Tuesday, December 28, 2010

Баруун этгээдэд зорчисон тэмдэглэл №2


Ховд аймгаас их үдийн алдад Баян-Өлгий аймаг руу хөдлөлөө. Цэлмэг бас намрын налгар өдөр байлаа. Алтайн сүрлэг уулс дүнхийгээд. Замдаа танил газрууд ээлжилэн өнгөрсөөр. Тиймээ миний бага нас энэ цаст Алтайн сүрлэг уулсын дунд өнгөрсөн. Намайг 3 настай байхад манайх гэдэг айл хилийн буйдхан заставт нүүн ирсэнээр бараг 10 жилийн энэ нутагт үдсэн билээ. Машины цонхоор миний бага насны хун шувууд үүрэн засч бас зэллэсэн ниссэн нутгийн салхи хацар зөөлөн илэж байлаа. Орой бүрхий болж байх үед Толбо нуурын хөвөөнд орших Хасбаатар, Байкалов нарын ардын хувьсгалын партизан нарт зориулсан хөшөөн дээр ирлээ. Жаахан бичиг үсэг нэмэгдсэнээс биш яг л бага насны минь бишрэн сонирхсон нүдээр харж байсан тэр л хөшөө хэвээрээ байлаа. Цааш хөдлөөд бараг аймгийн төв орж явтал хуримтай таардаг юм. Монгол хүн болсон хойно хуримтай таарах нь муу гэж дотороо бодож байсан боловч намайг сургуульд орсон жил болсон нэг хурим санаанд минь орж ирж билээ. 70-80-д оны үед хилийн цэргийн энэ тэндээс ирсэн офицер ахлагч нарын гэр бүлүүд нэг хашаанд бөөгнөрөн амьдардаг байлаа. Тухайн үед тэр хашааг "Улаан хашаа" гэж нэрлэдэг байсан ба бидний хэдэн офицер ахлагч нарын хүүхдүүдийн өдөржин тоглодог хэрэм нь цайз байлаа. Нутгийн казак хүүхдүүдтэй чулуугаар байлдахад хамгаалах цайз, матик тоглох талбай, нуугдах агуй, бороо, шуурганы халхавч гээд хүүхэд бидний ганц тоглоомын талбай байж билээ. Манай хашаанд нэг залуухан казак офицер нүүж ирээд удаагүй байсансан. Зун цаг байсан санагдах юм. Тэр залуу офицер эхнэр авах гэж байгаа гэсэн яриа гадуур тархсан нэгэн өдөр. Үдийн нар голлож байсан байх гэнэт манай "Улаан хашаан"-д эмэгтэй хүн аймаар чангаар уйлах сонсогдолоо. Гэрээс дүүтэйгээ уралдан гараад хартал баахан машин тэрэг шавчихсан хүмүүс бужигналдаад нэгэн бүсгүйг шинэ барьсан гэрт оруулах гээд бөөн юм болж байх юм. Одоо хүртэл тэр эмэгтэйн үнэн сэтгэлээс уйлаж, аргадаж бас гуйж байгаа уйлан санаанаас минь гардаггүй юм. Хурим ч боллоо. Хэд ч хонолоо. Нөгөө бүсгүй өдөржин уйлсан хэвээрээ байна гэдгийг гэрийн цаанаас бидэнд сонсогддог байлаа. Бараг 7 хоногий дараа байх бидний хэдэн дүрсгүй хөвгүүд тэднийхээр зочиллоо. Хаалгаар оронгуут залуу офицер нөгөө бүсгүйгээ өвөр дээр суулгаад ихэд хичээнгүй аргадаж байх нь харагдлаа. Бид ч жаахан байсан болохоор ичээд сайн харж чадсангүй. Залуу офицер бидэнд тавагтай чихэрнээсээ атга атгаар чихэр авч бараг хөөх шахам гаргаж билээ. Бид ч шуугилдаад гарч билээ. Хожим сонсохнээ тэр залуу офицер казак үндэстэний эхнэр авах ёс заншилаараа эхнэрээ оргуулж авчирсан юмсанж. Харин тэр бүсгүйн хэдийгээр манай залуу офицертэй уулзаж учирдаг байсан боловч жинхэнэ сэтгэлтэй залуу нь өөр хүн байсан юм гэнэ лээ. Одоо өнөр өтгөн сайхан айл байдаг гэж дам сонсоно. Хүний тавилан гэж. Одоо энэ ёс заншил бараг байхгүй болсон гэж нутгийн иргэдтэй уулзаж байхад тэд хүүрнэж байсан.

No comments: