Wednesday, January 4, 2012

Бөөгийн хэнгэрэг, хуурь, толь

                Хэнгэрэг нь гурвалжин, дугуй дүрстэй байх ба 6,8,9, талтай байдаг. Онгодын унаа гэж үздэг 2 хэрэгсэл байдгийн нэг нь хэнгэрэг нэг нь хуур юм, хэнгэрэгийг согоо, буга, баавгай, хандгай чонын арьсаар голдуу бүрдэг байсан ба буриад бөө нар ямаан арьсаар бүрэх нь түгээмэл байдаг. Мөн хэнгэрэгийг онгод тэнгэрүүдийн унаанаас гадна, дайсныхаа эсрэг хонгинуур гүйлгэдэг суурь, онгод тэнгэрийг баягсгагч уяруулах хөгжмийн зэвсэг, сүсэгтэн олны хүсэлтийг онгодод уламжилагч, мөн тэднээс хариугаа авах мэргэ төлгийн хэрэгсэл ч гэж үздэг. Хэнгэрэгийн хүрээ модыг аянганд ниргүүлсэн хар модоор хийж, 9 давхарлан томсон улаан утсаар булдруунуудын үеийг наадаг ба утасны 2 үзүүрийг дотор талд нь оруулж 3 хонгинуурт бэхэлдэг, энэ нь амин судас болж өгдөг. Хэнгэрийн цохиур нь онгодын үнэрлэх, амтлах эрхтэн болж өгдөг бөгөөд, аянганд ниргүүлсэн модоор хийж, согоон арьсаар бүрэн, бариулын озоорыг сэнжлэн нүхэлж цагаан дээсээр гогцоо гаргаад цагаан,хөх,ногоон, улаан даавуун цуудир уядаг. Хэнгэрэг сойх гэж нэг зүйл байх бөгөөд энэ нь бөөлөхөөсөө өмнө зуухны баруун хойно буюу зүүн хойд талд галын элчинд ээж сойхыг хэлдэг ингэснээр хэнгэрэг маань бүрэн татаж өгдөг. Хэнгэрэгний амин судас нь гол зүйл бөгөөд булдруунуудийн дунд үеүүдийг ёс давхарлан томсон улаан утсаар даруулан хийх ба 2 үзүүрийг нь дотор талд зүрх хонгинуурын озоорт бэхэлдэг, энэ нь онгодын бүх эрхтэнийг холбосон амин гол судас гэж үздэг. Хэнгэрэгний бүрээс нь голдуу амьтдын арьсаар бүрдэг учир нь ан амьтдын өөрийнх нь зан төрх, зориг хүч, амьдралын орчин нөхцөлтөй уялдуулан үзсээр ирсэн байдаг. Хар зүгийн онгод дайсан рүүгээ хандгай, баавгай, чоноор унаа залгуулдаг бол цагаан зүгийнх буга, согоогоор залгуулдаг, энэ нь хандгайн чоно зэрэг нь зориг хүчтэй, буга согоо нь зөөлөн гэсэн билигдэлтэй байдаг.
Хэнгэрэгний живэр: гэх зүйл байдаг ба энэ нь хэнгэрэгний бариул модны дээд доод хэсэгт байдаг бөгөөд , дөрвөн ховилыг онгодын унаа амьтны нурууны хоёр тал юм.
Хэнгэрэгний жолоог: хонины цагаан ноос томж цагаан даавуугаар бүрж хийх ба, мөн улаан өнгийн даавуугаар ч хийж болдог.
Зуузай нь: хэнгэрэгний нуруу болон бөгжинд бэхэлсэн тал дугуй хэлбэрийн төмөр эдийг хэлэх бөгөөд, нумны хөвчний үүрэг ч гүйцэтгэдэг.
Хэнгэрэгний зүрх нь: нуруу модны дээд эхэнд гурван хонгинуурыг цагирагч холбон бэхлээд мөн цагирагт сэтэр онгодын хөргийг бэхэлжзалснийг хэлнэ.
Хэнгэрэгний толио: нь онгодоо чөлөөтөй оруулж байх үүднээс нэг талдаа бүрээстэй нэг талдаа бүрээсгүй хийгдсэн байдаг.
Хүрээ модыг: аянганд ниргүүлсэн модоор хийх ба галын дөлөнд шарж ус чийгийг ууршуулсны дараа, 2 үзүүрийг нар зөв бэхэлж бугын суран үдээсээр бэхэлдэг. Энэ нь матахад хугарахаас сэргийлэх бөгөөд , дулаан элч нь улаач болон онгодонд ээлтэй гэж үздэг .
                Монгол бөөгийн толь нь хүрэл ба гуулин байх ба 12 жилийн амьтан, нар сар дөрвөн хүчтэн юмуу лусын амьтан болох загас ч товойлгон урласан байдаг юм. Толь нь: элдвийн хараал, онгодын халдлагаас хамгаалах гол гэрэл болон цацарч явдаг гэж эртнээс бөө нар үздэг байсан ба, голдуу мэргэ төлгийн хэрэгсэл болон түлхүү хэрэглэгддэг. Бөөгийн толийг Төвдийн шашнаас авч дэлгэрсэн гэж бөө судлаач нар бичсэн байдаг.Дээр үед бүх бөө нар толь хэрэглэдэггүй байсан гэсэн судалгаа байдаг бөгөөд, халх хотгойдууд ихээр толь хэрэглэж байснаас үүдэн дархад нутагт дэлгэрсэн гэж үздэг. Хар дархад маажраг шарнууд овгийнхон их толь хэрэглэдэг харин хуулар бөө нарын зарим нэг нь л толь хэрэглэж байсан гэдэг.
                  Хуур бол бөө хүний чухал хэрэгсэл бөгөөд анх бөө болж байгаа хүн заавал хуураар онгодоо дуудаж буулган явган бөөлж эхэлдэг. Энэ ёс бол эрт дээр үеэс дархад, цаатан, хотгойд, халх,  маажраг, урианхай бөө нарт байсан. Хуурийг дархадууд хэл хуур, халхууд аман хуур, урианхайчууд гонс гэх зэргээр нэрлэдэг. Хуур нь онгод тэнгэрийг дууддаг бас нэг гол хэрэгсэл бөгөөд , шуудан хөх морь гэж дархадууд нэрлэдэг. Бөө хүний унаа болдог бөгөөд онгодын оронд хүргэдэг гол зэвсэг юм. Дархад халх ёсонд эртнээс хэл хуур, манжигаар анх явган бөөлж онгодтойгоо харьцаж байгаад дараа нь хуягладаг ёстой. Хуурийн цохилт нь шууд, хэлний, онгодын гэсэн 3 өөр цохилттой байдаг ба шууд цохилт: гэдэг маань ая оруулалгүй жигд цохиж амьсгаагаа нэгэн чигт нь байлгахийг, хэлний цохилт : хэлээ дээш доош хөдөлгөж хуурийн дуугаа бүдүнн нарийн болгож цохихийг, онгодын цохолт: гэдэг маань ямар нэг ая оруулж цохихийг хэлдэг. Хуур маань мөн дотроо эр, эм гэж бас байдаг, эр хуур илүү их сайн дуугаралттай хүчтэй байдаг.Хуураар явган бөөлөхөөс гадна, хуяглаж бөөлөх үедээ заавал өмнө нь татаж онгодоо дуудаж ойртуулж хэлэх зүйлээ урьдчилан хэлж болохоос гадна, хуураа утаж байх нь чухал , мөн хуураа татаж зөвхөн онгод буулгахгүй мэргэлж болдог, тэгж хуур татаж мэргэлэх үед онгод ирж улаачид мэдээлэл өгөх нь ч бий. Бөө хүн гал голомтоосоо онгодын оронд хүрч очих замдаа өөрөө унаж явдаг шуудан хөх морь гэж үздэг учраас түүнийг морины дүрс бүхий модон хайрцагт хийн хадгалдаг.
Эх сурвалж:  http://education.niigem.mn/

1 comment:

Anonymous said...

сонирхолтой бас хэрэгтэй мэдээлэл байлаа гарын дүйтэй нэгэнд хамаатан хамсаатанд урлаж өгхөд тус дэмтэй юм. баяарллаа