Wednesday, April 4, 2012

Сартуул бөөгийн тухай

Завхан аймгийн Сартуулын Эрдэнэхайрхан сумын Мөсөн багын Лхачин бөө гэж эрдэм чадалтай нэгэн хүн их л зожиг, ганцаардуу амьдардаг байжээ. Онгод сахиусаа дуудан авчраад өвчин ороогоод байгаа хүүхдийг шууд мөчлөн эвдэж, зэс тогоонд хийгээд чанаж байгаад гаргаад ирэхэд мөнөөх хүүхэд амьдаар барахгүй дахиж өвчин ороодоггүй болсон гэлцдэг. Лхачин бөө 1980-аад он хүртэл амьдарч байсан бөгөөд Эрдэнэхайрхан сумын хойт хангайгаар нутагтай байв.

Завхан аймгийн Сартуулуудын дунд олон суманд “Сартуул бөөчүүд” гэсэн овог отгууд одоо ч байсаар байна. Харин эдгээр овог отгууд хоорондоо төрөл садан эсэхийг хэлж мэдэхгүй юм. Үүнийг судалсан хүн ч байсангүй. Тухайлбал, бөөчүүд овог нь Баянхайрхан, Булнай, Завханмандал, Дөрвөлжин, Ургамал, Сантмаргац, Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан, Яруу, Сонгино, Их-Уул сумдад байсаар байна. Жишээ нь, Завхан аймгийн Сонгино сумын “Сартуул бөөчүүд” овгийнхны ургийн бичигт өгүүлсэн нь:
“Сартуул овгийн
Дамдин гэгч эрдэм номтой бөө байв
Дамдины хүү Риймэд бөө
Риймэд бөөгийн хүү Жамсран бөө
Жамсран бөөгийн хүү Цэнджав бөө, Ядамжав бөө
Цэнджав бөөгийн хүү Ганжууржав бөө
Ганжууржав бөөгийн хүү Найдансүрэн
Найдансүрэнгийн хүү Жаргалсайхан /Монгол банкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан/.
Найдансүрэнгийн бас нэг хүү Золжаргал /Монгол Улсын Хөрөнгийн биржийн захирал асан, Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан/ нарыг долоон үеийн “Сартуул бөө” гэж үздэг ажээ.

“Сартуулын бөөгийнхөн” хэмээх энэ удмын өвөг дээдэс нь Завхан аймгийн Сонгино сумын Мангина уулын өврөөр голдуу нутагладаг байжээ. Мөн Сонгино сумын Баян айргийн өвөг дээдэс өөрсдийгөө “Сартуулын хар адууныхан” хэмээн овоглодог. Дээр цагт Сартуулын хошууны нэг захаас энэ уулын орчимд амьдардаг байсан айлуудад хар сарваа дагуулсан, хар гүү унасан бөө хүн ирж айлуудаар хэсч, засал, мэргэ хийн бөөгийн онгод шүтээнээ дуудаж, уншлага үйлдэж, бөөлж явсаар нэлээд хугацаа өнгөрсний дараа Сонгино сумын Баян-Айраг хэмээх газрын бүсгүйтэй ханилан суужээ. Олон ч үр хүүхэд, ач гучтай болсон байна. Өнөр өтгөн бөөгийнхөний овгийг одоо бол “Сартуулын хар адууныхан” хэмээнэ.

Ч.Ууганбаяр “Монгол төрийн бөө” номноос

No comments: