Friday, October 8, 2010

Нэгэн дурсамж


Өнөөдөр нэтээр тэнэж явтал заставын хүүхдүүд гэсэн зургийг хараад сэтгэл миний нэгэн түүхийг хүүрнэхэд хүргэлээ. Миний хүүхэд нас алс холын баруун хязгаарын нэгэн буйдхан заставт өнгөрсөн билээ. Би хүн болж ухаан орох үед миний хажууд цэрэг эрс, заставын хэдхэн бор байшингууд байсныг их тод санадаг юм. Их уйтгартай. Хот хүрээ гэдэг газар ямархуу байдаг бол хорвоо дэлхий хаана төгсдөг бол гээд хүүхдийн гэнэн бодол одоо ч хүртэл сэтгэлийн минь гүнд хадгалаастай байдаг. Тэнгэр ширтээд голын боргио сонсоод дүүтэйгээ элдэвийн мөрөөдөн хэвтэх хамгийн жаргалтай мөчүүдийн нэг байж дээ. Тэгэхэд би бараг 5 нас хүрч байсан. Зуны нэгэн бороотой үдэш дүү бид 2 ид нойрондоо дугжирч байтал ээж минь "Хүүхдүүдээ сэрээрэй" гэж биднийг босгоод хувцаслалаа. Ээж дүү бид 2-г хувцаслаж байхад цонхоор цахилгаан цахиж энд тэндгүй тэнгэр дугарсан их бороотой орсон шөнө байсныг тодхон санадаг юм. Тэр шөнө аав, заставын дарга эзгүй,ээж дүү бид хэдээс гадна шинэ 10 гаруй цэрэг байсан байх. Харуулын дарга ээжид заставын гаднах окопоор хүн яваад байх шиг байна цагийн байдал зарлаж застав түгшүүр зарлаж л дээ. Ээж биднийг хувцаслаад цэргүүдтэйгээ зөвлөлдөөд бүхэл шөнөжигөө тэр окопуудаар явсан юм. Бороо ч хувингаар цутгасан юм шиг орж, дүү бид 2 заставын даргын өрөөнд тэр үеийн тасгийн пулемётын хажууд цонх руу ширтээд сууж байснаа нэг мэдэхэд унтацгаасан байлаа. Гэтэл үүрээр шиг санагддаг юм лав л гэгээ орсон байсан. Ээжийн "Зогс буудлаа" гэсэн хүчтэй дуунаар дүү бид 2 давхийн сэртэл ээж нөгөө тасгийн пулемётыг буудахад бэлэн болгочихсон урд талд бага түрүүч хөдөлж чадахгүй мэгдэчихсэн зогсож байлаа. Хожим сонсох нээ тэр шөнө хүчтэй дуу цахилгаантай борооноор янгир ямаа уулнаас буухдаа чулуу унагааж тэр нь их чимээ гаргаж бас дээрээс нь заставын зэрлэгшсэн 2 муур окопоор нэг гүйлдсэнийг /тэр үед цаг хэцүү байж дээ/ шинэ цэргүүд гадны тагнуул, халдлага гэж ойлгон шөнөжин харуул хамгаалалтаа чангатгаж окопоо нэгжсэн юм байна лээ. Бас ээж шөнөжин цэргүүдтэй окопоор явж, харуулд гарч ядарсандаа түр дугхийтэл тэр бага дарга орж ирээд золтой буудчихаагүй юм гэсэн. 70-д оны хилийн заставын амьдрал нэг иймэрхүү үргэлжилдэг байлаа.

No comments: