Saturday, June 18, 2011

Отгонтэнгэр уул


Хангайн нуруу нь Монгол орны төв хэсэгт гурван тэрбум жилийн тэртээ, Явран галавт анх үүссэн бөгөөд энэ нуруунаас бусад монголын газар нутаг бүхэлдээ тухайн үеийн цорын ганц гадаад далай болох Номхон далайн залгаас бүхий гүехэн боловч асар их хэмжээний дотоод тэнгисийн ёроолоос, 900 сая жилийн өмнөөс зарим уул үүсч бий болон өргөгдсөөр 800 сая жилийн өмнө тэнгис татран ширгэж, хуурай газар бий болсон гэдэг. Хойд мөсөн далай, Атлант, Энэтхэгийн далайнуудыг 200 сая жил хүрэхтэй үгүйтэй үүсч, Гималайн нуруу 30-аад сая жилийн өмнө үүсэн бий болсныг үзвэл Хангайн нурууны ноён оргил, Отгонтэнгэр “Богд Очирваань” ертөнцийн уулын анхдагч уул гэж үзэж болно.

Халх Монголыг даасан бурхныг Очирваань хэмээнэ. Дэлхий анх галав юүлсэн усан далайгаар бүрхэгдсэн байхуйд гурван тэрбум жилийн өмнө Отгонтэнгэр оргил усан доороос цухайснаар Монголд анх эх газар үүссэнийг “Хаадын сан” цувралын Чингис ханы ботид түүхч академич Н.Ишжамц, Х.Намсрай нар дурдаж баталгаажуулжээ.

Отгонтэнгэр хэмээх нэр нь түрэг, монгол хэлний дундынх гэгдэх “Отхан” буюу “Галын хаан, голомт сахигч”, монгол хэлний эртний үгийн санд “Этүгэн” буюу “Анхны эх газар” хэмээсэн унаган монгол үг ажээ.
Монголчууд энэ уулыг эртнээс тахиж, “Сүмбэр уул”, “Очирваань хайрхан”, “Цаст цагаан уул”, “Отгонтэнгэр”, “Этүгэн уул” хэмээн нэрлэж, цай идээний дээжийг өргөж ирсэн түүхтэй. Монголчуудын хувьд хүрээлэн буй нутаг ус, байгалийн нөхцөл нь ихээхэн үүрэгтэй байсны дээр байгалийн хүчин зүйл, хүний хувь тавилан хоёрын харилцан шүтэлцээг далдын холбоогоор тайлбарлан, тахиж шүтсээр иржээ. Буддын шашны ойлголтоор, Хэнтий ханыг “Намсрай бурхны орон”, Отгонтэнгэрийг “Очирвааний орон”, Хөгнө ханыг “Улаан сахиусын орон” гэсэн нь эдүгээ хүртэл уламжлал болон үлдсэн байна. Эртний Монголд бөөгийн шүтлэг зонхилж байснаас улбаалан, Отгонтэнгэр уулыг ер бусын хүчит эзэн савдагтай хэмээн биширч Бөөгийн ёсны гол тахилга үйлддэг заншилтай байжээ. Отгонтэнгэр уул нь бөө мөргөлийн ч онгон, бурхан шашны ч шүтээн. Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тайх тахилгыг төрийн нэрийн өмнөөс үйлддэг шашин, төрийн хосолмол ёслол бөлгөө.

Хангайн нурууны ноён оргил болох мөнх цаст Отгонтэнгэр уул нь Завхан аймгийн Алдархаан, Отгон сумдын нутагт 4031 м өндөрт оршино. Отгонтэнгэрийг тойрсон 108 төрөл халуун, хүйтэн рашаан, 108 булаг шанд, нуур, цөөрөмтэй. Мөн 108 гол горхи эх авч, эргэн тойрондоо Их, Бага Богд Мандалт Даян, Их мянган, Хатан бэйл, Дуут нуур, өвөр Бадархундага, Мөнгөт цохио, Гэрэлт ам зэрэг байгалийн үзэмжит сайхан тогтоц бүрдсэн. Зуны цагт 2000 метрээс доош бороо, 2000 метрээс дээш цас ялгаран буудаг. Энэ уулын эх бие орчноор мөнх ногоон арц, вансэмбэрүү, ванжингарав, юмдүжин, чихэр өвс, цэнхэр, шар дэгд, согоон сүмэн, алтан гагнуур, зэрэг 400-гаад эмийн ургамалтай, өврийн Бадархундага нуур 1000 орчим метрийн өндөрт эцгийн сөгнөсөн айраг шиг амгалнаа мэлтийн мөнгөн бидэр татуулан байх нь нэн үзэсгэлэнтэй.

Мон­голын олон овог аймаг түрэг угсаатнаас аль эрт Отгонтэнгэр уулыг тахиж байсан бөгөөд хожуу үеийн баримт дурдахад 1585 онд эл уулыг Богд Очир­ваань хэмээн сүсэглэн дээ­дэлж байсан баримт байдаг. Очир­ваанийн орон буюу Отгон­тэнгэрийг анх 1828 онд дархан цаазтай болгож жил бүр тайн тахиж байх зарлиг­ гаргасан байна. Мөн 1911 онд Монгол улс Манжын нөлөөнөөс гарсан даруйд олноо өргөгд­сөн Богд хаант Монгол улсын хууль зар­лигаар Отгонтэн­гэрийг жил бүр тайж тахиж байхаар тог­тоосон байдаг. Эл зар­лиг нь цагийн аясаар саарч 1930- аад оны үеэс бүрмөсөн зогссон юм. Гэвч мон­голчууд Отгонтэнгэр уулаа сэтгэлдээ тээн зуун гол, зуун уулыг давуулан идээ будаа, цайныхаа дээжийг өргөн амь амьдралаа даатган хишиг буян хүсдэг уламжлал тасараагүй билээ. 1995 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тайлгат уул болгон тахилгыг сэргээж, 4 жилд нэг удаа тахиж байхаар тогтоосон байна.