Thursday, October 28, 2010

Монгол цуур


Баруун аймгуудаар явж байхад Монгол цуурийг хөгжүүлэх гэж байгаа нэгэн залуутай таарлаа. Үнэндээ тэр залуугаар бахархах сэтгэгдэл төрж байлаа.

Saturday, October 9, 2010

Бөөгийн талаарх зарим баримтууд


Баримт № 17
Тухайн гэр бүлийн /нөхөр,эхнэрийн аль нь ч байж болно/ хүний эцэг өвгөдийн сүлд сахиус, тэнгэрүүдийг нь бөө хүн шившин амилуулж өгөхийг онгод босгох ёс гэдэг гэнэ. Тэр айл нь бөө ч байж болон эсвэл бөө биш ч байж болдог гэнэ. Нөгөө талаар янз бүрийн өнгө хэмжээ бүхий даавуунууд болон эсгий, цэмбэ зэрэг мал амьтны гаралтай зүйлсийг ёс журмын дагуу оёж, шидээслээд бөө хүн шившин амилуулахыг онгод амилах ёс ч гэж үздэг байна.

Баримт № 18
Өвөг дээдсийнхэн хүчирхэгжсэн эрчим хүч, байгаль дэлхий дээрх эрчим хүчний нэгдлийг онгод гэж тодорхойлж болно.Эрдэмтэн О.Пүрэв онгодыг хий ухаар юмс гэж нэрлэдэг гэжээ.

Баримт № 19
Бөөд онго орох бүрийд бөө ухаан алдан унадаг байна. Учир нь онгод орох бүрт өөрийн оюун ухаан түр зуур алддагттай холбон тайлбарладаг. Бөө хүн өөрийн ухаан түр зуур алга болж өөр сэтгэхүйгээр сэтгэж өөрийн дуу хоолойгоор хүмүүст өнгөрсөн, одоо, ирээдүйн талаар хүүрнэж айлтгахыг бөөд онгод орлоо гэж үздэг.

Баримт № 20
Онгод нь хүмүүст харагдах биегүй, үзэгдэх хэлбэргүй үл үзэгдэгч боловч жинтэй хатуу зүйл байдаг гэж бөө нар үздэг. Гэхдээ онгод нь тодорхой газар, орон зайнд байртай байдаг ба үргэлж хөдлөгөөнд оршдог гэнэ. Түүнийг бөөгийн ёсоор онгодын гүйдэл гэдэг ажээ.

Баримт № 21
Онгод нь бөө хүнийг нэгэнт эзэмдэн нөхцсөн учраас байнгын холбоотой байж, бөөг мэдээлэлээр хангадаг байна. Өөрөөр хэлбэл тэр бөөг тойрсон эрчим хүчний нэг урсгал энерги бий болдог гэсэн үг. Тиймээс их сайн бөө хүн бөөлөлгүйгээр тухайн хүний асуудлыг шууд оношлон шийдвэрлэж өгдөг байна.

Friday, October 8, 2010

Нэгэн дурсамж


Өнөөдөр нэтээр тэнэж явтал заставын хүүхдүүд гэсэн зургийг хараад сэтгэл миний нэгэн түүхийг хүүрнэхэд хүргэлээ. Миний хүүхэд нас алс холын баруун хязгаарын нэгэн буйдхан заставт өнгөрсөн билээ. Би хүн болж ухаан орох үед миний хажууд цэрэг эрс, заставын хэдхэн бор байшингууд байсныг их тод санадаг юм. Их уйтгартай. Хот хүрээ гэдэг газар ямархуу байдаг бол хорвоо дэлхий хаана төгсдөг бол гээд хүүхдийн гэнэн бодол одоо ч хүртэл сэтгэлийн минь гүнд хадгалаастай байдаг. Тэнгэр ширтээд голын боргио сонсоод дүүтэйгээ элдэвийн мөрөөдөн хэвтэх хамгийн жаргалтай мөчүүдийн нэг байж дээ. Тэгэхэд би бараг 5 нас хүрч байсан. Зуны нэгэн бороотой үдэш дүү бид 2 ид нойрондоо дугжирч байтал ээж минь "Хүүхдүүдээ сэрээрэй" гэж биднийг босгоод хувцаслалаа. Ээж дүү бид 2-г хувцаслаж байхад цонхоор цахилгаан цахиж энд тэндгүй тэнгэр дугарсан их бороотой орсон шөнө байсныг тодхон санадаг юм. Тэр шөнө аав, заставын дарга эзгүй,ээж дүү бид хэдээс гадна шинэ 10 гаруй цэрэг байсан байх. Харуулын дарга ээжид заставын гаднах окопоор хүн яваад байх шиг байна цагийн байдал зарлаж застав түгшүүр зарлаж л дээ. Ээж биднийг хувцаслаад цэргүүдтэйгээ зөвлөлдөөд бүхэл шөнөжигөө тэр окопуудаар явсан юм. Бороо ч хувингаар цутгасан юм шиг орж, дүү бид 2 заставын даргын өрөөнд тэр үеийн тасгийн пулемётын хажууд цонх руу ширтээд сууж байснаа нэг мэдэхэд унтацгаасан байлаа. Гэтэл үүрээр шиг санагддаг юм лав л гэгээ орсон байсан. Ээжийн "Зогс буудлаа" гэсэн хүчтэй дуунаар дүү бид 2 давхийн сэртэл ээж нөгөө тасгийн пулемётыг буудахад бэлэн болгочихсон урд талд бага түрүүч хөдөлж чадахгүй мэгдэчихсэн зогсож байлаа. Хожим сонсох нээ тэр шөнө хүчтэй дуу цахилгаантай борооноор янгир ямаа уулнаас буухдаа чулуу унагааж тэр нь их чимээ гаргаж бас дээрээс нь заставын зэрлэгшсэн 2 муур окопоор нэг гүйлдсэнийг /тэр үед цаг хэцүү байж дээ/ шинэ цэргүүд гадны тагнуул, халдлага гэж ойлгон шөнөжин харуул хамгаалалтаа чангатгаж окопоо нэгжсэн юм байна лээ. Бас ээж шөнөжин цэргүүдтэй окопоор явж, харуулд гарч ядарсандаа түр дугхийтэл тэр бага дарга орж ирээд золтой буудчихаагүй юм гэсэн. 70-д оны хилийн заставын амьдрал нэг иймэрхүү үргэлжилдэг байлаа.

ДОХ-ын эсрэг богино хэмжээний кино



Их хөөрхөн кино байна лээ. Сонирхож үзээрэй.

Монголчуудын могойны талаарх ойлголтууд


Эерэг ойлголтууд
Цагаан могой гэрт орж ирвэл тэр айл хүүхэдтэй болдог гэдэг. Харин хүний дээлний энгэр дагаж (өвөрт орох байдлаар)могой зам хөндлөн гарвал тэр хүн олз омогтой, ажил үйлс нь бүтэмжтэй байна гэж үздэг. Хэрэв хүн могойн чуулгатай таарвал баяжидаг гэж үздэг ба тэрхүү чуулгатай тааралдсан хүн дээлийнхээ хормойгоо дэвсэх юм уу гуталаа тайлж орхидог ёстой ажээ. Бас могойн эвэр тахивал баяжна гэж хэлэлцдэг.

Сөрөг ойлголтууд
Гэрт хар эсвэл хар эрээн могой орж ирвэл тэр айлд гай барьцад тохиох гэж үздэг бөгөөд могойг энэ тохиолдолд алж болдоггүй юм байна. Могойг алахаар бол морь малаар гишгүүлж алдаг гэнэ. Гэхдээ хүний дээлний энгэр зөрж (өврөөс гарах байдлаар)гарсан могойг заавал алах ёстой. Мөн могойтой нутагт могой үзэгдэхгүй хэдэн жил болох юм бол муу байдаг. Мөн гэрт могой эвхэрсэн байвал муу ёртой гэж үздэг байна.

Могойтой холбоотой ёс

Монголчууд гэрт орсон могойг гадагш гаргахдаа могойн толгойн дээр сүү тусааж галын хайчаар шилэн хүзүүнээс нь хавчиж гаргадаг байна.

Thursday, September 23, 2010

Сартуулын тухай зарим баримтууд


Баримт №1
Сартуулуудын гол шүтээн нь “ БАНДАНЛХАМ ” бурхан бөгөөд үе дамжин сүсэглэн залбирч шүтсэн хэний ч болов мөрөн дээр ариун дагшин заларч ямар ч үед хүссэн цагт нь тусалж байдаг гэж хэлэлцэдэг байна.

Баримт №2
Европчууд Чанад, Согбу, Согд, Сартаул нь Хүннүгийн хойч үе Телегийн олон аймгуудын нэг хэмээн хүлээн зөвшөөрдөг

Баримт №3
Уйгаржин Монгол бичиг Уйгар, Согд “Сартуулаар” дамжин дэлгэрсэн гэж үздэг бөгөөд мөн Буддын шашин ч гэсэн тэд нараар дамжин дэлгэрсэн гэж үзэх талтай.

Баримт №4
Сартуулууд нь үеийн үед Монгол улсынхаа төрийн тусгаар тогтнолын төлөө тэмцэж явж ирсэн юм. Жишээ нь: Чингис хаан дундад Азийг байлдан эзлэхэд Сартуул Хасан \Асан\ элч ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байдаг. Мөн Батмөнх даян хаааны үед Сартуул Асан сайд зөвлөх байв. 18-р зуунд Манжийн эсрэг эрх чөлөөний тэмцэлд Сартуул хошууны захирагч ноён Цэдэнжав, Хотгойдын шадар ван Чингүнжав нар рүч хавсран тэмцсэний учир цаазаар хөнөөгдөж байжээ.

Баримт №5
Сартуулчуудаас эртнээс нааш өдийг хүртэл Монгол хаадын дэргэд мэргэн сайд, түшмэд, баатар жанжид, шашинт төрийн үед гэгээнт лам, хуварга хувилгаад,шинэ төрийн Ерөнхийлөгч, сайд, төрийн түшээд олноор төрөн гарч Монгол улсын тусгаар тогтнол, төр төвшитгөх, хөгжил дэвшил, соёл боловсрол, аюулгүй байдалд үнэнчээр зүтгэж нийгэмдээ хүчээ өгсөөр ирсэн суу билэгтүүд олноор төрөн гарсан юм. Өөрөөр хэлбэл Сартуулууд 6000 жилийн тэртээх Сартагтай баатараас эхлэн Чингис, Өгөөдэй хааны үеийн элч төлөөлөгч Асан, Батмөнх даян хааны үед Баянтай Ахлуху, Сартаул Асан сайд, Далдан хөндлөн, Саран ахай, Билэгт хутагт Равдандорж, Хамба хувилгаан Лувсандамбийжанцан, Сэцэн бэйс Жалцангомбоцэдэн, анхны 4 генералын нэг Д.Дамдинхүү, анхны 2 Ерөнхийлөгч П.Очирбат, Н. Багабанди нар, соёл урлагын нэрт зүтгэлтэн Л.Ванган, Ч.Лодойдамба, уран нугараач Норовсамбуу, Хөдөлмөрийн баатар Ц.Намхайнямбуу, Төрийн зүтгэлтэн Ц.Дүгэрсүрэн, Анхны мөнгөн тэмдэгт нэгтийн дэвсгэртэд нууцаар арслан оруулан зурсан уран Минжүүр зэрэг хүмүүсээр Монголын түүхийг бүтээлцсэн гэж хэлж болно.

Saturday, September 18, 2010

Сартуулын гарал үүслийн талаархи зарим баримтууд


Монголын түүхийн ном сударт дөрвөн өнгө улс, таван харь гүрэн гэж тэмдэглэн үлдээсэн байдаг . Тэрхүү 4 өнгө улсад нь Хар хятад, Хөх монгол, Шар сартуул, Улаан тангад хамааруулдаг байсан байна. Үүнээс үүдээд Сартуул иргэд нь улсын доторхи ястан угсаатан уу? Үндэстэн үү? Биеэ даасан улс уу? Эсвэл харь улсаас ирж суурьшсан иргэд үү? Нэг бол Их Монгол нутагтаа идээшин суусан Халхын нэгэн угсаатан уу? гэсэн асуултууд урган гарч ирж байна. Учир нь үеийн үед Монгол нутагт оршин амьдарч үндэстэнүүдийн түүх соёлын сурвалж бичгүүдэд Сартуулын угсааг гаралыг тэмдэглэн үлдээсэн баримт бичиг ховор байдаг бөгөөд түүхч эрдэмтэд өөр өөрсдийн үзэл бодлоор цухас судлан тэмдэглэсэн байдаг билээ. Тиймээс энэ асуултанд хариулахын тулд Сартуулын талаарх мэдээ баримтуудыг та бүхэнд толилуулъя.

Баримт №1

Эрдэмтэн Д.Баярсайхан “...Сартуул хошуу Чингис хаан 1219-1225 оны хооронд тэр үеийн Хорезмын шахт улс буюу сартуул иргэнийг дайлах явцдаа Ургенч, Бухар хотын иргэдээс голчлон бүрдсэн 100000 гаруй иргэнийг олзлон Хархорум зэрэг хотуудыг бариулахдаа ашиглаж байгаад 1250-аад оны үед одоогийн Завхан аймгийн нутаг Завхан голын орчим байсан Чингай балгасны орчим нутаглуулан баруун гарын их Чансан Чингайд захируулснаар Сартуул ястан бий болох эхлэл тавигдсан байна” гэжээ.

Баримт №2

Судрын чуулган хэмээх их зохиолд Эргүнэ Күнгээс гаралтай олон аймгууд хадан хавцалаа хайлуулан гарч баруун тийш хөдөлсөн гэх бөгөөд тэд Ангар, Енисей мөрний сав цутгалангуудад нүүж очиж тэр нутгийн иргэдтэй хольцолдож суух болжээ. Енисей мөрний тэнд Усуту-Мангун ба Алаг адуутан зэрэг монгол аймгууд байсаныг Судрын чуулганд цохон тэмдэглэсэн байдаг. Yll зууны үед Енисей мөрний эхэнд БО-МА буюу Алаг морьтон хэмээх монгол аймаг байсан мэдээ байдаг бөгөөд одоо ч тэр хавь, дархад нутаг, Завхан аймгийн Сартуул сумдаар “алаг адуу” овогтон олон байна.

Баримт №3
МЭӨ lll - МЭ X зууны эхэн хүртэл Монголын гол нутагт Монгол, Түрэг гаралт нүүдэлчдийн том гүрэн, хаант улсууд оршин тогтнож тэдгээр улсуудын умар хил нь Енисей мөрний эхэн урсгал заримдаа Байгаль нуур хүрч байсан тул Эргүнэ Кунгээс баруун тийш шилжин хөдөлсөн аймгууд ба тэдний хойч үе үр сад болох Монгол Дарлекины зарим аймгууд Монгол аймгуудтай /Сартуул, Жалайр, Мэргэд/ нь хил залгаа хаяа хатган оршсоор байжээ.

Баримт №4

Сартуулын өвөг аймаг нь олон зуун жилийн туршид анх баруун зүгт байж нүүдэлчдийн хэцүү ширүүн дайн тулаанаас дайжин зүүн тийш нүүдэллэн дүрвэж Эргүнэ кунгд орогнож дахин үүсэн үржиж олширч баруун тийш нүүдэллэн бусад овог аймгуудтай Хөвсгөл, Байгаль нуур орчим ойн аймгуудтай ойр зэрэгцээ нутаглаж улмаар баруун хойш Ангар, Енисей мөрний эх сав дагуух нутгууд хүрч түүнээсээ баруун урагш Чуй, Чулышман голууд улмаар Эрчис мөрөн, Алтайн нуруу цаашаа Үлэнгэр, Зайсан нуур, баруун тийш Балхаш, Иссык-Куль нуур хүртэл нүүдэллэн нутаглаж байжээ.

Баримт №5

Сартуулыг зарим сурвалж бичгүүдэд болон Европынхон өөр өөрсдийн хэл аялгуунд тааруулан сарт нэрийг Согд, согдий, согдион, сак, сакс, скиф, уйгар гэж түүхэнд олон янзаар тэмдэглэж ирсэн нь будилуулдаг. Тэгвэл үүнийг түүхч судлаач Ц. Шагдарсүрэн “... Эхлээд Уйгар нарыг дараа нь Түрэг газрын иргэдийг бүр сүүлдээ лал нарыг гарал үүслээр нь ялгахгүйгээр цөмийг нь Сартуул хэмээн нэрлэж байжээ.” гэж үзсэн нь эрдэмтэд тухайн үеийн ард түмний газар нутаг, уг гарвалыг тодорхойлоогүйд байгаа төдийгүй тэр үеийн сурвалж бичгүүдэд ялган салган тэмдэглэж үлдээгээгүйд оршино.

Баримт №6

Монголын Нууц Товчооны 177-р зүйлд “...Чи улсаа орхиж, цөөн хүнтэй амь хорогдон дутааж, хар Хятадын гүр хааныг Сартаулын нутаг Чуй мөрөнд байхад хүрч очоод тэнд нэг жил бололгүй бас салж Уйгар нутаг ба Тангудын газраар тэнэж, 5 ямаа шөрөглөн сааж, тэмээний цус ханаж идсээр сохор халиун морьтой явж ирэв чи...” гэж Тоорил хааныг Чингис хаан зэмлэж буй байдал гарч байгаа нь монголын газар нутгийн хилээр баруун хойноос урагшаа тойрч байгаа байдал гарч байгаа бол 198-р зүйлд “... Найманы Хүчүлүг хан, Уйгарын Харлугийг дайрч Сартаулын газар Чүй мөрөнд байгаа хар Хятадын Гүр ханд нийлэн очив...” гэж гардаг. Энэ нь Чүй мөрнөөр дайрч цааш явж байгаа байдал дүрслэгдэж байна. Энд нэр гарч буй Чуй мөрөн гэдэг нь одоо ч энэ нэрээрээ Хятадын Шинжаан Уйгар болон ОХУ-ын Алтайн өөртөө засах орны нутагт буй Чуй, Чулышман зэрэг хоёр томоохон голыг хэлж байгаа бөгөөд тухайн үеийн Дундад ази, Хорезмийн Шахт улсад харьяалагддаггүй тэдгээрээс алс хол орших Монгол Найманы эзэмшил нутаг хэлсэн ажээ. Тэгэхээр Сартуулууд нь Дундад Азийн Хорезмийн Шах болон Их Монгол улсуудын дунд оршиж байсан нь тодорхой байна гэж үзэж болохоор байна.

Баримт №7

Монголын Нууц Товчооны 182-р зүйлд: “... Онгудын Алхушдиги Хуригаас 1000 ирэг аваад далимд Эргүнэ мөрний орчимд нутаглах ардаас булга, хэрэм худалдан авч яваа Сартагтай Хасан /худалдааны ноён/ гэдэг хүн цагаан тэмээ унаж хонио тууж ирээд, Балжун нуурт усалж байхтай Чингис хаан түүүнтэй уулзав...” гэсэн байдаг. Нөгөөтэйгүүр МНТ-д түүхэнд ямар ч ач холбогдолгүй зүйлийг тусгайлан тусгах шаардлага байхгүй нь лавтай бөгөөд ялангуяа Сартаул нь Чингис хаанд хүчин зүтгэж ойр дотно харилцаатай байжээ. Өөрөөр хэлбэл Сартагтай Хасанг ирэхэд Чингис хаан яг ялагдаж идэх хүнс үгүй байсан тул тэр 1000 ирэг хониороо Чингисийн цэргийг тохинуулаад Чингис хааны шадар, цаашилбал сайд, түшмэл нь болсон байж мэдэх бөгөөд Хорейзмыг дайлахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үзэцгээдэг билээ. Эдгээрээс үзэхэд Сартуулууд нь Дундад Азийн Хорейзмын Шахт улсаас тусдаа бөгөөд цэвэр Монгол аймаг гэдэг нь батлагдахын дээр Чингис хаан Их Монгол улсыг байгуулахад Онгудын нэгэн адил ихээхэн тусалж томоохон үүрэг гүйцэтгэж байсан нь илэрхий юм.


Баримт №8

Монголын нууц товчооны 181-р зүйлд: “...Саяхан намайг Тогтоа бөөгийн сартуул хонины сүүлийг дагаж явсан ...” гэж Сэнгүм хилэгнэсэн байдаг. Мөн Лу Алтан Товчид: ...Чингис хаан зарлиг болсон нь: Арамза Сартаул чи зэрмэд загас бол, Урианхайн Зэлмэ чи хүчит хүй шонхор бол, та хоёр биеэ үнээрэн огтролдон өгүүлэлд... хэмээн цэц булаалдуулж байгаа нь сартуулууд Их Хаанд маш эртнээс хүчин зүтгэж байсан нь тодорхой байна.

Баримт №9

Дээр дурьдсан сурвалж баримтуудаас үзэхэд зарим эрдэмтэн судлаачид Сартуулуудыг 1219-1225 оны хооронд Хорейзмын Шахт улсыг дайлах явцдаа Ургенч, Бухар хотуудаас голчлон бүрдсэн 100000 гаруй иргэнийг олзлон Хар Хорум зэрэг хотуудыг бариулахаар ашиглаж байгаад 1250-иад оны үед одоогийн Завхан аймгийн нутаг Завхан голын орчим байсан Чингай балгасны орчим нутаглуулж баруун гарын их Чинсан Чингайд захируулсанаар Сартуул ястан бий болжээ гэж бодит дүгнэлтгүй, үнэнд нийцэхгүй гэж үзэж байна. Үүнийг дараах баримтнаас харж болно.

Баримт доторхи баримт

1223 онд Даосын Бомбо Чан Чунь Дундад Азид аян дайн хийхээр явсан Чингис хаантай уулзахаар Чингай балгасаар саатаж өнгөрөхдөө балгасан ба түүний тариалангийн байдлыг үзэж ихээхэн хөл хөөр хөдөлгөөнтэй хот суурин байдалтай байсныг тэмдэглэжээ. Тэр үед тус орны баруун хэсэг Говь Алтай, Завханы орчим нутагт Монголын их гүрний ерөнхийлөн захирах яамны баруун гарын Хэрэйд аймгийн Чингай сайд хот байгуулан тариа тариулж байсан нь түүх шастирт “ Чингай балгасан” гэж тэмдэглэгдсэн төдийгүй тэрхүү үйлдэл нь Цагаан морин жилээс Хар бичин жил (1210-1212)-ийн хооронд эхэлж байсан нь Дундад Азийг дайлаар мордохоос хугацааны хувьд ч эрт байгаа нь Сартуулууд дээрх баримтыг давхар нотлож байгаа юм.

Дүгнэлт

Түүхэн болон бодит баримтуудыг түшиглэн харьцуулалт хийж дүгнэхэд тухайн монгол нутагт өнө эртнээс оршин сууж Байгаль нуур, Енисей, Кавказ, Памир, Алтайн нуруу, Долоон усны сав газруудад сартаулуудын өвөг болох “Сар” хэмээх ард түмэн нь дайн тулаанаас ангид байж, мал аж ахуй, газар тариалан, дорно өрнө рүү жин тээж, худалдаа арилжаа хийж торгоны замын хөгжлийг бий болгосон төдийгүй Их Монгол улсын үед урт дурын хүмүүс /Л.Н.Гумилевын нэрлэсэн/ байж зарим хэсэг нь суурьшмал амьдралд шилжин бөс бараа, даавуу нэхэж алт мөнгө, чулууны дархан, гар урлал хөгжүүлж тухайн үед соёлч боловсоролоороо бусад овог аймгуудаас онцлог өвөрмөцөөр оршин сууж байсан уугуул Монгол угсаатан юм.
Сартуулуудын өвөг дээдсийг Байгаль нуур, Чуй, Чулышман, Алтанкель, Долоон усны сав газрууд болон Алтай, Памир, Кавказ зэрэг уул нуруудыг түшиглэж амьдарч байсан гэж үзэж болно гэж дүгнэж байна. Мөн түүнчлэн Алтай нурууны цаад ОХУ-ын Алтайн Улаган аймгийн Баллыктюль тосгоны нутагт байх Чулуун овоотын 2500-гаад жилийн өмнө холбогдох Пазырыкийн булш болон манай улсын Ховд, Баян Өлгий, Увс, Завхан зэрэг аймгуудын нутагт Сартагтай баяны гэрийн бууц, Сартагтай баатарын морины мөр, Сартагтай баатарын харавсан чулуу, Сартагтай цэцний суваг зэрэг Сартагтай цэцэн баатар, Сартуулуудтай холбоотой түүх домгийн зүйлс биетээрээ оршдог ба түүнээс илүү бодитоор орших ард түмэн тэдгээрийн аман түүх, уламжлалт ёс заншил, соёлын онцлог, овог яс зэрэг нь түүхийн асар том нотлогоо болох билээ.