Wednesday, January 4, 2012

Бөөгийн хуяг, малгай, гутал

               Бөөгийн хуяг хувцас хэрэглэл дор бүрд эзэн онгод байдаг. Хуяг нь тэнгэрээр хүчээ авсан нь цэнхэр хөх, лус савдагаар нь ногоон, аль алинаар нь хүчээ авсан нь саарал өнгийн хуягтай байсан бөгөөд одоо ч дархадад энэ хэвээр байсаар байгаа. Бөө хүн хуяглаад онгодын орноор аялах, аюул хорлолын эсрэг арга засал хийхэд нь ар талаас нь гэнэдүүлэн цохихоос сэргийлэн хуягны ар талд бүх могой, манжиг хонгинуур холбогын дийлэх олнийг байрлуулж хийнэ. Хуягны зах маань монгол төрийн хар хүний өмсдөг дээлийн адил байх ба, энэ нь эртний Хүннү үеийн бөөгөөс дамжин ирсэн байдаг. Хуяганд байх манжиг маань ястан угсаатнаас хамааран тоо нь өөр өөр байх боловч томж эргүүлсэн хонины ноос, хөвөнгөөр хийн гадуур нь даавуугаар бүрж бүтээн хадаж бэхлэн ерөнхийд нь бие манжиг, мөргөл манжиг гэж 2 хуваадаг. Хуягны маань суга хэсэг нь хүний суганы арьс нимгэн байдаг ба түүгээр дамжин онгод орж гардаг гэж цоорхой ч хийх тохиолдол байдаг байжээ . Хуягны урд энгэр нь ямар нэг манжиг байхгүй юмуу зөвхөн зүрх, хөх, эгмийн манжигууд байх ба заримд нь 9 од эсвэл нар сарыг дүрслэн байрлуусан байдаг энэ нь онгодын орноор аялахад эерэг сөрөг хүч алсаас харагддаг учир элдэв дайралтанд өртөхгүй гэх санаа. Тухайн ястаны онцлогоос хамаараад хуяг нь янз бүрийн матерал эдлэлээс бүрддэг. Дархад, цаатан бөө нар эрт үеэс гөрөөсний сармай арьсаар хийж өмсдөг байсан ч одоо үед бол голдуу бөс даавуугаар хийдэг ч хуяганд арьсаар, дээлийн ар гол хормойн салбан зэрэгт ангийн арьс оруулдаг. Хуяганд байх хэрэглэл нь ар талд нь баруун зүүн мөргөл, сүүл мөргөл, зэл болон өвөр талын манжиг, могой байна.Бөө нарын өмсгөл нь ангийн арьс гөрөөсний сармай арьсаар хийгддэг байсан ч, одоо үед голдуу бөс даавуугаар хийгдэж байгаа ч, түүнийгээ амьд амьтан гэж дүрслэн үздэг учраас ар зогдорт арьс хаддаг.
            Бөөгийн өмсгөлийн нэг гол зүйл бол малгай юм зарим нутагт оргой ч гэж нэрлэдэг. Угсаа гарвалаас шалтгаалан өөр өөр байдаг ба зарим бөө нарын малгай битүү оройтой, зарим нь оройгүй байдаг. Дээр үед зарим бөө нар намхан оройтой малгай өмсөөд алчуур зүүдэг байсан гэдэг. Алчуур гэх маань нүүрэндээ самалгатай, духандаа 2 нүдтэй, баруун зүүн шанаандаа цагаан үс арьстай, ар тал рүү унжсан захаар нь шар шувууны сүүл хадаж хоёр талын уяагаар нь толгойн ард нь уядаг байсан . Хотгойд бөө нар маань шар утсан цацаг, духны тэндээ тэмээний ноосоор хийсэн товорцог малгай өмсдөг байсан бол буриад, барга,хорчин бөө нар яг ийм товорцог малгай өмсөн элдэв гоё чимэглэлээр урладаг байсан ба буриадаар майхавч гэдэг. Дархад бөө нарын малгай нь цардаж хүрэн бор эдээр хийх ба ардаа бүчтэй байна.Малгайны нүүрэн талд цагаан утасаар хүний нүүрний дүрс гарган, 2 талд нь чихний дүрс гаргаж хоёр талд 3,3 хонгинуур уяна. Малгайн дээд ирмэгт бүргэдийн өд буруу талаар нь босгож хадаад, дээд ирмэгт нь арьс болон бөс даавуугаар нүүрээ халхлах цацаг унжуулж, 2 талд нь нар сарны дүр гаргадаг бөгөөд малгай нь оройгүй байна. Малгай оройгүй байгаа шалтгаан нь онгодтойгоо толгойн оройгоор шууд харьцаж бөөлдөг учраас. Малгайд онгон савдагийн дүрийг гаргаж, тэд нь нар сарны туяанд бүргэд болон нисдэг гэсэн агуулагтай байдаг. Бүргэдийн өдний тоо нь харьцангуй байх ба түүний тоо өдөө хадсан байршил зэрэг нь овгийн ялгааг гарган өгдөг. Хүннү нарын үед шар шувуу, Их эзэнт гүрний үед цагаан шонхор, дараа нь бүргэд шувуун өд залах болсон гэдэг. Малгайн өнгө ч мөн овог ясны аль нь болохыг гэрчилдэг байсан гэдэг. Жишээ нь Хуулар бөө нар улаан хүрэн, дархадууд хөх, бор, маажраг бөө нар ногоон өнгөтай байсан гэдэг. Малгайнд байх бас нэг чухал зүйл нь нүүр самалга бөгөөд хойд нутгийн бөө нар голдуу дан гөрөөсний сармай арьсаар хийдэг байсан ба сүүлд даавуугаар хийх болсон гэдэг. Самалганы гол утга нь лус савдаг онгод тэнгэрийг хөдөлгөөнд оруулдаг гол хэрэгсэл бөгөөд харанхуйн орноор аялаж байхдаа уулзахаар зорьж яваа онгодоос өөр гадны юманд танигдахгүй гэсэн санаа . Харын засал хийж байхад бол нүүр самалга маш чухал бөгөөд нүүр танигдахгүй болдог, нүүр хараад таньвал гаргасан сүнс хар муу зүйл эргээд бөөгөө ороож авдаг учиртай юм. Мөн малгайн нүдний харалдаа өнгийн 2 даавууг гадна талаар нь цагаан цуудираар давхарлан, самалгийн баруун зүүнд талд оёж бэхэлдэг. Малгайн баруун зүүн талд тус бүрт нь 3 ширхэг хонхинуурыг арьсан түдүүлд бэхэлж хар төмөр цагираг зүүнэ. Бөө малгайн 2 хацарт нь амин сүнс байдаг гэдэг.
           Бөөгийн гутлыг бөөд ирсэн онгод ба лусын нийлбэр гэж үздэг ба гутлыг гур,турагийн сармай арьсаар хийж, урд талд нь 3 манжиг унжуулж, гадна талын түрүүнд 2 хонгинуур,1 зэв үзүүртэй харвал хаддаг. Гутал залагдан ирсэн онгодын хөл болдог гэсэн утгатай. Гуталын эзэн онгод гэж байх ба, эзэн онгод маань бөөгийн хөлний үе бүрийг манаж, баруун зүүн хоёр гутлын гадна талд байрлан, шингэн орсноор гутал амилагдан байдаг бөгөөд, манахдаа зүүн гар тал нь баруунаасаа хүч бага байдаг учраас, тэгшилж зүүн гар талдаа илүү их анхаарч, хар тэнгэр хамжаа нь зүүн хөлдөө оршдог гэж үздэг. Гутлын түрүүн хэсгийг гутлын эзэн онгодын толгойн хэсэг гэдэг бөгөөд, түүнд нүүр, ам, нүд,хамар чихийг дүрсэлсэн байдаг нь олонтаа байдаг. Тэнгэр, сүнс,лусаар алинаар нь хүч авсныг бөөгийн гутлаар таньж болдог. Тухайлбал лус хөллөсөн бөөгийн гутлын хамар дээр лусын амьтан болох могой хамар амыг дүрслэн хэдэн лусаар хөллөснийг мөн тоог нь оёж бэхэлсэн байдаг. Мөн гуталд шагай болон борвины яс бэхэлсэн ч байдаг. Бөөлөх үедээ заавал гутлын эзэн онгодоо дуудаж эсгэрч байж бөөлөх ёстой байдаг.

Эх сурвалж: http://education.niigem.mn/

No comments: