Wednesday, December 28, 2011

Наддаа ирээч

Намрыг би хүлээж чадахгүйн наддаа ирээч
Насаараа би хүлээж чадахгүйн наддаа ирээч
Надад хэцүү байгааг ойлгооч хайрт минь
Санасан зоргоор болдог бол
Салхитай хамт чамдаа очихсон
Зүрхний цохилт, ханын цагтай уралдан
Зөвхөн чиний тухай дурсамж бодолд эргэлдэнэ.
Намар намрын дундаас тэр жилийн намрыг мартахгүй
Харц харцны дундаас чинийхээ харцыг хэзээч мартахгүй
Их хотын түмэн дунд ганцаардалтайгаа хамт
Эргүү тэнэг хүн шиг хайчлахаа мэдэхгүй алхахдаа
Илчит хайрын халуун дулаан үгээр дутахдаа
Энэ хорвоод яах гэж төрсөнөө үл мэднэ.
Дурлал хайрын захидлаар дүүрдэг утас минь
Дуу чимээ ч алга амьдрал уйтгартай
Дутагдлын ертөнцөд намайгаа түшдэг чи минь
Дургүйцэж түлхээд холдсон гэдэгт итгэхгүйн
Модны мөчир дээрх шувууд намайг шоолох шиг
Моод загвар хөөсөн залуусын дунд ганцаардах шиг
Сая хүнээс чамтай минь эн зэрэгцэх нь даанч үгүй
Сартай шөнө ч түнэр харанхуй айдас хүйдэстэй мэт

Зүйрлэшгүй тэнэг өөрийгөө
Зөвтгөх зүйл даанч алга даа хайрт минь
Зүүдний ертөнцөд чамтайгаа учрахдаа
Зөөлөн уруулыг чинь нүдээ аниад амтлахдаа
Хязгааргүй их жаргалыг би мэдэрдэг
Харин тэр богихон зүүд замхархад
Харуусан шүүрс алдаж нүдний нулимс бүрхдэг
Үнэн гэж байдаг бол би чамд хайртай
Үхэх хүртлээ чамайгаа сэтгэлдээ тээнэ.
Улирал бүхнийг үдэн чамайгаа би хүлээлээ
Учрах цаг хэзээ гэдгийг хэнч үл мэднэ.
Урьдаас хагацал ирнэ гэдгийг төсөөлөөгүй болхоор
Учраа олохгүй байсаар өдийг хүрлээ
Энэ их зовлон шанлалыг даван туулахад
Итгэл урам өгөх хүн нь чи шүү дээ
Зүйл зүйлийн өнгийн цэцэг дэлгэрлээч
Зүлэг ногоо, байгаль дэлхий сэргэлээч
Чинийхээ үгүйд энэ бүхэн гайхамшиг биш
Цэвдэг өвөл шиг хүйтэн жавар мэдрэгдэнэ.
Хяслан гачлан бидний дунд оршивч
Хайр дурлал, итгэл сэтгэл бас бий
Хар бараан, зовлон жаргал хословч
Хүсэл тачаал , хүлээлт болзоо ч бий
Шүлэг нь чи бол аялгуу нь би болог
Шүтээн нь чи бол хүндэтгэл нь би болог
Сүүдрийн дуслаас хүслийг минь олоорой
Шөнийн оддоос мөрөөдлийг минь олоорой
Нар сар, өдөр шөнө, агаар ус ертөнцийн амьдрал
Надад бол чи миний л амьдрал чи миний ертөнц
Чамаас ухрах эрх надад үгүй
Бурханаас өгсөн хайрыг алдах эрхгүй
Чамаас зугтах зүрх надад байхгүй
Бугуйн цаг адил гарнаас чинь зүүгдхийг хүснэ
Аз жаргалын саад болсон бүхнийг мартая
Айсуй ирээдүйгээ сайн сайхнаар төсөөлөе
Зовлон гуниг үгүй зол жаргалтай уулзацгаая
Зориуд үүнийг чамдаа сануулая хайрт минь
Чинийхээ сэтгэлийг эргүүлэхийн төлөө
Өчүүхэн төдий амиач би золиосолж чадна.

Хэрвээ чи минь наддаа чи минь наддаа
Хэзээч эргэж ирэхгүй бол битгий хэлээрэй
Ирнэ гэсэн хүлээлтэндээ найдвар тавьж
Энгүй баян хүн шиг дүүрэн жаргалтай амьдарая.
                                                                                                                       Г.Алтантуяа
Улиастай хот 2011.12.27 .

Saturday, December 24, 2011

Бүтээлч хүний баримтлах зарчимууд

Зорилготой үр бүтээлтэй амьдрахын тулд xүн ямар зан чанарыг xэвшил болгоx xэрэгтэйг         Dr. Covey -гийн бичсэн Маш үр бүтээлч xүний баримтлах 7 зарчим номноос та суралцаж  болно.

 1.Санаачлагатай байх.

Энэ санаачлагатай байна гэдэг эxний зарчим бол өөрийн амьдралд оногдох үүрэг xариуцлагыг xэн нэгэнд нялзаалгүй өөрийн нуруун дээр авна гэсэн зарчим юм. Өөрийн гэр бүл, ажил, найз нөxдийн xүрээндээ xийж чадаx зүйлээ xийж өөрчилмөөр байгаа нөxцөл байдлыг эерэгээр өөрчилдөг байх хэрэгтэй. Би чадна, xийнэ, болгоно гэсэн зан чанар чиний үр бүтээлч байхын эxлэл болно.

2. Үр дүн нь юу байх вэ гэсэн бодолтойгоор эxэл.

Xүн болгон амьдралдаа зорилготой байх xэрэгтэй. Эхлээд тэрийгээ мөрөөдөнө.Тэгээд байнга тэр зорилгодоо xүрэх замынхаа хаана явж буйгаа цэгнэх хэрэгтэй. Тэгэхдээ үр дүн нь юу байх вэ гэдэгээ эхлээд сайтар тодорхойл. Чиний зүрх сэтгэл яг юуг xүсээд байна вэ? Тэрхүү чин xүсэл илэрхийлэл чинь байгууллага төдийгүй xувь xүн өрх гэр бүлийн тавьсан зорилгод тусгагдсан байx xэрэгтэй.

3. Xамгийн түрүүнд  xамгийн чухал зүйлс

Энэ зарчим бол xүний бие даан үр бүтээлч байхад нөлөөлөх гол зарчмууд. Гэхдээ бид нийгэмд xамт олон дунд амьдралынxаа ихэнх цагаа өнгөрөөдөг. Өөрөөр xэлбэл бид ихэнхдээ нэг нь нөгөөгөөсөө, бие биенээсээ xамааралтай байдаг тул дарааxь 4 зарчим нэг нөгөөгөөсөө xамааралтай тэр орчинд xүн яаж үр дүнтэй байх вэ гэдэгт xариулт өгнө.

4. Xожил 2 тийшээ

Асуудлыг xожил 2 тийшээ гэж xардаг xүн асуудалд xандаx тогтсон 3 чухал зан чанарыг эзэмшдэг.

1. Өндөр ёс суртахуунтай, зарчимч, шударга

2. Эрийн цээнд xүрч зан чанар төлөвшсөн, бусдыг ойлгох чадвартай

3. Элбэг дэлбэг сэтгэж чаддаг, өөрөөр xэлбэл бялууг ганцаараа идэх гээд дайраад байдаггүй

Нэг тал xожлыг авахгүй xожил 2 тийшээ гэж асуудалд xандаж сурсан xүнтэй өөр xүмүүс xамтран ажиллах дуртай байдаг.

5. Бусдыг ойлгохыг урьтал болго

Энэ зарчим бол xүнийг чин сэтгэлээсээ сонсож сур гэсэн зарчим. Xүн өөрийгөө ойлгуулахыг урьтал болгодог, гэтэл амжилтанд xүрэх энгийн арга бол xүнийг үгээ xэлж дуустал нь сайхан сонсож чаддаг байх юм шүү дээ.

6. Xамтын xүчин чармайлт

Нэг толгойноос 2 толгой илүү ажиллах нь ойлгомжтой биз дээ. Бие биенийхээ мэдлэг чадвар дээр тулгуурлан xамт олноороо амжилт гаргана. Гэхдээ энэ удаа дээрхи 2 зарчим дээрээ тулгуурлан бүгдээрээ xожих арга замыг сонгож бие биенээ ойлгож дэмжиж байж амжилтанд xүрч байгууллага xүрсэн зорилтондоо xүрнэ.

7. Xөрөөгөө xурцал.

Чи xамгийн нандин зүйл болох биеээ xайрлаж сурсанаар амжилтанд xүрнэ. Биеэ эрүүл, оюун ухаанаа xурц, зүрх сэтгэлээ амар тайван байлгаж сурваас та өөрөө амжилтанд xүрч чадна. Биеээ эрүүл байлгахын тулд тогтмол дасгал xийж, эрүүл xүнс xэрэглэж, бас амарч чаддаг байвал тустай. Оюун ухаанаа xүрцлаxын тулд xарин тогтмол уншиж, бичиж, мөн сурсан зүйлээ бусадтай xуваалцдаг байвал зүйтэй. Сэтгэл санаагаа сайхан байлгахын тулд байгаль цэвэр агаарт явж, бясалгал xийж, xөгжим сонсож, бусдад тусалж болно. Бас найз нөxдийн xүрээ таны сэтгэл санааны байдалд их нөлөөтэйг анхаарч зөв зуршилтай сайхан сэтгэлтэй xүмүүсээр xүрээгээ тэлж байгаарай.

Эдгээр бүх зуршил танд бүх талаараа тэнцвэржсэн амьдралтай байхад тус болно.

Дээрхи зарчмуудыг мөрдлөг болгон дагахын чацуу, шинээр гарч ирэх сорилт бүрийг бие сэтгэл, оюун ухаан, санаа бодлоороо даван туулж амжилттай амьдарч чадах уу гэдэг таны өөрийгээ xэрхэн xурцалж, боловсруулж чадаж буйгаас иxээхэн xамааралтайг санаж байх нь зүйтэй. Тэгээд ер нь xүний xүсэл тэмүүлэл, мэдлэг боловсрол, чадвараас их зүйл xамаардаг шүү дээ.

Та амжилтанд xүрмээр байна уу? Тэгвэл дээрхи зарчмуудыг даxин даxин уншаарай!
Эх сурвалж: http://www.orloo.info/

Wednesday, December 14, 2011

Манай ангийнхан

15-16 настай жаахан хөвгүүд байж дээ. Булган аймаг Магсаржавын САА, Хонгор үтрэм, Эгийн гол. 1989.10.3

Tuesday, November 29, 2011

Үнэ цэнэ


 Нэгэн баян эзэн байжээ. Ганц хүүтэй, хүү нь ажилгүй, эрхийн тэнэг юмсанж. Ингээд хүүгээ бага дээр нь засаж авахаар шийдэн өөрийн танил нэгэн баянд зарцлуулахаар өгч гэнэ дээ. Өгөхдөө нөгөө баян эзэнд:
- За чи миний хүүгээр яг нэг жил ажил хийлгэ. Ажлын хөлсөнд нь сохор зоос байхад л болно гэж гэнэ.
Нөгөө баян ямар учиртайг нь гайхаад, гайхаад учрыг нь олсонгүй, намайг сонжиж байж магад гэж бодоод хүүг нь тааваар нь байлган, сайн хувцас, сайн хоолоор хооллосоор яг нэг жил болоод болзсон газартаа хэлсэнийх нь дагуу ганц зоостой авчирч өгчээ. Харих замд нэгэн том мөрөн тааралдав. Мөрний эрэг дээр амарч байхдаа аав нь:
- За миний хүү ажил хийж сурав уу? гэхэд хүү:
- Ажил хийж сурлаа гэж гэнэ. Аав нь ажлын хөлсний ганц зоосыг нь авсанаа мөрний ус руу шидэж орхив.
Харин хүү гайхсан шинжтэй харсанаа юу ч хэлсэнгүй цааш явжээ.
Аав бас өөр нэгэн эзэнд урдийн адил болзолтойгоор өгсөн боловч нөгөө эзэн ч мөн л адил эргэлзэж байснаа тааваар нь нэг жил болгоод буцаажээ. Мөн харих замдаа ажлын хөлс ганц зоосыг нь ус руу шидсэн ч мөн урдийн явдал давтагдаж гэнэ.
Ингээд аав хаширсангүй бас нэгэн баян эзэнд зарцлуулахаар өгчээ. Харин энэ эзэн урдийн эздийн адил гайхширсан боловч “Энэ ямар нэгэн учиротай байх” гэж бодоод хүүг нь жирийн нэгэн барлагын адил ажилд зүтгүүлж өгчээ. Өглөө хар үүрээр хөөн ажилд гарган, үд дээр аяга усанд чанасан тутрага, орой ганц ширхэг эрдэнэ шишээр хооллон, харанхуй болтол ажилд зүтгүүлэн бүтэн жил талхиж гэнэ. Ингээд болзсон хугацаа болон аавд нь хүргэж өгөөд ажил сайн хийсэн гээд өөрийн санасанаар ажлийн хөлс төлөх гэсэн боловч аав нь зөвшөөрсөнгүй, тохиролцсоноо л өг гэж гэнэ. Ингээд хоёул буцаж яваад мөн л мөнөөх мөрний эрэг дээр амрахаар суув. Аав:
- За миний хүү ажил хийж сурав уу? гэхэд хүү:
- За даа, аав минь дөнгөж л ажлын зах, зухтай л болж байна даа гэхэд аав гайхан ажлын хөлс ганц сохор зоосыг нь аван усруу шидэхээр далайтал хүү учиргүй сандран эцгийнхээ гарыг барин хорьж:
- Аав минь, энэ хэдийгээр ганц муу сохор зоос төдийхөн боловч миний бүтэн жилийн ажлын хөлс билээ гээд нүдэнд нь нулимс тунаж ирэхэд сая аав:
- Тийм байна, миний хүү үнэхээр ажил сурчээ. Урд нь хоёр удаа чиний бүтэн жилийн ажлын хөлс гэгдэж ирсэн зоосыг усруу шидэхэд чи огт тоохгүй байж билээ. Харин энэ ганц зоосыг чи үнэхээр хөлсөө гойжуулан, хүчээ шавхаж олсон болохоор чи усруу хийчиэхвий гэж бачимдан сандарч байгаагаас тодхон байна. Жинхэн ажлын хөлс гэж энэ дээ гэж гэнэ.

Wednesday, November 23, 2011

Нэгэн мөрт




Сэтгэл дулаахан, бодол нь тунгалаг хүмүүстэй хааяахан цугтаа суух
Сэрүү татсан үдэш түүдгийн дэргэд өвгөдийн явдлыг хүүрнэн суух

Саруул шөнө шүүдрийн усаар бодолоо угааж оддыг тоолон хүсэлээ шивнэх

Сархадын ааганд сэтгэлийн үгээ агсачихаад хэнгэнтэл дуулан давхих.....


Tuesday, August 30, 2011

Намар


Сэрүү орон бороо татрахад намар болсныг би мэдэрдэг

Сэтгэл эзгүйрэн гуниг хурахад намар эхэлдэг

Саруул тэнгэрт шувууд сүрэглэн алслахад намар үргэлжилдэг

Сайхан ижийдээ үнсүүлээд алсыг зориход намар болдог.



Ажил ундарч амралт дуусахад намар болдог


Адуу янцгааж айраг исэхэд намар үргэлжилдэг

Ааруул зузаарч нар шарахад намар уртасдаг

Айлын хүмүүс төврүү нүүхэд намар эхэлдэг



Автомашин хотруу хөвөх нь намар болсны шинж


Амраг хосууд хуримаа хийдэг нь намар цагийн өнгө

Хүүхэд бужигнаж сургууль цуглахад намар үргэлжилдэг

Хөдөө эзгүйрч хот дүүрэхэд намар болдог



Цасан бударч хүйт ороход намар дуусдаг


Цаанаа л нулимстай хорвоод намар болсноор өвөл болдог

Цээж минь эзгүйрч гуниг хурахад чамайг би үгүйлдэг.

Sunday, August 7, 2011

Дархадын нисдэг 7 бөөгийн тухай


Дархад нутгийн түүх домогт нисдэг 7 бөө гэдгээрээ алдаршсан бөө нар:

1.Арилдий бүргэд зайран: Түүний жинхэнэ нэр нь Хүрэлдэй гэдэг. Баглаан удганы хүү, бөгөөд ниссэн 7 бөөгийн манлай гэж үздэг. Бүргэд болон хувирдаг, Манжийн засаг захиргаа, тэдний гар хөл баяд ноёдын адуу малаас хөөж, ядуу ардад тараан өгдөг шилийн сайн эрсийн нэгэн байжээ.

2. Пунцаг зайран: Шишгэдэд Хонин өндөр уулын бэлээр нутагладаг байсан энэ зайран алдарт Мачир зайрангийн хүү бөгөөд төрсөн дүү нь Ховдод нисэж буусан гэгддэг Дулам удган ажээ.

3. Сунхи бөө: Алдарт Татай удганы хүү, Хаж зайрангийн шавь

4. Соёд удган: Ар Тагны отогт амьдарч байсан.(одоогоор бол Монгол шарын даваа орчимд) Нөхөр нь Сөөхий Хүрэлдэй баатар бөгөөд 5 хүүтэй бөгөөд тэд бүгд бөө нар байсан гэдэг. Нэг гэр бүлийн энэ 7 бөөгийн онгодыг Хэмчигийн долоо юм гэж нэрлэдэг ба Монгол Шарын давааны баруун хярын дэвсэг дээр онгодын асар нь одоо хүртэл байдаг.

5. Хиргис бөө: Тагна Саяаны нутагт байсан Уйгар Хиргис аймгийн удмын Түрэгээс тасарч Дархадад үлдсэн хүмүүсийн удмын алдарт удган юм. Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Тэнгисийн голын хамгийн эхний зоо болох Улаан модонд онгодын нь асар нь байдаг.

6. Дулам удган: Пунцаг зайрангийн төрсөн дүү. Энэ удган нь гэртээ бөөлж байгаад тэнгэрийн их увьдасаар Дархад нутгаас Ховдод очиж нисэж буусан гэдэг бөгөөд одоо Ховдын шүтээн болон заларсан юм. Дулам удганы онгод нь Хогоргын голын зүүн талд байрлах Бурианы амны доор ганц хөгшин модонд байдаг. Аав болох Мачир зайран, ах болох Пунцаг зайран нарын онголж тавьсан газарт цуг байдаг билээ.

7. Дамжил бөө: Санж бөөгийн хүү, Банзар бөөгийн дүү болох алдарт Дамжил зайран нь Зулын тээхний шүтээн болсон бөгөөд Буянт голын хайрханд онгодын асар нь байдаг юм.

Эх сурвалж: http://darkhadbuu.blog.gogo.mn/

Wednesday, August 3, 2011

Бүсгүй цэцэг


Бүсгүй хүн цэцэг хоёр адилхан гэнэм

Бодлогогүй хэлсэн нэг л үгэнд чинь

Борхон зүрх нь шархалдаг юм

Болчимгүй хийсэн ганц алдаа л

Буцааж болохгүй гомдол болон үлдэнэ

Байгаль ээжийн урлал юм болов уу

Бурхан багшийн бүтээл ч юмсан уу

Аль нь ч байсан ялгаагүй

Энхрийхэн тэр бүсгүй цэцгийг

Эр хүн таньд л зориулж бүтээсэн болохоор

Сэвгүй ариун хайранд нь сүүдэр унагаж

Сэтгэлийг нь битгий сэвтүүл

Эрх хонгор аашийг нь элдэвлэж бүү эвд

Эрэвгэр хархан нүдэнд нь нулимс бүү хуруул

Мишээл тодруулж явах хөөрхөн уруулыг нь

Мурчилзуулж өмөлзүүлж битгий уйлуул

Хайранд чинь дэлгэрэх энхрийхэн цэцэг

Үрийн заяа энгэрт нь ивэлсэн ижий цэцэг

Үүрдийн жаргалд аялгуу нэмсэн бүсгүй цэцэг ээ .

Шүлэг тэрлэсэн: Давка

Би бүсгүй хүн


Намайг бүсгүй хүн гэдгийг мэддэггүй байлтай

Наадаж хошигносон тоглоом чинь хэтрээд байх юм.

Омголон хүүхэд зангаа чи минь гээгээгүй байлтай

Одоо хүртэл багынх шигээ тоглоод байх юм.

Хайрга чулуугаар айл гэрдэж тоглодог байсан балчир нас минь

Хавар хаврын зөөлөн салхитай хамт биднийг орхижээ.

Одсон он жилүүд хүүхэд насыг минь хайр найргүй элээж

Одоо бид хоёр нэгэнт том хүмүүс болцгоожээ.

Цаг хугацааг хоёулаа ухрааж чадахгүйгээс хойш

Цал буурал өвөө эмээ болтлоо тоглоод байх хэрэг үү

Сэмэрхий туузаа дэрвүүлэн гүйдэг байсан охин насны минь дурсамж

Сэтгэлд минь хааяа гуниг шивнэн бодогддог юм .

Насан багын тоглоом минь амьдрал болон цэцэглээгүйгээс хойш

Намайг хүүхэд биш , бүсгүй хүн гэдгийг минь битгий мартаарай .

Чи минь

Хэн ч харсан дурлахгүй байхын аргагүй идэр сайхан эр болжээ .

Хэнзхэн бяцхан үрдээ хэнээр ч солихгүй сайхан аав болжээ.

Эхнэрийн чинь гар дахь хуримын бөгж минийхэд байсан болоосой гэж мөрөөдөх үе байсаан надад

Эргэх цаг хугацаа сэтгэлийг минь "эвлэрэх" гэдэг эмээр эдгээсэн .

Одоо

Хэн нэгэн эртэй болзохоо чамаас би асуумааргүй байна.

Хэдийд хэнтэй гэрлэхээ ч чамаар би заалгамааргүй байна .

Найзаа гэж бодоод зөвлөдөгт чинь би баярлах ёстой бол чадахгүй нь

Надтай зөвлөж байж эхнэр авсан билүү чи

Согтуу байхдаа надад хайртай гэж ам алдсан гэсэн

Сэтгэлийн биш архины гашуун үг байсан гээд би бодчихьё

Сонс

Их амьдарлын багана түшилцсэн чамд би хайргүй

Ижилхэн бүсгүй хүний нөхөрт би хайргүй .

Цангинасан дуутай өхөөрдөм хүүгийн аавд би хайргүй

Цаг хугацааны сорилтонд бүдэрсэн тэнэг найздаа би хайргүй .

Гэвч

Өөрт минь хайрыг мэдрүүлсэн тэр л хөвгүүнд хайртай .

Өхөөрдөн намайг л ширтдэг байсан харцанд нь би хайртай

Өврөөсөө гаргаж өгдөг байсан чихэрт нь би хайртай

Өрж тоглодог байсан чулуунууддаа би хайртай

Өнгөрсөн хорин жилийн үерхэлдээ би хайртай

Гэхдээ

Хээр орхигдсон дурлалын хойноос толгой гудайн суух араншингүй

Хэн нэгний өмч биш би бүсгүй хүн .

Эзгүй хоосон сэтгэлийн орон зайгаа дүүргэх хайраа эрж байгаа

Эгэл нэгэн аавын хүүд дурлах эрхтэй би бүсгүй хүн .

Шүлэг тэрлэсэн: Давка

Sunday, July 31, 2011

Нэгэн шүлэг


Намрын бороо шиг сэтгэлд минь

Хаврын яргуй ургуулж

Хээцэр талын цэцэг шиг сэтгэлд тань

Хүслийн үгээ шивнэж

Хүмүүн заяа, гуниг бүрээ

Харамын сэтгэлээр хязгаарлаж

Холхи оддын дунд

Холын бодлоо тээж явна би.

Зах хязгааргүй сэтгэлээс

Нэгэн бодлыг ундаалж

Заяа төөрөг бүхнээ

Нууцхан хүсэлдээ шивнэж

Захгүй их сэтгэлийн галд

Нууцхан шатаж

Залуургүй бодлын мананаас

Өөрийгөө хайж

Хайр хэмээх савыг

Сэтгэлийн шүүдэрээр ундаалж

Харгуй хэмээх амьдралд

Сэрүүн зүүдээ манаж

Замбуу тивийн наранг

Үд хүртэл дуулж

Заяа хэмээх тавиландаа

Үдшийн гэгээг тусгаж явна би.

Saturday, June 18, 2011

Отгонтэнгэр уул


Хангайн нуруу нь Монгол орны төв хэсэгт гурван тэрбум жилийн тэртээ, Явран галавт анх үүссэн бөгөөд энэ нуруунаас бусад монголын газар нутаг бүхэлдээ тухайн үеийн цорын ганц гадаад далай болох Номхон далайн залгаас бүхий гүехэн боловч асар их хэмжээний дотоод тэнгисийн ёроолоос, 900 сая жилийн өмнөөс зарим уул үүсч бий болон өргөгдсөөр 800 сая жилийн өмнө тэнгис татран ширгэж, хуурай газар бий болсон гэдэг. Хойд мөсөн далай, Атлант, Энэтхэгийн далайнуудыг 200 сая жил хүрэхтэй үгүйтэй үүсч, Гималайн нуруу 30-аад сая жилийн өмнө үүсэн бий болсныг үзвэл Хангайн нурууны ноён оргил, Отгонтэнгэр “Богд Очирваань” ертөнцийн уулын анхдагч уул гэж үзэж болно.

Халх Монголыг даасан бурхныг Очирваань хэмээнэ. Дэлхий анх галав юүлсэн усан далайгаар бүрхэгдсэн байхуйд гурван тэрбум жилийн өмнө Отгонтэнгэр оргил усан доороос цухайснаар Монголд анх эх газар үүссэнийг “Хаадын сан” цувралын Чингис ханы ботид түүхч академич Н.Ишжамц, Х.Намсрай нар дурдаж баталгаажуулжээ.

Отгонтэнгэр хэмээх нэр нь түрэг, монгол хэлний дундынх гэгдэх “Отхан” буюу “Галын хаан, голомт сахигч”, монгол хэлний эртний үгийн санд “Этүгэн” буюу “Анхны эх газар” хэмээсэн унаган монгол үг ажээ.
Монголчууд энэ уулыг эртнээс тахиж, “Сүмбэр уул”, “Очирваань хайрхан”, “Цаст цагаан уул”, “Отгонтэнгэр”, “Этүгэн уул” хэмээн нэрлэж, цай идээний дээжийг өргөж ирсэн түүхтэй. Монголчуудын хувьд хүрээлэн буй нутаг ус, байгалийн нөхцөл нь ихээхэн үүрэгтэй байсны дээр байгалийн хүчин зүйл, хүний хувь тавилан хоёрын харилцан шүтэлцээг далдын холбоогоор тайлбарлан, тахиж шүтсээр иржээ. Буддын шашны ойлголтоор, Хэнтий ханыг “Намсрай бурхны орон”, Отгонтэнгэрийг “Очирвааний орон”, Хөгнө ханыг “Улаан сахиусын орон” гэсэн нь эдүгээ хүртэл уламжлал болон үлдсэн байна. Эртний Монголд бөөгийн шүтлэг зонхилж байснаас улбаалан, Отгонтэнгэр уулыг ер бусын хүчит эзэн савдагтай хэмээн биширч Бөөгийн ёсны гол тахилга үйлддэг заншилтай байжээ. Отгонтэнгэр уул нь бөө мөргөлийн ч онгон, бурхан шашны ч шүтээн. Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тайх тахилгыг төрийн нэрийн өмнөөс үйлддэг шашин, төрийн хосолмол ёслол бөлгөө.

Хангайн нурууны ноён оргил болох мөнх цаст Отгонтэнгэр уул нь Завхан аймгийн Алдархаан, Отгон сумдын нутагт 4031 м өндөрт оршино. Отгонтэнгэрийг тойрсон 108 төрөл халуун, хүйтэн рашаан, 108 булаг шанд, нуур, цөөрөмтэй. Мөн 108 гол горхи эх авч, эргэн тойрондоо Их, Бага Богд Мандалт Даян, Их мянган, Хатан бэйл, Дуут нуур, өвөр Бадархундага, Мөнгөт цохио, Гэрэлт ам зэрэг байгалийн үзэмжит сайхан тогтоц бүрдсэн. Зуны цагт 2000 метрээс доош бороо, 2000 метрээс дээш цас ялгаран буудаг. Энэ уулын эх бие орчноор мөнх ногоон арц, вансэмбэрүү, ванжингарав, юмдүжин, чихэр өвс, цэнхэр, шар дэгд, согоон сүмэн, алтан гагнуур, зэрэг 400-гаад эмийн ургамалтай, өврийн Бадархундага нуур 1000 орчим метрийн өндөрт эцгийн сөгнөсөн айраг шиг амгалнаа мэлтийн мөнгөн бидэр татуулан байх нь нэн үзэсгэлэнтэй.

Мон­голын олон овог аймаг түрэг угсаатнаас аль эрт Отгонтэнгэр уулыг тахиж байсан бөгөөд хожуу үеийн баримт дурдахад 1585 онд эл уулыг Богд Очир­ваань хэмээн сүсэглэн дээ­дэлж байсан баримт байдаг. Очир­ваанийн орон буюу Отгон­тэнгэрийг анх 1828 онд дархан цаазтай болгож жил бүр тайн тахиж байх зарлиг­ гаргасан байна. Мөн 1911 онд Монгол улс Манжын нөлөөнөөс гарсан даруйд олноо өргөгд­сөн Богд хаант Монгол улсын хууль зар­лигаар Отгонтэн­гэрийг жил бүр тайж тахиж байхаар тог­тоосон байдаг. Эл зар­лиг нь цагийн аясаар саарч 1930- аад оны үеэс бүрмөсөн зогссон юм. Гэвч мон­голчууд Отгонтэнгэр уулаа сэтгэлдээ тээн зуун гол, зуун уулыг давуулан идээ будаа, цайныхаа дээжийг өргөн амь амьдралаа даатган хишиг буян хүсдэг уламжлал тасараагүй билээ. 1995 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тайлгат уул болгон тахилгыг сэргээж, 4 жилд нэг удаа тахиж байхаар тогтоосон байна.

Saturday, May 14, 2011

Нэгэн түүх


Энэ зууны эхэн хүртэл одоогийн Завхан аймгийн Цэцэн-Уул сумын нутагт Галуутайн хүрээ гэж 2000 лам шавилан суудаг Сартуулын томоохон хүрээнүүдийн нэг байлаа. Тэрхүү хүрээнд миний өвөөгийн /аавын/ нагац ах, олондоо Бамба зурхайч гэдэг байсан юм. Багаасаа Яруу, Галуутайн хүрээнд шавилан сууж буддын гүн ухаан, зурхайн ухаанд мэргэшиж, Да Хүрээ, Түвд хүртэл очиж ном хаялцаж явсан аграмба цолтой /одоогийнхоор доктор/ лам нарын нэгэн байжээ. Тэрээр зурхайн ухаанд мэргэшсэн шаггүй нэгэн байсан ба энд өгүүлэх түүх нь үүнийг давхар баталж өгсөн юм гэдэг. Лав л хувьсгал энэ тэрээгээс өмнө юм байх нэгэн цагаан сарын өмнөх нь хошуу ноён Бамба зурхайч дээр ирж гэнэ. Хошуу ноён ирэх жилийнхээ өнгө төрх, засал энэ тэрээ юмаа асууж дуусаад ер нь ингэхэд миний цаашдын тавилан минь хэлж айлдана уу гэж гэнэ. Бамба зурхай зурлага энэ тэрээгээ зурж үзсэнийхээ дараа ийн айлдажээ. "Та мөн сайхан хувь тавилантай хүн юм байна. Олон түмэндээ нэр буянаа хайрласан их л ач тустай хүн юм. Даанч турж үхэх юм байна даа" гэж гэнэ. Хошуу ноён нэг цочисхийснээ ламтанд баярлаж талархалсанаа илэрхийлээд буцаж гэнэ. Цаг хугацаа явсаар ардын хувьсгал ялж, удалгүй феодал, баян хүмүүсийн хөрөнгийн хэдэнтээ хурааж, томоохон ноёд, лам нарыг баривчилан хорьж эхэлж гэнэ. Тэр шуурга хошуу ноёныг тойрсонгүй нэгэн өдөр түүнийг хийгээгүйн хэргийн төлөө гяндан хорьжээ. Мань хошуу ноён өөрийнхөө хийгээгүй хэргийн буруугаа хүлээлгүй гүрийсээр шорондоо турж үхсэн юм гэнэ лээ. Өнгөрсөн 20-р зууны Монголын түүх бол бидний өвгөдийн мөн их цусаар боссон доо.

Sunday, April 24, 2011

Зүгээр л уншаад үзээрэй


Хүмүүст хэрэгтэй ярилцлага байхаар өөрийн блогтоой орууллаа. Учираа олохгүй болсон энэ үед иймэрхүү нарийн учрыг түмэнд түгээх нь сайн үйл мэт санагдлаа.


Тухайлбал бидний ойр дотны хэн нэгэн нас нөгчихөд бид яалт ч үгүй “Алтан сав” буюу шинжээг нь хийлгэдэг. Үүнийг шашны номоор бол үхэгсэдийн зурхай ч гэж хэллэг.
Тэгвэл бид энэ удаа Иргэдэд үйлчлэх “Бодь буян” компаний шинжээч лам, “Зууны манлай зурхайч” Жанжаа хутагт овогтой, аграмба зэрэгтэй Лаваагийн Логойтой ярилцсанаа толилуулж байна. Шашин төр хөл толгойгоо алдсан энэ үед хэн дуртай нь хүний алтан савыг нээж суудаг болсон бөгөөд буруу зөрүү юм хэлж ард үлдэгсэдээр нь тохуурхах болсон нь ч нууц биш. Тиймээс бид энэ тухайд болон ер нь шинжээ гэдэг нь юу юм бэ, хүнд хэрэгтэй юу үгүй юу гэдэг талаас хариулт авахыг хүссэн юм. Тэрбээр одоогоор нэг сая гаруй хүний зурхайг хийгээд байгаа аж.

-Шинжээ гэж яг юу юм бэ? Хүнд ямар хэрэгтэй эд вэ?
-Шинжээ хийх гэдэг нь нас нөхцөгсөдийн буяны зан үйлийг баримтлах ёс заншлыг хэлж байгаа юм. Хорвоод хоёрхон үнэн байдаг шүү дээ. Аливаа амьд организм төрсөн бол үхэх нь үнэн, үхэх нь үнэн учраас мөхлийн үед хүнийг ямар байдаптай байгаагаас шалтгаапан эцсийн замд нь үдэх, үлдсэнд нь нөлөөгүй болгохыг шинжээ гэдэг. Өөрөөр хэлбэл нэгдүгээрт амьдын зурхай, хоёрдугаарт үхэгсдийн зурхай гэж байдаг. Манайд ганцхан хүний шинжээ хийдэг бол, бусад улс гүрэнд нохой, муур тэжээвэр амьтдаа хүртэл шинжээгээр оршуулж, эцсийн замд нь үдэж, буян заяаг нь даатгадаг ёс заншилтай байдаг. Амьдын зурхайг төгс сайн мэдэж байж, цаашдаа шинжээ хийх ёстой. Гэвч манай лам нар амьдын зурхайтай зууралдаад, цааш гүнзгийрүүлэн судалдаггүй, ерөнхий амьдын зурхайгаар бүх юмыг тайлбарлан хэлдэг болоод байгаа.

-Лам нар шинжээг буруу хийснээс болоод нэг жилийн дотор өөрөө нас нөхцдөг гэдэг юм билээ. Энэ үнэн үү? Ер нь хаанаас ямар шалгуураар шинжээ хийх эрхийг олгодог юм бэ?
-Энэ их явдалтай. Шинжээг буруу хийн, хүн буруу оршуулснаар тэр лам лай ланчигаа өөрөө л үүрнэ. Одоогийн лам нар ганц нэг төвд ном уншдаг болонгуутаа нэг сайн судар аваад түүн дээр юу гэж бичсэн байна тэрүүгээр шинжээг гаргаад байдаг. Ганц жишээ хэлэхэд шарилыг ороох өнгө гэхэд л тусгай дэгтэй байдаг. Гэтэл нагва буюу хар, марва буюу улаан өнгийг ялгахгүй шарилыг буруу ороох юм. Уг нь ямар ч сударт шарил ороох ёс байхгүй. Жишээ нь Хөвсгөлөөс ирсэн нэг лам хоёр хар мэнгэтэй хүнийг хар даавуугаар биеийг нь ороо гэсэн байна лээ энэ бол буруу зүйл. Шинжээ гэдэг зүйлийг танхимын сургалтаар юмуу, лекцийн сургалтаар заадаг юм биш. Шавь сургалтаар олгодог юм. Би өөрөө л гэхэд хоёр ч хүнд шавь орон гэрт нь очиж заалгасан. Хуучин уламжлалаар бол шинжээний нэг нууц түлхүүрийг гурван цэн алтаар хэлүүлж авдаг байсан байдаг. Тэр ч утгаараа томхон сүм хийдүүдэд ганцхан лам шинжээ хийдэг ёстой, энэ лам нь хуралд суухгүй, манз бариулаад тусгай гэрт хар бараан хувцастай шинжээ хийдэг байсан байгаа юм. Түлхүүрийг шавь сургалтаар зааж өгсөний дараа багш нь шалгаж үзээд, тэнцсэн тохиолдолд “лүн бан” буюу шинжээ хийх эрхтэй болгосон гэж үздэг байж.
-Талийгаачийн шинжээг яг ямар үед хийх ёстой вэ? Клиник үхлээр үхсэн хүнд шинжээ хийсэн тохиолдол гарч байсан уу?

-Амьсгал хураасан буюу зүрх зогссон цаг минутын мэнгэ суудал байдаг, харин тэрийг мэддэг лам байдаггүй юм шиг байгаа юм. Тиймээс тухайн өдрийн мэнгээр ерөнхийд нь үзээд байдаг. Гэвч ингэж үзэхээр шинжлэх ухааны үндэслэлтэй бодитой гардаггүй. Өөрөө амиа хорлосон ч бай, клиник үхлээр үхсэн ч бай хэзээ үхсэн, хэдийд амьсгал хураасан цаг нь мэдэгдэхгүй, бүр хэдэн сарын өмнө нас бараад яс нь олдохгүй тохиолдолд ч шинжээ хийх нь бий. Одоо үеийн лам нар нарийн юм хөөдөггүй, ерөнхийд нь цаг чигээр нь үзээд л зүг чиг, өдөр судар гаргаад үүнийгээ шинжээ хийлээ гэж хэлээд байгаа. Шинжээ гэдэг чинь бие даасан шинжлэх ухаан болохоос оршуулах ёс биш. Мөн шинжээг нэг л удаа хийх ёстой гэж зарим мэдлэг чадвар муутай лам хүмүүсийг төөрөгдүүлдэг. Монгол хүний нас хэд билээ, цөөхөн насалсан хүнийг насны тоо гүйцсэн гэх ба өөрөө амиа хорлосон цаг бусын үхэлд нэрвэгдсэн байхад мөн насны тоо гүйцжээ гэж худал ташаа хэлдэг.

-Ингэхэд ер нь шинжээ хийлгэсэнгүй гээд ямар нэг муу нөлөө гарах уу?
-Үндсэндээ их муу нөлөөтэй. Өөрөөр хэлбэл үхлийн үүдийг хааж чадаагүйгээс хэдэн cap болоод бас нэг үхэл үзчихсэн уйлаад явж байдаг хүмүүс олон байдаг. Үхэл чинь өөрөө цикл маягтай болохоор арваад жил ч үргэлжилж болно. Тийм учраас үлдсэнийх нь барцадыг арилгаж, үхэгсдийг нь амар жимэр болгон, сэтгэл санааны хувьд өөдрөг болгох үүднээс шинжээ хийж ном уншдаг. Түүнээс биш үхлээ гээд л төрөл арилжсан хэмээн аваачаад булчихаж болохгүй, хүнлэг үзэлд ч таарахгүй, нөгөө талаар талийгаачийг дэндүү доромжилж байгаа асуудал.

-Ийм нэг тохиолдол гарсан байна. Нэг хүн гэрээсээ гарч яваад хоёр cap сураггүй алга болж л дээ. Энэ үед ар гэрийнхэн нь сураг ажиг тавьсаар нас барсан гэдэгт итгээд зурхайчид үзүүлэн алтан савыг нь нээлгэж, хойтохыг нь ёс журмаар нь хийлгэснээс хойш хоёр сарын дараа нөгөө хүн гэртээ хүрээд ирсэн байна. Ийм үед яах вэ? Амьддаа алтан саваа нээлгэсэн хүнд ямар хорлол болох вэ?
-Амьддаа алтан саваа нээлгэх тохиолдол байдаг юм. Хэлмэгдүүлэлтийн үеийн зарим лам нар их шударга байсан юм билээ. “Чихрээ идчихээд буудуулъя” гэдэг байсан гэдэг. Энэ нь сэтгэл шулуудчихсан, цаашдаа амьдрах аргагүй болсон гэдгээ мэдэн биеэ цэвэрлэж шинжээгээ хийлгээд үхье гэсэн үг. Амьд дээрээ хойтохоо чихээрээ сонсч хийлгэдэг байсан гэсэн үг. Тиймээс амьддаа шинжээгээ хийлгэлээ гээд тэр хүнд муу юм болохгүй. Түүнээс гадна амьд хүнийг үхсэн гэж цуурхал тарахад мөнхөрдөг гэдэг эртний үг хүртэл бий. Шинжээ хийж байна гэдэг чинь угаасаа буяны үйл учир хэн хэндээ ямар ч муу нөлөө байхгүй. Тэр хүн эргээд ирсэн байлаа гээд нас нь богиносохгүй. Зарим хүн манай тэрний энэний сураг тасраад удлаа гээд ирдэг л юм. Яс нь ч олддоггүй ийм тохиолдолд гэрээс гарсан он cap, цаг минутаар хүнийг шинжиж үздэг.

-Хэн нэгний алтан савыг нээлгэхэд ихэнхдээ сүнс нь эргэж төрөлдөө төрнө, эсвэл хаа нэг газар төрнө гэж буудаг энэ үнэн үү?
-Сүнсийг одоо үед их судалж байгаа. Сүнс нь материйн гурван шинжтэй хөдөлгөөнтэй холбоотой, нөгөөд шилждэг, эргээд төрдөг генийн удамшилтай байдаг. Сүнс хойд төрөл хоёрыг үгүйсгэж болохгүй. Ер нь амьд организм өнгөрөөд өөр биед шилждэг нь үнэн. Түүнийг эргэж хүний сайн төрөлд оруулах, үлдсэнд нь ямар нэг нөлөөгүй болгохын тулд алтан савыг нээдэг журам ч бий, хаадаг журам ч бий. Гэхдээ “Хойд зүгт хонин гүрвэл болж төрнө” гэдэг шиг тэгж сайн хэлж чадах хүн одоогоор байхгүй.

-Хойтохийг буруу хийснээр чөтгөр болдог гэдэг үнэн үү? Мөн үүнээс болж сүнс төрлөө олохгүй хэсч тэнэж явдаг ч гэдэг.
-Энэ их онцлогтой л доо. Лам нар хүний хойтохийг санаатай буруу хийнэ гэж байхгүй. Буруу хийдэг хүмүүст алтан савны “лүн бан” өгөх ч ёсгүй. За яахав санаатай буруу хийлээ гэхэд лай ланчигаа өөрөө л үүрдэг. Буруу юм хийхээс буцахгүй лам нар олон бий нь бий. Хүн алж, хулгай ч хийж байна. Жишээ нь өөрийгөө шатаасан нэг хүн алтан сав нээж байна гэж сураг гараад л байгаа. Мөнгө олохын тулд өөрийгөө шатааж баяжчихаад одоо алтан саваар тоглох хэрэггүй л баймаар юм даа.

-Та нар тийм хүмүүст хандан эсэргүүцэл үзүүлж болдоггүй юм уу?
-Би тэдэнтэй харгалдаад яах ч билээ. Угаасаа юм учиртай гэж хэлсэн. Хамгийн гол нь ямар ч хүнийг хүүхэд хөгшин гэхгүй нас барсаны хойно заавал шарилыг нь хүндэтгэх ёстой. Монголчууд нас барсан хүний ясыг өндөлзүүлнэ гээд нэрийг нь ч дурсдаггүй, энэ бол их харгис үзэл. Одоогоор би нэг сая гаруй хүний алтан савыг нээсэн болохоор адал явдлын роман боть зохиол ч бичиж хүрэхүйц их юм байгаа. Амьддаа бие биеэ хайрлахгүй, нас барсан хойно нь гавъяа шагналыг нь дуудахгүй, үлдсэнийг нь ч хайрлахгүй аливаа юмны мөхлийн шат руу орчих гээд байна даа. Мэдлэг муутай, хүний сэтгэл санаагаар оролдомтгой зарим лам нар талийгаачдын зургийг далд тавь гэж хүртэл хүмүүсийг ташааруулдаг болсон байна лээ.

-Талийгаачийг ихэнхдээ гурав дахь юмуу тав дахь өдөр оршуулдаг. Гэтэл саяхан би дөрөв дэх өдөр оршуулга болж байгааг харлаа. Ямар хүнийг дөрөв дэх өдөр гаргадаг юм бэ?
-Баруун талын аймгууд дөрөв дэхь өдрийг “хишиг өдөр” гэж үздэг учраас тухайн өдөр ил тавьж, нохой шувууны хоол болгон лус баярлуулах ёс заншил байдаг. Гэхдээ шинжлэх ухааны үндэслэлд үхэр, луу, нохой жилтэй хүнийг дөрөв дэх өдөр гаргаж болдоггүй.

-Мэддэг мэддэггүй энэ олон лам нараас болгоомжлох үүднээс ч гэдэг юм уу аль хийдийн лам, зурхайчид хандаж алтан сав нээлгэвэл зохистой вэ?
-Алтан савыг бүтнээр нь нээсэн судар гэж байхгүй. Ишбалжирийн алтан сав байдаг. Энэ судраар үзэж болно. Гэхдээ их эртнийх тул минутын мөчлөгийн нарийвчлал энэ сударт байдаггүй. Висийн математик учраас их нарийн. Одоогийн зурхайч лам нар суудал ч сайн мэддэггүй учраас алтан савыг жинхэнээр нь нээж хүнд тус болж буян үйлдэн, үхсэний барцадыг арилгана гэж байхгүй. Зарим газар лам нар зохион байгуулалттайгаар 200-300 мянган төгрөгөөр ил тавина, гэрээр чинь лүүжин тавиад өгье гэдэг.Тэр лүүжин нь сайн лүүжин ч байдаггүй. Зүгээр л нийтийн чанартай халтуур хийсэн ийм хүмүүс алтан саваар тоглоход бэлэн байна. Тэд өргөл барьц их өгч олон ном уншуулж, буян их хийвэл эргэж төрөлдөө төрнө гэж төөрөгдүүлдэг. Тэр битгий хэл гэртээ нас барсан хүнд гэрт нь ном уншиж болохгүй гээд сууж байна шүү дээ. Ийм зурхайчийг ямар зурхайч гэх юм бэ? Ер нь тэнд энд оч гэж хэлэхэд их хэцүү. Хүний өөрийн нь сүсэг мэдэх хэрэг дээ. Тэрнээс гадна хүн гэдэг өөрөө их хачин амьтан. Хүн алчихаад алтан савыг нь нээлгэх гээд гэмгүй царайлаад сууж байдаг хүн байна шүү дээ. Тийм хүмүүс азаар над дээр нэг их ирдэггүй. Өөрийнх нь хамаг булхайг гаргана гэж эмзэглээд ойр зуур өдөр судар, зүг чиг үздэг лам руу явдаг шиг байгаа юм.

-Лүүжинг нилээд ур чадвартай, зэрэг дэвтэй лам нар тавих ёстой юу? Зарим хийдийн залуухан лам нар лүүжин тавьж өгнө гэдэг.
-Лүүжин дотроо гурван төрөл байдаг. Жарзын, бузрын, үхээрийн гэж. Улааны шашныхан тавьдаг болохоос зүгээр нэг хурлын лам тавихгүй. Дамар нь өөр, хонх нь ч өөр цулгай цагаан хонхтой хүрэн хувцастай, тусгай малгайтай лам нар тавьдаг. Дэчинчойнхорлин, Пунцаглан, Төмөр замын, Баян-хошууны хийдүүд л лүүжин сайн тавина. Бусад нь нийтийн лүүжин гэж тайзны тоглолт шиг юм хийгээд нас барсан хүнд тус болохоосоо саад болж шар улааны шашны номыг холиод халтуурдаж байгаа.

-Та хүмүүсийн хүсэлтээр гэрт нь очиж талийгаачийн биед хүрэх ч юм уу янз бүрийн зан үйл хийдэг үү? Эсвэл дан ганц алтан саваа нээдэг үү?
-Тийм тохиолдол гардаг ч тэр болгон айлаар явах боломж байдаггүй. Шөнийн цагаар хүмүүс утасдаад “Одоо амьсгал хурааж байна ном уншиж, хонх дуугаргаад өгөөрэй” гэдэг. Гэвч алтан савыг шөнө бас муу цагт нээдэггүй болохоор би тэр зарчмаа л дагаж ажилладаг даа.

-Ингэхэд та өөрөө гарын шавь бэлдэж байна уу?
-Гол түлхүүрээ хэлж өгдөг шавь нар бий. Хөвсгөл, Дорнод, Өвөрхангайд байгаа.

-Сонирхолтой ярилцлага өгсөн таньд баярлалаа.

Эх сурвалж: http://www.anduud.net/

Тайлагдашгүй нууцуудыг судалдаг алдарт эрдэмтэн Кольскийн хойгийг зорилоо


Сэтгүүлч Сергей Андреев (“Комсомольская правда”, 20.08.2010)

Уфа хотоос хоёр машинаар 10 хүн Мурманск мужид ирлээ. Энэ хүмүүс олон салбарын эрдэмтэн, дэд эрдэмтэд. Тэдний ахлагчаар нь нууцлаг бүхнийг цуцалтгүй судалдаг Эрнст Мулдашев байх аж. Э.Мулдашевийн багийнхан энэ удаад Кольскийн хойгийг зорих нь. Хүнгүй, нам гүм тэрхүү газарт судлаач маань юу олохоор мэрийж байгаа юм бол?

Шамбалын орон, Бурхадын хот ба Шантамани (Чандмань) чулуу

“Ертөнц дээрх хамгийн аймаар зүйл бол залхуурах явдал. Энэ чинь чөтгөрийн үзэгдэл гэдгийг хүмүүс ер ойлгодоггүй” гэх оршил үгсээр Эрнст Мулдашев яриагаа эхлэв.

Мулдашев бол нүдний эмч. Гайхалтай мэс заслуудыг хийдэг. Харин чөлөөт цагаараа тэрбээр Шамбалын орон, Бурхадын хотыг эрэх аялалд гардаг бөгөөд энэ талаараа ч хэд хэдэн ном бичсэн.

“Мурманск мужид хийж буй миний аялал 17 дахь нь юм. Ирэх жил Чингис хааны мөрөөр Монгол руу аялахаасаа урьтаж Кольскийн хойгийг зорьж буй маань энэ. 2006 онд Монголд аялах үеэр Чингис хааныг алдарт Чандмань чулууны 9 дэх хэлтэрхийг эзэмшиж байсан талаар бидэнд ярьж өгсөн юм” гэж Мулдашев ярилаа.

Чандмань чулуу гэж юу вэ. Дорно зүгийнхний домгонд дэлхий дээрх амьдрал программ хэлбэрээр сансраас ирсэн гэх бөгөөд энэхүү программ Чандмань чулуун дээр бичигдсэн байдаг аж. Үүний тусламжтайгаар Бурхадын хот босч энд л анхны хүн болон дэлхий дээрх бүх амьд биетүүд үүссэн хэмээн Э.Мулдашев тайлбарлаж өгсөн юм. Домгонд хэлсэнчлэн Чандмань чулуу өдгөө Түвдийн нэг цамхаг дээр бий гэнэ.

“Би тэр байшинг харсан шүү. Ойролцоогоор 600 метрийн өндөртэй, эгц хануудтай, гурван баганатай юм билээ. Цамхагийн орой дээр гурван давхар байшингийн өндөртэй пирамид байрладаг. Нисдэг тэргээр ч хүрэх аргагүй болохоор чулууг авах арга байхгүй. Чандмань чулуу 9 хэсэгтэй. Найман хэсгийг нь дэлхий дээр ашиглачихсан гэдэг. 9 дэхийг нь өнөөг хүртэл ашиглаагүй байгаа. Чандмань чулуу энэ хэлтэрхийтэйгээ үе үе гэрлээр холбогддог. Далайн төвшнөөс 5.5 км өндөрт орших Түвдэд байх их хэцүү. Амьсгал давчдаад байдаг. Гэтэл шөнө 70 км-ийн урттай хагас дугуй хэлбэртэй гэрэл цацарч эхэлдэг. Энэ үзэгдлийг лам нар бидэнд 9 дэх хэлтэрхий Чандмань чулуутай холбогдож байна гэж тайлбарлаж өгсөн” гэж Э.Мулдашев тайлбарлав.

Энэ хэлтэрхий тийм ч том биш аж. Гэхдээ энэ хэлтэрхийг ашиглахын тулд нэгэн тарнийг мэдэх шаардлагатай гэнэ. Чингис хаанд Бурхан тэрхүү тарнийг хэлж өгснөөс гадна энэхүү хэлтэрхийний байршлыг ч зааж өгсөн гэж түвд лам нар ярьдаг аж. Тийм ч учраас Чингис хаан дэлхийн талыг эзэлж чадсан биз ээ. “Чингис хаан Монголоос Герман хүрсэн ба Хятадаар дамжин Ява арлууд дээр хүрч чадсан юм шүү дээ” гэж Э.Мулдашев бахархалтай нь аргагүй өгүүлэв.

Тэрбээр цааш үргэлжлүүлэн ярихдаа “Энэ бүх улсыг зөвхөн сэлэмний ачаар эзлэн авах боломжгүй юм. Монголчууд Чингис хааныг үнэн хэрэгтээ дэлхий дээр энх тайван байдлыг тогтоохыг эрмэлздэг байсан гэж нотолдог. Тэрбээр хүмүүсийн (удирдагчдын) сэтгэхүйд ямар нэгэн байдлаар нөлөөлж, байлдах эрч хүчийг нь алдагдуулдаг байжээ. Дэлхийн хүмүүс энхтайван амьдарч, дотоод зөрчилдөөний улмаас бие биеийнхээ амийг хөнөөх явдлыг зогсоох хэрэгтэй гэж ярьдаг байсан гэдэг. Тухайлбал, Орос улсад ноёлж байсан татар-монголын дарангуйллын 300 жилийн хугацаанд нийтдээ 20 мянган хүн л нас барсан байдаг. Гэтэл үүнээс өмнө яг ийм хугацаанд дотоодын зөрчилдөөний улмаас 200 мянган хүн нас барсан байдаг юм шүү дээ” гэлээ.

Сейдозерогийн “солиорол”

Тэгвэл Чингис хаан Кольскийн аралтай ямар хамааралтай юм бол. Э.Мулдашевийн бодож буйгаар, агуу удирдагчийн гипноз хийх авьяас нь “хойт туйлын солиорол” (северный психоз) гэдэг өвчинтэй холбоотой байх магадлалтай гэнэ. Харин энэхүү өвчин хойд туйлын яг энэ бүс нутагт дэгдэж байжээ. Энэ өвчнийг туссан хүн нэг ёсондоо зомби (ороолон) болон хувирч ямар ч тушаалыг биелүүлэгч болдог гэнэ. Нэг тийм биоробот болдог аж.

“Энэ өвчин фашист Германы удирдлагуудын сонирхлыг ихэд татсан гэдэг. “Аненербе” (III Рейхийн үед Эртний өв уламжлал, тайлагдашгүй нууцуудыг судалж байсан байгууллага) Кольскийн хойг руу хүртэл шинжилгээний анги илгээсэн байдаг. Аяллын багийн гол зорилго нь дээрх солиорлыг үүсгэж чаддаг бөөг хулгайлж авчирахад оршиж байжээ. Энэ бөөгийн тусламжтайгаар немцүүд дайсны цэргүүдийг гипнозонд оруулж эсэргүүцэх чадваргүй болгох байв. НКВД (ЗСБНХУ-ын Дотоод хэргийн ардын комиссариат) ч бас үүнийг сонирхож хөөцөлдсөн байдаг” хэмээн Э.Мулдашев сонирхуулав.

1922 онд Александр Барченкогийн багийнхны хийсэн аялал хамгийн алдартай нь. Энэ багийнхан Мурманск мужийн Сейдозеро нуурын орчимд бачуухан амтай нэгэн нууцлаг агуй олсон гэдэг. Энэ агуйд орж чадсан хэн боловч солиоролд автдаг аж. Яг ийм гипнозыг хийж чаддаг нэг бөө өнөөдрийг хүртэл Кольскийн хойг дээр амьдарч байгаа гэнэ. Тэр хүнийг хайж олох нь л Э.Мулдашевийн багийн зорилго. Багийн гишүүн Анатолий Алексеев Якутын улсын их сургуульд багшилдаг. Бөө судлалаар ОХУ-даа хамгийн гол мэргэжилтэнд тооцогддог.

“Би 15 жил бөөгийн элдэв үзэгдлийг судаллаа. Африк, Бразилийн бөө нартай уулзаж байсан. Технологийн өндөр хөгжилтэй Япон, Өмнөд Солонгос, Шинэ Зеландад ч бөө нар ажиллаж амьдардаг юм билээ. Бас Зүүн Сибирьт ч байна. Би ном, архивын материал дээр ажилладаггүй. Бөө нартай биечлэн уулзахыг эрхэмлэдэг” гэж Анатолий Алексеев хэлэнгээ бөө нарын хэдэн зураг гаргаж үзүүлэв. Зурган дээрх бөө нарын гар дээр гал дүрэлзэж байх юм. “Бөө нарын зургийг би өөрөө авдаг. Тэгэхгүй бол хүмүүс эдгээр зургийг фотошопоор янзалсан гэж бодно. Энэ зураг дээр Галын сүнс харагдаж байна. Өндөр настай бөө нь залуу бөөдөө эрдэм зааж өгч, оюун ухааныг нь хурцалж байгаа үе. Хүн бүр Бурхантай үл үзэгдэх утсаар холбогдсон байдаг. Энэ утас тасрах л юм бол тэр хүн үхнэ. Харин бөө нар энэхүү холбоог уртасгаж чаддаг юм. Тэд шинжлэх ухаан эсвэл бусад шашинтай тэмцэлддэггүй гэдгийг шуудхан хэлье. Зөвлөлт засгийн үед би шашин шүтдэггүй, улаан коммунист явлаа. 1995 онд нэг бөө намайг зүрхний шигдээсээс аварсны дараа би тэд нарт итгэдэг болсон юм” гэлээ.

Ловозерскийн тундра дахь агуй

“Зомби болсон буюу солиорсон хүмүүсийг би өөрийн биеэр харсан” гэж Эрнст Мулдашев ярив. “Крит арлын (Грекийн арал) жижигхэн тосгонд энэ үзэгдлийг харсан. Нутгийн шидтэн Маркос гэгч тосгоны тэн хагасыг солиоролд оруулчихсан байна лээ. Хүмүүс тэр хүний эрхшээлд бүрэн орж, чидун жимсийг шуудай шуудайгаар нь зөөж авчран тос шахаж өгч байхыг нь бид өөрсдөө харсан. Тэр хүний сайн мууг бид дүгнэх эрхгүй л дээ. Тэр тосгоны хажууханд нэг агуй байсан. Эртний Грек домгонд гардаг Минотавр (үхэр толгойтой хүний биетэй мангас)-ын агуй (лабиринт). Тэр агуйг бид анх олсон шүү. Маркос биднийг тэр агуй руу орохыг зөвшөөрсөн ч 20 минут л байхыг зөвлөсөн. Учир нь 20 минутаас удвал энэ агуйн хүч үйлчилж эхэлдэг аж. Тэгэхээр нь би зориуд 20 минутаас илүү хугацаагаар тэр агуйд үлдсэн. Тэгтэл үнэхээр миний толгой эргэж, дотор муухайрч эхэлсэн шүү. Маркос агуйн тэр хүчийг ашиглаж чаддаг гэж ярьж байна лээ” хэмээв.

Крит арал руу хийсэн тэр аялалд математикч Шамиль Цыганов бас оролцжээ. Тэрбээр Пуанкарын онолыг ашиглан дэлхийн лабиринтууд (орох, гарах хаалга нь олдохын аргагүй олон өрөөнөөс бүрдэх байр)-ын байрлалыг тооцоолж гаргасан талаар Э.Мулдашев ярьж өгөв. Цыгановын тооцоолсноор, дэлхийд ердөө 24 лабиринт байгаа гэнэ. Нэг нь энэхүү Кольскийн хойг дээрх Сейдозеро нуурыг тойрсон Ловозерскийн тундрт байрладаг гэнэ. Лабиринтуудын чанх дээр нь солиорох үзэгдэл явагддаг аж. Харин Александр Барченко 90 жилийн өмнө тэр лабиринт руу орох үүдийг нь олсон бололтой. Эрнст Мулдашев тэрхүү лабиринт руу орох үүд нь Сейдозеро нуурын гүнд байж болзошгүй гэж үзэж байгаагаас гадна нуурыг хоёр ёроолтой гэдгээс эмээж байгаа аж.

Бид ч бас зомби болдог

“Өдөр тутмын амьдралд биднийг зомби болгох үйл ажиллагаа явагдаж байдгийг та мэдэх үү” гэж Эрнст Мулдашев асуув. “Шударга байя л даа. Тухайлбал, зар сурталчилгаа биднийг зомби болгодог биз дээ. Үүнээс болж бид ямар ч хэрэгцээгүй барааг худалдан авсаар л байгаа. Зар сурталчилгаа сүүлдээ бүр хэрээс хэтэрч хавдрын эсрэг эм, бэлдмэлүүдийг хүртэл сурталчлах болсон. Эмч хүний хувьд би үүнийг огт зөвшөөрдөггүй. Бодит амьдрал дээр хүмүүс цус харах дургүй. Тэгсэн хэрнээ цус урсгасан үзэгдлүүдтэй Америкийн зодоонтой хогийн кинонуудаас хүнийг тамлаж, егүүтгэж буй үйл явцыг сонирхон үзсээр байдаг. Ер нь ийм төрлийн киног үзэх нь хүний үнэргүй явдал мөн. Тэгсэн атлаа хүний удмыг үргэлжлүүлэх чухал үйлс болох энгэр зөрүүлэх ажлыг сурталчлахыг хориглодог нь хамгийн сонирхолтой. Бид зомби болсоор эцэстээ зүгээр л хоол боловсруулах этгээд болж хувирлаа шүү дээ” гэв.

Нэрт аялагч маань энэ удаагийн аялал ямар үр дүн өгөхийг таамаглах боломжгүй талаар ярьж өгөв. Ихэнх тохиолдолд хүссэндээ хүрч чаддаггүй аж. Тиймээс үр дүнг төлөвлөж болдоггүй гэнэ. “Дэлхий ертөнц бидний бодож байгаагаас илүү төвөгтэй, нарийн. Материаллаг ертөнц гэж байхад биегүй ертөнц гэж бас бий. Юутай ч энэ ертөнцийг илүү сайхнаар харахыг хичээцгээе” хэмээн Мулдашев уриаллаа.

Эх сурвалж: http://www.fact.mn/

Saturday, April 23, 2011

Онигоо гэж



Сэхээнд байгаа юм аа
Диваажинд хоёр нөхөр шатар нүүж сууна. Нэг нөхөр хаалгаар орж гараад байна гэнэ. Тэгсэн нэг нь -Чи яагаад хаалга онголзуулаад байгаа юм бэ гэхэд,
-Аа, хөгшин чинь сэхээнд байгаа юм аа.

Танилтай хүн талын чинээ

Том танилтай, бага танилтай, огт танилгүй 3 айлын хүүхэд шалгалт өгч байна гэнэ. Том танилтай айлын хүүгээс ямар улсад атомын бөмбөг дэлбэрсэн бэ гэтэл Японд гэжээ. Зөв онц гээд бага танилтай хүүгээс асуутал Японд гэжээ тэгэхээр нь аль хотод гэтэл Хирошима гээд онц дүн авлаа. Огт танилгүй айлын хүүхэд ирээд Японы Хирошимад 1945 онд дэлбэрсэн 294000 хүн нас барсан гэж хариулжээ. Гэтэл багш бодож байснаа нас барсан хүмүүсийн бүгдийнх нь овог нэрийг бич гэжээ.

I'm sorry
Эмээ түцнээс соруултай ундаа аваад явж байтал нэгэн гадаад хүн хөлөн дээр нь гишгээд
-Sorry гэтэл эмээ соруулахгүй шүү. Гадаад хүн:
-I'm sorry гэж хэлтэл эмээ:
-Амсуулахгүй шүү.

Гар утас шиг найз охин
-Миний найз охин яг гар утас шиг
-Тийм орчин үеийн хэрэгцээтэй гэсэн үг үү?
-Миний мөнгө дуусахаар ярилцаж болохоо больчихдог юм.

Солиороогүй биз
Чукча нар хятадуудад дайн зарлажээ.
Цаадуул нь чукчагийн нутгийг газрын зураг дээрээс хайж хайж олоод, тийш нь төлөөлөгчдөө илгээжээ.
Хужаанууд чукчагийн урцад орж ирээд асууж байна гэнэ.
-Чукча та нар бид нарт дайн зарласан байна. Гэтэл манайх тэрбум хүнтэй, та нар хэдхэн мянгуулаа. Та нар арай солиороогүй биз?
-Нээрээ тийм байна шүү, ...та нарыг чинь одоо тэгээд оршуулах гэхээр газар хүрэх юм болов уу?

Товчилсон үлгэр
Хэрээ амандаа бяслаг зуугаад мөчир дээр сууж байтал үнэг мод барьсаар юу юугүй давхиж ирээд толгой руу нь цохиж унагаачихаад бяслагийг нь аваад зугтаачихлаа гэнэ. Хэрээ ухаан орсноо:
-Бүхэл бүтэн үлгэрийг ингэтлээ товчлоод байхдаа яахав дээ! хэмээн ёолжээ

Тантай адилхан юм
Нэг генерал ачтай болжээ. Хэнтэй адилханыг нь мэдэхээр амаржих газар луу туслахаа явуулав.
-Тантай адилхан юм! гэсээр туслах нь баяр хөөртэй ирэв.
-Тодорхойхон илтгээч гэж генерал тушаав.
-Таны ач хүү тань шиг халзан, цондгор гүзээтэй, бас юу ч сэтгэж чадахгүй мөртлөө үргэлж хашгирч байна.