Sunday, February 12, 2012

Якут бөө


Төвийн Азийн өндөрлөг нутагт Монгол, Түрэг, Манж буюу Түнгүүс угсааны ард түмэн оршин тогтнож байсан билээ. Эдгээр ард түмний нэг томоохон төлөөлөгчид болох Түнгүүс нар буюу бидний хэлж заншснаар Якут хэмээх үндэстэний талаар бөө мөргөлийн талаар энд орууллаа.

Thursday, February 9, 2012

Бясалгал

БЯСАЛГАЛ ГЭЖ ЮУ ВЭ?
Бурханы шашны олон талт үйл ажиллагааны дотор бясалгал хамгийн чухал байр суурийг эзэлдэг. Орчин үед шинжлэх ухаан, техник ихээхэн хөгжиж байна. Үүний зэрэгцээ хүн төрөлхтөн өөрийн оюун ухааны дотоод чадамжийг хөгжүүлснээр нийгэмд их тус хүргэхийг эрж хайх болжээ. Энэ нь зөвхөн өндөр мэдлэг эзэмших төдийгөөр бус оюун ухаанаа хөгжүүлснээр хүн өөрийгөө төгөлдөржүүлж чадахаас тэр юм. Бясалгалын доод шат нь өөртөө амирлангуйг олж нүглээс ангижрах явдал мөн бол дээд шат нь хүний оюун сэтгэцийн нөөц хэсгийг ажиллагаанд оруулж, ид шидийн гэмээр гайхамшигт хүч чадварыг эзэмших явдал юм.
 
БЯСАЛГАЛ ЯМАР ТУСТАЙ ВЭ?
1. Сэтгэл санааг бохирдлоос арилгаж, амирлангуй болгоно.
2. Хүний биеийн энергийг идэвхжүүлснээр өвчин эмгэг анагаана.
3. Оюун ухааныг хөгжүүлж, бүтээлч чадвар нэмэгдүүлнэ.
4. Дотоод сэтгэлийн гэгээрлийг олсноор, ухаалаг сэтгэхүй, зөв хэл яриатай болно.
5. Хүний сэтгэцийн нөөц бололцоог ашиглаж чадсанаар, ер бусын их хүч чадлыг эзэмшинэ.
 
БЯСАЛГАЛ ХЭДЭН ТӨРӨЛ БАЙДАГ ВЭ?
Бодь сэтгэлээс үүссэн ертөнц ба ертөнцөөс давсан хоёр янзын бясалгал байдаг. Бясалгалыг хоёр хувааж болно.
1-рт, Амирлан ахуй бясалгал
2-рт, Үлэмж үзэхүй бясалгал
Сэтгэлээ төвлөрүүлж, сурсанаар бие, хэл, сэтгэл амирлан орших болно. Төвлөрүүлэх гэдэг нь санаа бодлоо сарнихыг зогсоож, нэгэн зүйлд төвлөрөх чадварыг төгс төгөлдөр эзэмших зорилготой юм. Санаа бодлоо нэгэн зүйлд тухайлбал, Бурханы хөрөг, уран баримал, зүя, лааны гэрэл, эсвэл амьсгал болон зүрхний цохилт зэргийн аль нэгийг сонгож аваад түүн дээрээ төвлөрүүлэн бясалгаж болно. Амирлан орших бясалгалын олон үе шатыг гүйцээснээр бодь сэтгэлийг эрхшээх болно.
Билгийн чанад үлэмж үзэхүйн гол нь бясалгалаа улам шатлан гүнзгийрүүлэх явдал юм. Билгийн чанад үлэмж үзэхүйн бясалгалаар бие, хэл, сэтгэлээрээ хоосон чанарыг таньж мэдээд, дотоод сэтгэлийн гүнд нэвтрэх явдал болно. Амирлан ахуйн гол нь дотоод бодь сэтгэлийн амирлангуйтай холбоотой бол үлэмж үзэхүйн хувьд хоосон чанарыг бүрэн таньж гэгээрэх явдал гэж хэлж болох боловч аль аль нь Их хөлгөний номлолоор бусдын тусын тулд зориулах явдал болохоос бус, өөрийн тусад үйлддэггүй юм. Тэгэхээр амирлангуйг олох ч гэсэн, үлэмж үзэхүй ч гэсэн бусдын тусын тулд өөрийгөө золиослох явдал юм. Үлэмж үзэхүй бясалгалын хүчийг бүрэн эзэмшвэл бусдын оюун санаанд, эрүүл мэндэд үйлчлэл үзүүлээд зогсохгүй байгалийн хүчийг захирах хүчийг олно. Хүн энэ бүхнийг бясалгалд сайтар мэргэжиж хоосон чанарыг илт мэдэж байж олж авах нь мэдээж.
 
БЯСАЛГАЛ ҮЙЛДЭХЭД ТОХИОЛДОХ ХОЁР СААД
Бясалгал үйлдэхэд живэх, догширох гэж хоёр саад тохиолдож болно. Живэх гэдэг нь сэтгэл мунхрах явдал юм. Хүн зөвхөн шид хөөвөл яах аргагүй мунхаг явдал мөн. Мөн бусдыг энэрэх сэтгэлгүй байж зөвхөн хувийн зорилгод бясалгалын үр дүнг ашиглах нь яах аргагүй мунхаг сэтгэлийн гай түйтгэр юм. Догшрох гэдэг нь, сэтгэл тогтохгүй байх явдал юм. Сэтгэл тогтохгүй байх нь өөрийн сэтгэлээ номхотгож, шуналаас ангижирч чадаагүйтэй холбоотой.
 
БЯСАЛГАЛ ХИЙХЭД ХЭРХЭН БЭЛТГЭХ ВЭ?
1. Зүүн хөл дээрээ баруун хөлөө тавьж завилж сууна
2. Алгаа дээш харуулж, баруун гараа зүүн гар дээрээ тавьж, эрхий хурууны үзүүрийг нийлүүлнэ.
3. Биеэ султгаад булчин бүрээ амраана. Бодол санаагаа бүхий л зүйлийн элдэв янзын түгшүүрээс бүрэн чөлөөлнө
4. Нурууны голоор сум шаасан мэт шулуун болгоно
5. Хоёр мөр тэв тэгшхэн байна.
6. Толгой тэгш мөртлөө бага зэрэг духайсан
7. Шүд, хэлийг яг байранд нь сулхан болгосон.
8. Нүдний хараа хамрын үзүүр дээр буусан байх буюу эсвэл нүдээ аньсан байж ч болно
 
АМЬСГАЛ ДЭЭР ТӨВЛӨРҮҮЛЭХ БЯСАЛГАЛ
Зөөлнөөр гадагш, дотогш амьсгална. Гагцхүү зөөлнөөр... удаан... гэхдээ аль болох гүн... амьсгалахыг бодох. Тэгээд дотогш амьсгалахдаа сэтгэл санаандаа «Буд», гадагш гаргахдаа «дхо» гэж давтана. Өөрөөр хэлбэл, Буддхо гэж Бурхан багшийн нэрийг «пали» дуудлагаар нь хэлж байна. Энэ бясалгал хийж байхдаа өөр зүйл бодсоны хэрэггүй. Бясалгал үйлдэхдээ бусдад ч саад хийж огтхон ч болохгүй. Энэхүү бясалгал нь хамгийн энгийн хэрнээ сайн арга юм. Мөн энэ маягаар явж байхдаа хийж болно. Үүнд, баруун хөлөө урагш гишгэхдээ «Буд» гэж амьсгалаа авна, зүүн хөлөө урагш гишгэхдээ «дхо» гэж амьсгалаа гаргана. Үүнийг Тайланд зэрэг зүүн өмнөд~азийн орнуудын Бага хөлгөний буддистууд хийдэг дасгал юм.
Мөн манай Хөвсгөлийн бөө нарт нэгэн бясалгал байна. Энэ нь амьсгалын авалт, зүрхний цохилт хоёрыг зэрэг тоолох арга юм. Эхлээд 2 минутаас эхэлж ийм хугацаанд хоёр зэрэг тоолох чадвартай болоод 2 минутаар сунгаж хийдэг. Өөрөөр хэлбэл, анхаарлаа хоёр салгаж тоолох явдал юм. Үүнд, амьсгал авалт удаан тоологдоход, зүрхний цохилт удаан тоологдоно гэсэн тооцоогоор нэгэн хэмнэлтэй тоолж сурах явдал юм. Хэрвээ зэрэг тоолоход бэрх бол аль нэгийг нь тоолж сураад, цаашдаа зэрэгцүүлж сурах хэрэгтэй. Мөн түүнчилэн зүрхний цохилтоо сонсохын тулд цээжээ гараараа дарж бясалгал үйлдэх нь ашигтай. Энэхүү бясалгал нь язгуур бөөгийн бясалгал уу, аль эсвэр Бурханы шашны бясалгал уу гэдгийг тодорхойлж чадаагүй билээ.
 
БУРХАНЫ ХӨРӨГ ХАРЖ БЯСАЛГАЛ ҮЙЛДЭХ НЬ
Тус бясалгал хийхдээ эхэлж хийж буй хүн Бурхан багшийн хөрөг зураг эсвэл баримал өмнөө тавьж дараа нь нүдээ аньж сэтгэлдээ хоногшуулах байдлаар дасгалжуулах хэрэгтэй. Нүдээ аних үед сэтгэлд Бурхан багш зураг байдлаар бус яг өөрийн биеэр өмнө буй мэтээр төсөөлөх нь тийм ч амар зүйл биш. Гэвч байнга дасгалжсаар ийм бодит байдлыг мэдрэх бүрэн боломжтой. Бурхан багшийг хэрхэн төсөөлөхийг дэлгэрүүлбэл, Лянхуа цэцэг хийгээд саран дэвсгэрийн дээр ялгуусан Шагиамуни Бурхан багш алтан өнгөт биетэй, тэргүүнийхээ оройд үсээ бөөрөнхийлж боосон хоёр мутрын барууныг газарт хүргэсэн, зүүнийг тэгш асуулсны дээр рашаанаар дүүргэсэн бадар аяга бариад улбар шаргал өнгөт номт хувцас өмссөн, гэрлийн мөн чанартай, биеийн гэгээнээс үүдсэн гэрэл дунд, хоёр өлмийг очир завиллаар суусан хэмээн сэтгэлдээ зураглах ёстой. Чин сэтгэлээс бясалгаваас тод мэдрэх болно.
Ингээд өөрөө би орчлонгийн зовлонгийн гэмээс ангижирч, эрдэм цаглашгүй төгөлдөр Бурхан багш аварна хэмээн сургаал номлогч лам багшаа эхэнд нь дурдаж гурван эрдэнэдээ сүсэглэн:
Ламд итгэнэ
Бурханд итгэнэ
Номонд итгэнэ
Хуврагт итгэнэ
хэмээн дөрвөн итгэлийг уншина.
Ингэж унших үед авралын орон буюу Бурхан багшийн биеэс гэрэл хэмжээлшгүй цацран бүхий л биед маань шингэсэн муу үйл хилэнц, түйтгэр сэлтэс бүгд алга болж арилан ариуслаа хэмээн санаж, Бурхан багш гэрлийн байдлаар зүрхэнд минь оршсоноор би өөрөө Бурхан боллоо хэмээн санана. Бурхан багшийн биеийг сэтгэлдээ дүрслэхдээ том жижиг нь чухал биш. Сэтгэлдээ багтах байдлаар бодох нь зөв юм. Тэгээд цаашдаа бодож чадах болсон үедээ томруулж, багасгаж дүрслэн бодсоноор бясалгалын чадамж дээшилнэ. Лам, гурван эрдэнэдээ унших залбирлыг гурван удаа уншиж болно. Бие, хэл, сэтгэл гурваа ариусгаж Бурхан багшийг сэтгэлдээ бий болгох нь Бурханы шашинт хүний өдөр дутмын бясалгалын нэг юм.

БЯСАЛГАЛЫГ ХЭНЭЭР УДИРДУУЛАХ ВЭ?
Бясалгалын талаар товч хураангуйлбал, сэтгэл санаа гадагш хүч чадлаа алдахыг төвлөрөлөөр хурааж, Бурханыг сэтгэлдээ бүтээж, бие, хэл, сэтгэлээ ариусгаж, дотоод сэтгэлийн хүчин чадлын увьдисыг олж авах явдал юм гэж хураангуйлж болно.
Дээр зөвхөн бясалгал эхэлж буй хүмүүст зориулж хялбархнаас нь танилцуулж байна. Гэхдээ аль ч бясалгалыг зөв, тогтмол хийж чадвал асар их тустайг мартаж болохгүй. Анхан шатны бясалгалыг сайн хийж сурвал хүнд маш их зүйл өгнө. Өөрөөр хэлбэл ямар ч хүнд бясалгал хийхэд хялбар байх болно. Түргэн хугацаанд төвлөрөлд орж чадах явдал бол бясалгалын хамгийн гол үр дүн юм. Үр ашигтай бясалгал хийхийг хүсвэл туршлагатай лам юм уу, бясалгалд мэргэшсэн багшаар заалгах нь амжилтанд хүрэхийн эх сурвалж юм. Учир нь бүх бясалгалыг бүгдийг нь бүхэнд ил гарган хэвлэн нийтлэх шаардлагагүй юм. Хэрвээ бясалгалын өндөр түвшинд хүрвэл бие биендээ сайн, муу ховс хийж дайсагнах аюул гарч болохыг үгүйсгэхийн аргагүй төдийгүй наад зах нь буруу хийснээр хүн сэтгэцийн гэм авч болох юм.
                                                     Эх сурвалж: http://www.buddha.mn/

Wednesday, February 8, 2012

Би

Би өндөр өсгийт, үнэртэнд дуртай дэгжин бүсгүй

Би өөдрөг бөгөөд эгэл даруухан ихэмсэг бүсгүй

Би эр хонгор биеийг чимж, итгэл сэтгэлийг чинь дааж чадах шударга бүсгүй

Би сэтгэлийн үгийг чинь сонсчихоод үл тоомсорлон алхаж ч чадах хэнэггүй бүсгүй

Би залуу насныхаа сайхан бүхнээр гоёсон бардам бүсгүй

Би балчир хүүхэд шиг баярлаж гомдох нь амархан танхил бүсгүй

Би бие сэтгэлээ Монгол эр хүнд тушаасан үнэнч ариун бүсгүй

Би өрхийг чинь татаж цайг чинь чанах хацар гоо Монгол бүсгүй