Saturday, November 27, 2010

Баруун этгээдэд зорчисон тэмдэглэл №1


Өнгөрсөн сарын сүүлээр Ховд, Баян-Өлгий, Увс аймгуудаар ажлын шугамаар яваад ирлээ. Сүрлэг өндөр Алтай уулсыг эмжээрлэн, цаст хайрхадуудыг биширэн харж, шувуу ч харагдахгүй нүцгэн уулсыг нар зөв тойрон аялалаа. Аргагүй л хүн төрөлхтөний өлгий нутагт юм даа гэмээр байлаа. Өглөө эрт Улиастайгаас гарч явсаар үдийн алдад Завхан голын гүүр дээр очиж хоолонд орлоо. Энэ жил хур бороо тэгширсэн сайхан зун болж, Завхан гол эргээ халилан урсч сүүлийн 20-д жил ийм их устай байсныг үзсэнгүй гэж гэрийн эзэгтэй бидэнд хоол хийнгээ хуучиллаа. Үнэхээр 2 жилийн өмнө би үүгээр дайрч өнгөрөн явж байхад Завхан гол тасраад сэтгэл эмзэглэмээр байсан нь тодхон санагдаж байлаа. Сайхан цуйван идэж аваад бид цаашид Ховд аймгийн зүг жолоогоо заллаа. Бараг Дөргөн сум дөхөж явтал бидний сууж явсан УАЗ-469 машин дотор минь цагаан шороо пургиад явчихлаа. Энэ чинь юу билээ гэтэл тэндэхийн хөрс угаасаа үнс шиг сул учраас пургиадаг юм гэж жолооч маань өгүүллээ. Үнэхээр бараг Ховд хот ортол зэгэл саарал шороо ам хамаргүй пургиасаар байлаа. Хэдийгээр замын хажуугаар Хар ус нуур харагдаж байгаа боловч тэр цагаан шороо тэрхүү нуурын сайханыг мэдрэхэд минь энэхүү үнс шиг шороо үнэхээр саад болсоор байлаа. Орой бүрийн болсон хойно Улаанбаатар хотынх шиг нүүрсний өмхий утаа үнэртсэн, захын хороололын дээвэр нь тэгш шавар байшингууд нь ярайсан Ховд хотод орж ирлээ. Харин хотын төв нь харьцангуй барилгажсан тийм хот угтлаа. Нэгэн буудалд бууж сайхан гэгчийн амарч аваад өглөө эртлэн ажилдаа гарлаа. Өдөр цайны цагаар нэгэн нутгийн гайгүй гэсэн ресторанаар орлоо. Загас захиалалаа. Тэр шарсан загаснаас нь махын салгаж идэх гэж бараг үдийн хоолныхоо цагыг барав. Үдээс хойшхи ажилаа дуусгачихаад Ховд аймагт шинээр барьсан 108 суврагыг үзэж сонирхолоо. Үнэхээр их хөрөнгө зарж босгосон сайхан зүйл болжээ гэж өөрийн эрхгүй бодогдохоор байлаа. Суварга бол бурханы лагшин бие , зарлиг номлол таалал үйлс лугаа барилдалгаа бөгөөд хамаг бурхадын хурах ордон, бурханы их энэрлээс төрсөн хувилгаан дүр, газрын сүлд гэж тайлбарладаг билээ. Гэтэл тэр босгосон суврага бүрийн суврага босгосон аав ээжийнхээ гэгээн дурсгалд гэж бичсэн байх юм. Өөрөөр хэлбэл би тэр суврагад биш тэр хүний аав ээжид мөргөх болоод байх шиг санагдлаа. Хүний эцэг эхийг би муу муухай гэж хэлээгүй л дээ. Нөгөө талаар би Бурхан шашны шарын урсгалын ёс жаягыг мэдэхгүй. Гэхдээ би хүний аав, ээжийн өмнө очиж мөргөх нь сонин санагдахаар байлаа. Харин Завханы 9 хутагтийн суврагад бол би мөргөдөг. Яагаад гэвэл тэдгээр суврагын эзэд болох хүмүүс нь хувилгаан шидийг үзүүлж, хамаг амьтан тусын тулд энэ биеэ зориулсанаас гадна Монголын төрд байгуулсан гавъяа, дуурсах нэртэй хүмүүс гэж боддог учраас би тэдэнд мөргөдөг. Би буруу бодож байж болох юм. Тэгвэл түмэнтээ уучилна биз дээ. Алтайн сүрлэг уулсын оройгоор үүлс манан татахыг харж нилээн сууллаа. Ингэж суухдаа миний аавын ээжийхний удамын талаар нэгэн зүйлийг эргэн дурсч суулаа. Бараг 300 жилийн өмнө юм байх аавын маань ээжийнхэн аавын өвөг дээдэс Манж нарт ихээр дарагдан ялагдаж, амьд үлдэхийн тулд зүсээ хувиргаж Алтай нурууг давж, Завхан голыг өгсөн байж, их холын нүүдэл хийж, одоогийн Завханы нутагт ирж суурьшсан юм гэнэ билээ. Байнгын дайн тулаан дунд амьдарч ирсэн учраас тэд хороолж, шивээлж нүүж суудаг байсан учраас нутгийхан Хорооныхон гэдэг нэрлэдэг ба тэр ч утгаараа аавын маань ээжийн талынхныг ХОРООНЫХОН гэж явдаг. Ойрадын ямар овгийн ямар хүмүүс байснаа ихэд нууцладаг байсныг бодоход зүгээр нэг жирийн хүмүүс биш байсан гэж боддог.
Үргэлжилэл бий.