Намрын бороо шиг сэтгэлд минь
Хаврын яргуй ургуулж
Хээцэр талын цэцэг шиг сэтгэлд тань
Хүслийн үгээ шивнэж
Хүмүүн заяа, гуниг бүрээ
Харамын сэтгэлээр хязгаарлаж
Холхи оддын дунд
Холын бодлоо тээж явна би.
Зах хязгааргүй сэтгэлээс
Нэгэн бодлыг ундаалж
Заяа төөрөг бүхнээ
Нууцхан хүсэлдээ шивнэж
Захгүй их сэтгэлийн галд
Нууцхан шатаж
Залуургүй бодлын мананаас
Өөрийгөө хайж
Хайр хэмээх савыг
Сэтгэлийн шүүдэрээр ундаалж
Харгуй хэмээх амьдралд
Сэрүүн зүүдээ манаж
Замбуу тивийн наранг
Үд хүртэл дуулж
Заяа хэмээх тавиландаа
Үдшийн гэгээг тусгаж явна би.