг, Хитад хоёр маймаа хийж суурилав. Согдаг юун омог улс буй хэмээн асууваас, Или Тарвагатайн чанад газраас ирсэн улс байвай. Энд Согдаг хэмээвээс Уйгурын нутагт ирж маймаанаас гадна хоёр ангийн шинэ ном шашин залан дэлгэрүүлэн ирвэй. Нэгэн шашин ном нь Энэтхэгийн газраас мандаж гарсан Шагамуни Бурхан багшийн зарлиг ном, нэг нь наран шингэх зүгээс дэлгэрсэн мани хэмээдэг шашин болой. Ийм хоёр шашин Сэлэнгийн Баян Балгаснаас уйгур, монгол, ойрад тэргүүтний дунд дэлгэрэн авай. Манийн шашин одоо хаа ч үлдсэнгүй боловч монголын уул тахих, гал тайх ёсон, тэр шашнаас гарсан болоход буй. Уйгур түрүг, монгол цөм тэр цаг хүртэл хэнгэрэгтэй бөө хүмүүнийг шүтэгч улс болоод ном дэвтэр бичихийг үзсэнгүй. Тэр Бугу чур . хааны цагаас аван согдагийн багш нар Уйгурын хааны орон нутагт заларч, сүм барьж, шашин ном юугаан дэлгэрүүлж суурьшив. Түүнээс гадна тэд бас уйгур залууст согдаг бичгээр бичихийг сургавай. Уйгур хүмүүнүүд нь согдаг бичиг үсгийг сураад, хөшөө чулуунд сийлж бичдэг хуучин бичгээ орхиод шашны ном судрыг согдаг бичгээр уйгур хэлэнд орчуулвай. Согдаг хэлэн болбаас эвдэрхий Хар Балгасанд нэгэн их хавтгай чулууны нэгэн талд эдүгээ мөн бичигдсэн хэдэн согдаг үгс буй. Түүнээс бус газарт энэ огт байхгүй болсон, согдаг нэрт омог улсын бичиг хэлэн хоёр ховор, уйгур нь согдагийн үсгээр бичихүйг сурсан хойно бас монголд багш болж тэр бичгээ монгол хүнд сургавай. Монгол бичгийн уг анхан тэр. Чингис хааны яамны бичээч нар дунд монгол хүмүүнээс гадна бас уйгур бичээч нар монголоор бичиг бичив хэмээн хуучин түүхэнд бичигдсэн буй. Уйгур, согдаг хоёр өөр өөрийн нэн эвтэй байсны тул, зүүн хойноос татар монгол өшөөтэй нүүж ирсний тул Уйгур улс хэсэг хэсгээр нүүж Или Тарвагатайн орчимд, Эрээн Хавиргын ар өвөр хоёроор нутаглав. Тэнд хүрсэн уйгурууд нь шарын шажинтан бөгөөд тэндээс нутагтаа бурхадын сүмэс,

хүмүүний байшин барьж суурьшиж, тариа тарьдаг улс болов. Сэлэнгэ, Орхоны орчимд үлдсэн уйгур нь найман зуун дөчдүгээр онд баруун хойно нутагтай Хиргисийн довтолгоонд алагдан талагдаад цөөхөн болсноос гадна ноёд ч үгүй хоцорвой. Хойд уйгурын ноёдын уг тасарсан энэ. Орхоны Хар Балгас эвдэрхий болсон энэ. Олон үзэмжит бичигт хөшөө чулууны хамхархай болсон учир энэ. Хиргис улс нь бичиг ч үгүй, шашин ч үгүй мунхаг улс байсны тул Хиргисийн хаадын нэр бичигдсэн газар нэг ч үгүй. Босгосон сайхан сүм суварга ч үгүй. Харин Уйгурын байгуулсан сүмийг эвдэн, сүмэст хураагдсан ном судрыг түймэрдүүлээд явсан улс бөлгөө. Эрээн Хавиргын орчим дахь уйгурын байгуулсан сүм, суварга эдүгээ манай цаг хүртэл үлдсэн буй. Үлдсэн буй хэмээн сонсдохуйд Дани улсын хэдэн эрдэмтэн шинэхэн тэнд морилоод даяанч суусан хуучин агуй дртор малтаад бурхны хөрөг, шарын шашны ном судар, шастируудыг тоолшгүй олныг ил гаргавай. Ил гаргасан хуучин ном судрууд нь олонхи нь уйгур бичигт уйгур хэлт бөгөөд тэр хуучин цагийн уйгурын хэл ч дахин танигдан сурагдах болов. Нэгэн мянган жил газрын шороогоор дарагдаж байсан номын энэ цагийн эрдэмтэн ихээр сонирхож гайхаж үзэх болов. Уйгурын явдал байдал цөм ил гарсан энэ сонин биш үү. Уйгур улс тархаж түгсэн болов. Зарим нь монгол лугаа холилдож эдүгээ цагийн Монголын дундах урианхай ястан болбай. Зарим нь урагшаа нүүж хотон хуйхуу лугаа холилдож хэлээ мартаад ондоон хэлтэн болбай. Бага хэсэг анги нь шар уйгур нэртэн болж одоо цаг хүртэл Шар мөрний тэнд Алшааны чанад уулт газарт уйгур хэлээр хэлэлцмүй. Монгол нь уйгураас сурч авсан их юм буй. Шашин, бичиг хоёроос гадна хэдэн хэдэн зуун үгс сурвай. Ямар үгс хэмээн асууваас, бурхан шашин, судар, мутар, бирд, эрдэнэ, шүлэг, бадаг тэргүүтэн цаглашгүй олон үгс согдаг, уйгур хоёроор дамжиж энэтхэгийн хэлнээс монгол хэлэнд оролцов. Ном, дэвтэр, убсанз, чавганц, наминчлах. цахар тэргүүтэн үгс согдаг хэлнээс ирвэй. Сүм, суварга, бэлгэ, билиг хөрөг, эрдэм, аяга тахимлаг тэргүүтэн тоолшгүй олон бичиг билгийн үг уйгур хэлнээс ирсэн буй. Бурхан багшийн зарлиг шашин уйгурын мэргэдээр дамжиж Монголд анх мандаж байх цагт Түвдийн нутаг шашин үгүй хар дээрэмчин нарын нутаг байвай. Хуучин монгол хэлэнд түвд үгс хүрсэнгүйн учир тэр Хубилай сэцэн хааны үед Түвдийн Пагба лам уйгур монгол бичгийг халж түвд үгийг засаж монгол хэлийг бичих дөрвөлжин хэмээдэг үсгийг зохиовой. Хубилай сэцэн хаан тэр дөрвөлжин үсгийг үлэмж таалсан боловч, монгол бичиг бичдэг хүмүүнүүд уйгураас анхан сурсан бичиг үсгийг бичихэд хялбарын тул тэр хуучин бичиг юүгээн эдүгээ хүртэл бичдэг буй. Эрээн Хавиргын орчимд нутаг олсон уйгур нь Чингис хааны үеэс Даян хааны үе хүртэл Монголыг итгэлтэйгээр дагаж, хүрээ хороо газар сууж, дайнд мордох эр чадалгүй болбай. Баруун зүгээс дайчилж ирсэн Сартуулд дийлэгдээд, адаг сүүлд нь эдний цагаан малгайтан хэмээдэг тэрс шашны шавь нар болбай. Уйгур хэл нь бас солбицовой. Уйгур анхан суусан газар хэмээх Хятадын боол болох дор Хуйхуу хэмээдэг газар муж хоёр тэд болбай. Зарим нь хуучин шашин юугаан орхилгүй хуучин хэл, ном хоёр юугаа сахиж, зүүн тийш нүүж Хөх нуурын баруун хойд тал дахь Наншан уулын тэнд нутаглав. Энэ хэсэг уйгурт эдүгээ манай цагт шар уйгур (шара юугур) хэмээсэн нэр хадсан буй. Эдний нэгэн хагасаас илүү монгол хэлтэн болж баганхи нь хятад болох янзтай баймуй. Энэ шар уйгур хэмээдэг цөөхөн муж улс нь их алдраар цуурсан, хуучин цаг түүх ёс мартсан мунхаг улс буй. Ингэж байсаар байтал эрт цагийн эрдэм ихт Уйгур улсаас ганцхан хоосон нэр нь үлдэх цаг ойр болбай. Тийн гэвч уйгур үр үгүй өнгөрсөн биш, үр нь монгол бичигт монгол хэлэнд Монгол улсын түүхэнд илэрхий буй.

Оросын Их оронд багтсан Финланд нутгийн дээд сургуулийн багш Рамстедт бичвэй.
Кирилл бичигт буулгасан ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дэд ажилтан У.ЭРДЭНЭБАТ

Эх сурвалж: http://buryat-mongolia.info/

Кластерын тухай хэдэн зүйл


Нэг зүйл:
Үйлдвэрлэгчдийг байнга шинэ арга барил, шинэ бүтээгдэхүүн, шинэ менежментийн системийг нэвтрүүлэх, шинэ зах зээл амжилттай нээх нь тогтвортой найдвартай өрсөлдөх чадварыг бий болгодог. Үүнийг маш уян хатан, мэдлэгт суурилсан, зах зээлээ сайн мэдэрдэг, өөрчлөгдөх чадвар бүхий бас тодорхой хэмжээний хөрөнгөтэй үйлдвэрлэгч л хэрэгжүүлж чадах нь ойлгомжтой. Гэвч эн бүхнийг хийж чаддаг ховор байдгаас гадна салбар бүрт тэргүүний байх маш өндөр өртөгтэй байдаг билээ. Нөгөө талаар үйлдвэрлэгчдэд даяарчлал нь хөдөлмөрийн шинэ хуваарилалтыг шаардах болж эдийн засгийн өрсөлдөөнийг улам нэмэгдүүлж байна. Тиймээс үйлдвэрлэгчид дан ганцаар үйл ажиллагаагаа амжилттай явуулах нь улам бүр бэрхшээлтэй болж бусад үйлдвэрлэгчидтэй хамтран хөдөлмөрлөх болсон байна.
Нэг зүйл:
1990-ээд оны эхээр Михаел пүртер улс үндэстний өрсөлдөөний давуу тал" нэртэй ном хэвлэгдэн гарснаар "Кластерын үзэл баримтлал" Европ тивд хэрэгжиж эхэлснээр өнөөгийн эдийн засгийн бодлогын томоохон хэрэгсэл болох болсон байна.
Нэг зүйл:
Адил төстэй үйлдвэрлэл, үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын нэгдэл хамтын ажиллагааг кластер гэж тодорхойлж болно. Гэхдээ тэр нэгдэл, хамтын ажиллагаа нь дараах нэгдэлүүдийг хэлдэг байна. Үүнд:
1. Тэргүүлэх байр суурьтай, өндөр технологид суурилсан, олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулдаг нэгдэл
2. Хангамжийн эсвэл зах зээлд чиглэсэн зорилго бүхий жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн хамтын ажиллагаа
3. Шинэ санаа, мэдлэгт суурилаж нэвтрүүлсэн эрдэм шинжилгээ судалгааны байгууллагуудын нэгдэл зэргийг ерөнхийд нь нэрлэж байгаа юм.

Sunday, April 3, 2011

Хэзээ нэгэн цагт чи намайг санавал залгаарай би очъе


Зохиогчийн мэдэхгүй ч аятайхан шүлэгүүд байхаар нь орууллаа.

Ариухан сэтгэлд чинь хөнгөн гуниг төрвөл би нимэглэж өгье
Хархан нүднээс чинь сувдан нулимс дусвал хэлээрэй би арчиж өгье
Сайхан сэтгэлд чинь сэв суувал мессэж бичээрэй би аргадий
Хэзээ нэгэн цагт чи намайг санавал залгаарай би очъе

Friday, March 18, 2011

Цэргийн дуу

Миний үеийн цэргийн алба хаасан эрчүүдийн дуулах дуртай дууны нэгэн байлаа. Хаврын уйтай өдрүүдэд казаремдаа энэ дууг мөн ч их дуулж суусан даа. Монголынхоо бvх эрчvvдэд Монгол цэргийн баярын мэнд хvргэе.

Saturday, March 12, 2011

Ригдэн Дагвын шашин дэлгэрэх нь


Өлзийт хэмээгдэх 22-р жарны гал хонин жил Ригдэн Дагва Хорложан бээр Шамбалын ширээнд оршиод, хаан төр шашиныг хөгжүүлэн дэлгэрүүлж, урьдуудаас ч үлэмж болсоноор бурхан багш лугаа ялгалгүй элдэв зохиолыг зохиож бас их цэрэг сэлт их заан ,хөлөг тэрэг ба их баатар тэргүүтэн элдэв зэвсэг санаанд багташгүйгээр их хилэнцэт лал нарыг дарах бэлтгэлийг хураан үйлдэнэ. Манзүширийн хувилгаан Ригдэн Дагвын урьд цагт ерөөл талбисаны хүчээр би тэргүүтэн эх болсон амьтан бүхэн хэн болгоныг айлдалаар болгоогоод нигүүлсэлээр барин соёрох. Асархуй нигүүлсэхүйгээр авраад хүч чадлаар гэтэлгэн зохио.
Үүний үед Маха оронд Асурын Хувилгаан Лалын хаан болж Замба тивийн хагас нь лалын эрхэнд орно. Сүм хийд олныг эвдэн сүйдлэнэ. Гэмгүй олон амьтаныг хорлож хөнөөн үйлдэнэ. Үйлийн үрийг басамжилаж, чухал дээдийг хорлолтой хэмээн их хилэнцийг үйлдэх лалын номын ёс нь шуламс лугаа адил болой. Эдгээрүүдийг нь Их тайлбараас мэдэж үйлдээрэй. Маха орон хэмээгдэхийг нь Хайдав Богд бээр буруу оронд номлосон. Түган Дармабазар ба Жигмэдванбу нугууд нь энэтхэгийн баруун зүгт буй хэмээн номлосон . Ванчин Балдан Иш бээр Хүнхүрва ч оросын оронд номлосон номлох ёс адилгүй буй.
Ригдэн Дагва дээр замба тив үүнд заларснаар лалуудыг дарснаар шашиныг дэлгэрүүлэхийн цагт хар зурхай, цагаан зурхай, тооны зурхай цүр ёсны зурхай, пүг ёсны зурхай тэргүүний зурхайн ёс урьд хожид гараагүй адилгүй олон гарна.
Их мэргэдүүдийн номлох ёс ч урьд хожид адилгүй гарахын учир шалтгааныг амьтадуудын санааны байдал элдэв ба түүний эрхээр үйлийн байдал элдэв түүний эрхээр үзэгдэх ёс хувь дээд доод адилгүй элдэв гарах тул чадагчийн эрхэт бурхан ялж төгс нөхцсөн бээр ч шавьд номыг үзүүлэхүйд өөр өөрийн үзэгдэх ёс ба хувь дээд доод дунд гуравт өөр өөрийн хувь лугаа таарсан ном адилгүй элдэвийг зарлигласаны учир шалтгаанаар зурхайн ёс ба номлох ёс адилгүй гарна хэмээсэн.
Бид нарын тойм үгэн дамжлаг мэтэд 16-р жарны гал хонин жил Ригдэн Үл хоригдогч Шамбалын ширээнд сууснааар зуун жил оршино. Түүнчлэн Хүмүүний арслан, Их эрх баялагт, Хязгаарүй, Тийн ялгуусан нугаад зуу, зуун жил Шамбалын Хаан ширээнд сууна.

Хайдав ба Туган Дармабазар хоёрын номлох ёсыг нийлүүлснээр номлож үйлдвэл:

22-р жарны гал хонин жил Ригдэн Дагва Шамбалын ширээнд суусанаар нас тавин жил илүү төдий таалах цагт лалын шашин сүүл төгсөх шахамд Ригдан Дагво бээр Замба тив үүнд заларснаар лалуудыг дарж шашиныг дэлгэрүүлэн зохионо.
Манзүрширийн хувилгаан Ригдэн Дагва бээр их баатар цэргийн чуулган их заан, чулуун морьд тэргүүтэн хувилгаан цэргийн чуулган сэтгэшгүйгээр сүр хүчит нөхөр лүгээ сэлттэй заларч Сэда мөрний захад Лал хийгээд Ригдэнгийн цэргийн чуулган нөхөр сэлтүүд байлдан хилэнцэт Лал бүхэнийг амь биеийг товорголон сүнсийг нь дээш татан зохионо. Сэда мөрөн хэмээгдэх нь Шамбалын урд зүгт Энэтхэгээс хойд зүгт цагаан өнгийн хөөст их мөрөн хэмээн “Цагийн хүрдний их тайлбарт” номлосон буй.
Ванчин Балдан Иш бээр Сэда мөрнийг биеийг чулуу болгон мөрөн болой хэмээсэнийг би сонссон болой хэмээн Шамбалын мөрийн бичигт номлосон буй.
Их хүч чадалт Ригдэн Дагва та урьд цагт ерөөл хэмжээлшгүйг талбисаны хүчээр би хийгээд эх болсон амьтан алин болохыг айлдлаар болгоож нигүүлсэлээр барин соёрох. Асрахуй нигүүлсэхүйгээр авран хүч чадлаар гэтэлгэн зохио.
Шагжатүвийн шашинд хоёр зэрэг дэлгэрэлт гарах бөгөөд анхдугаар зэргийн бурханы шашин нь таван мянган жилийн хязгаартайг судрын аймаг сайн хувьтаас номлосон.
Шагжатүвийн хоёрдугаар зэргийн шашины орших хэмжээг нь хорин мянган жил оршихыг “Цагийн хүрдний их тайлбар”-т номлосон. Ригдэн Дагва бээр дэлгэрүүлэх хоёрдугаар зэргийн чадагчийн шашин нь дөрвөн тив нэжгээд нэжгээдэд тав таван мянган жилд дэлгэрэн зохиох бөгөөд нийлүүлбээс хорин мянган жил орших болой. Ригдэн Дагвын шашин нь Шагжатүвийн шашинаас тусгаар үгүй бөгөөд Шагжатүвийн шашин ч дахин сэргэлт нь ч тэр болой.Их дэлгэрэлт ч болой. Дөрвөн тив нэжгээд нэгжээдэд нэг наснаа бурхан болох нь тоолшгүй гарна. Бүтээлийг олсон ч тоолшгүй гарна. Дөрвөн тив нэжгээд нэжгээдэд замбу тив лүгээ адилын гайхамшиг гарах төгс цаг ургах болой.

Ригдэн Дагвын шашин дэлгэрэх ёс нь:

Нарны гэрлийн сүр жавхлант төгс туяа Шагжатүвтэй ялгалгүй Ригдэн Дагва Цагийн хүрдэн Очирдар Шагжавтүвийн шашинг ч дахин сэргээн дэлгэрүүлэх нь: Урьд тив, баруун тив, хойт тив, зүүн тивд зэргэмжчилин наран ургах адил дэлгэрнэ. Цог төгс цагийн хүрдэний шашинд дэлгэрээд Шагжаан шашин бүхэн ай ихэд гайхамшигтайгаар хөгжин дэлгэрсэнээр их хөлөгний шашин голлон дэлгэрэх бөгөөд Нууцын хураангуй тэргүүтэн Дээр үгүй үндэсний онолын шашин өгүүлшгүй сэтгэшгүйгээр дэлгэрэх болно.
Ялгамжтайд: Цагийн хүрдэний шашин нь эзний ёсоор дэлгэрэх болоод чухаг дээд гурвын үнэний адистэд ба номын чанар урвалтгүйн үнэний хүчээр миний гурван цагт хураасан буян асар ариун ерөөлийн шүтэн барилдлагын хүчээр ерөнхийдээ би хийгээд эх болсон амьтан алин болгон Ригдэн Дагвагын шашинтай магад учирсанаар хувь төгс шавь нь болох болтугай. Анхдугаар зэргийн Шагжаан шашинд сонсох, санах, бясалгах тэргүүтэн авьяас агуулсан ба үзсэн сонсон дурдсан хүрэлцсэн бүхэн миний хүчир аргын сайн ерөөлийн хүчээр Ригдэн дагвагын тааламж ерөөл ба хоёр ерөөлийн их хүчид одож хоёрдугаар зэргийн Шагжаан шашинд магадтай учирсанаар хувь төгс шавь нь болох болтугай.

Saturday, March 5, 2011

Шамбалын орны байгуулалт




Нууцын эзэн Очирваанийн орон бөгөөд гайхамшигт ариун орон Шамбала орны байгуулалт нь доод суурь газрын эн тэгш дугираг хүрээлсэн 8 дэлбээт лянхуан цэцгийн байдалтай хэлбэртэй буй. Төвийн захаар цаст уулаар хүрээлсэн найман дэлбээтэй захаар хоёр цаст уулаар хүрээлсэн хоёрдугаар зэрэг ч цаст уулаар хүрээлсэн буй. Уулын оргил бүгд мөнх цастай. Түүний завсарт сүрлэг хад асгат уул зүлэгт уул ой шугуйт уул, үнэрт модот уул, элдэв цэцэгт жимс мод, зүлэг ширэгийн цэцэрлэг хэмжээлшгүй буй. Зүүн захаас баруун зах хүртэл гурван мянган бээрийн хэмжээтэй төвийн газрын эн нэг мянган бээр гаднын Цаст уулаар хүрээлсэний дотроос цаст уул хүртэл мянга мянган бээрийн хэмжээтэй буй. Голд тийн ялгуусан ордон сүр жавхлантай Ригдэн хааны голын ордон Галава эрдэнээс бүтсэн арван хоёр бээр хэмжээтэй шөнийн цагт наран ургах лугаа адилын гэрэлтэй ордон түүний хойд эргэн тойронд Живаа дагина боолын ёсонд амьдарч буй. Урд зүгийн Маная цэцэрлэгт ууланд Даваасамбуу хаан бээр босгосон дөрвөн зуун арван хоёр тохой лагшин зарлиг таалалын огоот төгс хот мандал үзсэн даруй дээд шидийг олохын үрийг өгөгч эрдэнээс бүтсэн “Цагийн хүрдний хот мандал” буй. Хойд зүгийн эрдэнийн болор адил Хадат ууланд харваас үзэсгэлэнт гайхамшигтай.Үүнд: Зөөлөн Эгшигт Манзшури, Мэлмийгээр болгоогч Жанрайсиг Очирваань, Хутагт Дарь эх, Дагинасууд арав арван мянган бодь садуудаар хүрээлүүлэн оршсон. Тэдгээрүүдэд долоон гишүүн ба гадаад, дотоод нууц, хоосон чанар тэргүүтэн тахил бүхэнээр би бээр тахих болтугай. Ордон түүний зүүн зүгт Цэнгэлийн далай Шинийн саран мэт арван хоёр бээр. Баруунаа лянхуа их далай нь хагас саран мэт 12 бээр буй. Хоёр их далайд цагаан лянхуа Цэцэг удвал тэргүүтнээр бүрхэгдсэн. Эрдэнэ бүтээгч хүн, тэнгэр, лус тэргүүтэн баясан цэнгэлдэн оршсонд “Би” бээр хамт нөхөрлөн цэнгэх болтугай. Найман дэлбээний завсарт рашаан ус ой цэцэрлэг бүрдсэн нь цаст уулаар ялгараад лянхуа нэжгээд нэжгээд тус бүрт живаа тоот хот буй. Арван хоёр арван хоёр буй хот тэр нэг живаа есөн зуун ерэн зургаан хот буй. Хот тус бүрд бага хаан тус бүр бүгдийг нийлбүүлбээс номын хаан нэг живаа 96 буй. Нэг хаан бээр буман хотыг эрхшээдэг болой. Номын хаан бүгд шашин төрийг хослуулан дэлгэрүүлж үйлдснээр амьтаны тус бүхнийг зохиодог. Элдэв зохиол нь бурхан адил бөгөөд бүгдээрээ бурханы хувилгаан тул намайг болон амьтан алин болгоныг айлдлаар болгоож нигүүлсэнээр барин соёрхох. Бурхан Шагжаан чадагчийн Шашин бүхэн хөгжин дэлгэрч ялгамжаатай Цагийн хүрдэн ба дээр үгүй үндэсний аймгийн шашин ихээс ихэд дэлгэрч бас хоёрдугаар ялгуусан Лувсандагва эцэг хөвгүүдийн судар тарнийн шашин нь Ригдэн нугуудын үйл ялгамжтай тул замба тив үүнд үлэмж дэлгэрээд бид нар сонсох, санах, бясалгах тэргүүтэн шашинд авьяас агуулсан буянаар шашинд авьяас агуулсан буянаар шашин үүнд оршсноор гурван сургаалыг анхааран авсанаар эрдмийн эцэст хүрэх болтугай. Шамбалын сав шим сайн чуулганууд ариусаагүй үзэгдэлийн талд тэр мэт үзэгдэвч ариун үзэгдлийн талд олшгүй ордон бөгөөд гадаад цаст уулаар дугираглан хүрээлсэн нь Очир их эрсийн дугираг хүрээ бэлэгдсэн буй. Лянхуан дэлбээт байдалтай буй нь олшгүй ордоны элдэв лянхийг бэлгэдсэн буй. Дотрох цаст уулаар үзэсгэлэнтэй хүрээлсэн нь хот мандалын давхарлага эрдэнэ хүрээлснийг бэлгэдсэн. Шамбалын Ригдэн хаан нь хот мандлын язгуур зургаа дахь Очирдарь лингийн дөрвөн зүг завсар наймны хаан нь хот мандалын дөрвөн зүг завсарын бурхадыг бэлэгдсэн буй. Хот мандалыг дурдсанаар ариун үзэгдэл ургуул ургах аваас түргэнээ бурхан болохын аргын дээд мөн. Орон үүнд төрөх бодьгал алин ч ерөөлийн эрхээр төрөл авдаг болой. Үүнээс бусад үйл нисваанисны эрхээр төрөл авах нь ашдаас үгүй болой. Тийм учраас орон үүнд төрөхийг хүссэн бодьгал хэн ч чуулганыг хурааж хилэнцийг ариусган ерөөлд шамдах нь зохистой. Би бээр гурван цагын буяны чуулган хэдий буйн хүчээр эх болсон амьтадын тусад орон үүнд төрөөд сав шим бүгдийг амгалан хоосон ч тийн цэнгэлд алин үзэгдсэнг бурханы хүрдэнд ургуулах болтугай.