Tuesday, August 30, 2011

Намар


Сэрүү орон бороо татрахад намар болсныг би мэдэрдэг

Сэтгэл эзгүйрэн гуниг хурахад намар эхэлдэг

Саруул тэнгэрт шувууд сүрэглэн алслахад намар үргэлжилдэг

Сайхан ижийдээ үнсүүлээд алсыг зориход намар болдог.



Ажил ундарч амралт дуусахад намар болдог


Адуу янцгааж айраг исэхэд намар үргэлжилдэг

Ааруул зузаарч нар шарахад намар уртасдаг

Айлын хүмүүс төврүү нүүхэд намар эхэлдэг



Автомашин хотруу хөвөх нь намар болсны шинж


Амраг хосууд хуримаа хийдэг нь намар цагийн өнгө

Хүүхэд бужигнаж сургууль цуглахад намар үргэлжилдэг

Хөдөө эзгүйрч хот дүүрэхэд намар болдог



Цасан бударч хүйт ороход намар дуусдаг


Цаанаа л нулимстай хорвоод намар болсноор өвөл болдог

Цээж минь эзгүйрч гуниг хурахад чамайг би үгүйлдэг.

Sunday, August 7, 2011

Дархадын нисдэг 7 бөөгийн тухай


Дархад нутгийн түүх домогт нисдэг 7 бөө гэдгээрээ алдаршсан бөө нар:

1.Арилдий бүргэд зайран: Түүний жинхэнэ нэр нь Хүрэлдэй гэдэг. Баглаан удганы хүү, бөгөөд ниссэн 7 бөөгийн манлай гэж үздэг. Бүргэд болон хувирдаг, Манжийн засаг захиргаа, тэдний гар хөл баяд ноёдын адуу малаас хөөж, ядуу ардад тараан өгдөг шилийн сайн эрсийн нэгэн байжээ.

2. Пунцаг зайран: Шишгэдэд Хонин өндөр уулын бэлээр нутагладаг байсан энэ зайран алдарт Мачир зайрангийн хүү бөгөөд төрсөн дүү нь Ховдод нисэж буусан гэгддэг Дулам удган ажээ.

3. Сунхи бөө: Алдарт Татай удганы хүү, Хаж зайрангийн шавь

4. Соёд удган: Ар Тагны отогт амьдарч байсан.(одоогоор бол Монгол шарын даваа орчимд) Нөхөр нь Сөөхий Хүрэлдэй баатар бөгөөд 5 хүүтэй бөгөөд тэд бүгд бөө нар байсан гэдэг. Нэг гэр бүлийн энэ 7 бөөгийн онгодыг Хэмчигийн долоо юм гэж нэрлэдэг ба Монгол Шарын давааны баруун хярын дэвсэг дээр онгодын асар нь одоо хүртэл байдаг.

5. Хиргис бөө: Тагна Саяаны нутагт байсан Уйгар Хиргис аймгийн удмын Түрэгээс тасарч Дархадад үлдсэн хүмүүсийн удмын алдарт удган юм. Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Тэнгисийн голын хамгийн эхний зоо болох Улаан модонд онгодын нь асар нь байдаг.

6. Дулам удган: Пунцаг зайрангийн төрсөн дүү. Энэ удган нь гэртээ бөөлж байгаад тэнгэрийн их увьдасаар Дархад нутгаас Ховдод очиж нисэж буусан гэдэг бөгөөд одоо Ховдын шүтээн болон заларсан юм. Дулам удганы онгод нь Хогоргын голын зүүн талд байрлах Бурианы амны доор ганц хөгшин модонд байдаг. Аав болох Мачир зайран, ах болох Пунцаг зайран нарын онголж тавьсан газарт цуг байдаг билээ.

7. Дамжил бөө: Санж бөөгийн хүү, Банзар бөөгийн дүү болох алдарт Дамжил зайран нь Зулын тээхний шүтээн болсон бөгөөд Буянт голын хайрханд онгодын асар нь байдаг юм.

Эх сурвалж: http://darkhadbuu.blog.gogo.mn/

Wednesday, August 3, 2011

Бүсгүй цэцэг


Бүсгүй хүн цэцэг хоёр адилхан гэнэм

Бодлогогүй хэлсэн нэг л үгэнд чинь

Борхон зүрх нь шархалдаг юм

Болчимгүй хийсэн ганц алдаа л

Буцааж болохгүй гомдол болон үлдэнэ

Байгаль ээжийн урлал юм болов уу

Бурхан багшийн бүтээл ч юмсан уу

Аль нь ч байсан ялгаагүй

Энхрийхэн тэр бүсгүй цэцгийг

Эр хүн таньд л зориулж бүтээсэн болохоор

Сэвгүй ариун хайранд нь сүүдэр унагаж

Сэтгэлийг нь битгий сэвтүүл

Эрх хонгор аашийг нь элдэвлэж бүү эвд

Эрэвгэр хархан нүдэнд нь нулимс бүү хуруул

Мишээл тодруулж явах хөөрхөн уруулыг нь

Мурчилзуулж өмөлзүүлж битгий уйлуул

Хайранд чинь дэлгэрэх энхрийхэн цэцэг

Үрийн заяа энгэрт нь ивэлсэн ижий цэцэг

Үүрдийн жаргалд аялгуу нэмсэн бүсгүй цэцэг ээ .

Шүлэг тэрлэсэн: Давка

Би бүсгүй хүн


Намайг бүсгүй хүн гэдгийг мэддэггүй байлтай

Наадаж хошигносон тоглоом чинь хэтрээд байх юм.

Омголон хүүхэд зангаа чи минь гээгээгүй байлтай

Одоо хүртэл багынх шигээ тоглоод байх юм.

Хайрга чулуугаар айл гэрдэж тоглодог байсан балчир нас минь

Хавар хаврын зөөлөн салхитай хамт биднийг орхижээ.

Одсон он жилүүд хүүхэд насыг минь хайр найргүй элээж

Одоо бид хоёр нэгэнт том хүмүүс болцгоожээ.

Цаг хугацааг хоёулаа ухрааж чадахгүйгээс хойш

Цал буурал өвөө эмээ болтлоо тоглоод байх хэрэг үү

Сэмэрхий туузаа дэрвүүлэн гүйдэг байсан охин насны минь дурсамж

Сэтгэлд минь хааяа гуниг шивнэн бодогддог юм .

Насан багын тоглоом минь амьдрал болон цэцэглээгүйгээс хойш

Намайг хүүхэд биш , бүсгүй хүн гэдгийг минь битгий мартаарай .

Чи минь

Хэн ч харсан дурлахгүй байхын аргагүй идэр сайхан эр болжээ .

Хэнзхэн бяцхан үрдээ хэнээр ч солихгүй сайхан аав болжээ.

Эхнэрийн чинь гар дахь хуримын бөгж минийхэд байсан болоосой гэж мөрөөдөх үе байсаан надад

Эргэх цаг хугацаа сэтгэлийг минь "эвлэрэх" гэдэг эмээр эдгээсэн .

Одоо

Хэн нэгэн эртэй болзохоо чамаас би асуумааргүй байна.

Хэдийд хэнтэй гэрлэхээ ч чамаар би заалгамааргүй байна .

Найзаа гэж бодоод зөвлөдөгт чинь би баярлах ёстой бол чадахгүй нь

Надтай зөвлөж байж эхнэр авсан билүү чи

Согтуу байхдаа надад хайртай гэж ам алдсан гэсэн

Сэтгэлийн биш архины гашуун үг байсан гээд би бодчихьё

Сонс

Их амьдарлын багана түшилцсэн чамд би хайргүй

Ижилхэн бүсгүй хүний нөхөрт би хайргүй .

Цангинасан дуутай өхөөрдөм хүүгийн аавд би хайргүй

Цаг хугацааны сорилтонд бүдэрсэн тэнэг найздаа би хайргүй .

Гэвч

Өөрт минь хайрыг мэдрүүлсэн тэр л хөвгүүнд хайртай .

Өхөөрдөн намайг л ширтдэг байсан харцанд нь би хайртай

Өврөөсөө гаргаж өгдөг байсан чихэрт нь би хайртай

Өрж тоглодог байсан чулуунууддаа би хайртай

Өнгөрсөн хорин жилийн үерхэлдээ би хайртай

Гэхдээ

Хээр орхигдсон дурлалын хойноос толгой гудайн суух араншингүй

Хэн нэгний өмч биш би бүсгүй хүн .

Эзгүй хоосон сэтгэлийн орон зайгаа дүүргэх хайраа эрж байгаа

Эгэл нэгэн аавын хүүд дурлах эрхтэй би бүсгүй хүн .

Шүлэг тэрлэсэн: Давка