Friday, September 17, 2010

Сартуул хонь


Баримт №1
Монголын Нууц Товчоо сударын 181 дүгээр зүйлд: ...Сэнгүм... Тогтоа бөөтэй сартагчин хонины сүүл мэт салахгүй явдаг хэмээх бүлгээ... гэж гомдоллож байгаа нь эртний монгол язгууртнууд сартуул хонийг зооглодог байсан төдийгүй сартуул хонины сүүл нь анхаарлын төвд асар том байсныг зүйрлэн гэрчилж байгаа нь дүрслэгдэж байна.

Баримт №2
Монголын Нууц Товчоо сударын 182-р зүйлд ...Сартаул Асан 1000 ирэг хонь тууж ... хэмээн гарч буй зэрэг нь Дундад Азиас олзлогсод авч ирэх байтугай доторхи аймаг, улсын толихилцоотой байсан үе төдийгүй бүх монгол аймагаа ч нэгтгээгүй байсан 1202 оны орчимын үйл явдал юм. Үүнээс хойш 1218-1225 онд Дундад Ази Хорейзмыг дайлсан нь цаг хугацааны болоод үйл явдал болон бодит дүрслэл асар зөрүүтэй төдийгүй шувтан сүүлт хонь авч ирж нутгийн ууцан сүүлт хоньтой эрлийзжүүлсэн ч өнөөгийн монгол хонь үүссэн гэдэг нь ямарч үндэслэлгүй бөгөөд энэ нь баттай юм.

Баримт №3
20- р зууны хоёрдугаар хагаст төр засаг МАА руу хандсан бодлого баримталж 1966 онд Завхан аймгийн малын үржил зохиомол хээлтүүлгийн улсын станцын мэргэжилтэн С.Уртбаяр Эрдэнэ хайрхан сумын “Алдар” нэгдлийн хонин сүрэгт шилэн сонголт явуулж тохиромжтой хэвшлийн 2000 гаруй хонийг ялнаж суурилан үржүүлж 1967 онд 7000 гаруй хоньтой болж үржлийн “Хайрхан” фермийг 63 өрхийн 23 суурьт зохион байгуулснаар энэ үүлдрийг ШУ-ны үндэстэйгээр үржүүлж судлагаанд оруулсан.

Баримт №4
1968-1971 онд үржил зохиомол хээлтүүлгийн улсын станцын мэргэжилтэн С.Уртбаяр, Л.Лхасүрэн нар судлагаа явуулан хуучин Сэцэн сартуулын хошууны нутагт хамарч байсан сумуудын нутагт нийтлэг тархан байршсаныг САРТУУЛ ХОНЬ мөн хэмээн албан ёсоор МАА-н ШУ-нд нэрийдэх болжээ.

Баримт №5
1974 онд ХАА-н ухааны доктор З.Гончигжав сартуул хонийг судалж үзээд : “...Сартуул омгийн хонь нь байгаль цаг уурын тогтворгүй нөхцөлд бэлчээрийн маллагаанд зохицсон чийрэг бие цогцостой бие бялдар дунд зэрэг толгой уртавтар, өргөн гүн цээжтэй, том дүгрэг өөхөн сүүлтэй, үсэн бүрхүүл сайтай, цээж өргөн гүн, бие бөөрөнхийвтөр, хавирганы матаас сайтай, сэрвээ хондлойн өндөр тэнцүү, сэргэлэн цовоо, түргэн хөдөлгөөнтэй, чийрэг цогцостой, лагс чамбай биетэй хонь юм. Сартуул хонь нь бүх хэмжээ заалтаараа монголын бусад шилмэл омгийн хоньтой ойролцоо дундаж хэмжээнд буюу зарим талаараа илүү үзүүлэлттэй байна.” гэсэн төдийгүй маш нарийвчлалтай үзүүлэлтүүдийг судлан гаргасан байдаг

Баримт №6
Нутгийн ардын хуучилснаар:- Манай энэ хонь нь маш том сүүлтэй зуны халуунд сүүлийг нь сөхөж баасыг нь унагахгүй бол шээхтэж өтөхөд хүргэдэг байсан өнөө үед хонь их давжаарч байна. ер нь байгаль цаг уур , малын цус ойртолтоос шалтгаалж байна. Арьс үс нь урт шигүү, хөрс зузаан учир эр хонины нэхийгээр дээл хийж өмсчихөөд хээр мал хараа манаж хоноход ер дааруулдаггүйсэн, одоо арьс үсэнд нь хүртэл өөрчлөлт гарсан юм байхдаа хэмээсэн байдаг.

Баримт №7
Монголын Нууц Товчоонд тодорхой нэр заагдан үлдсэн Сартуул хонь нь Барга хоньтой нэг нутгаас гарал үүсэлтэй төдийгүй нутгийн бусад монгол хонинуудтай аль нэг сэжмээр холбоотой байдгаас үзвэл монгол хонины эртний язгуур өвөг ч гэхэд хилсдэхгүй болов уу.

Баримт №8
Сартуул үүлдрийн хонины ноос ямаан үс бага уртавтар учир боловсруулалтын явцад гарц ихтэй. Эм хонины ноосны бүрэлдэхүүн 79,6 % ноолуур, 7,1 % завсрын үс, 6,3 % нь сор үс, 6,7 % нь ямаан үс тус бүр агуулагддаг. (М.Төмөржав “Бэлчээрийн монгол мал”)

Баримт №9
Сартуул үүлдэрийн хонь нь байгаль цаг уурын онцлог нөхцөлд зохицсон тэсвэр хатуужил сайтай, чийрэг бие цогцостой мах-ноосны хэвшлийн урт сор өтгөн ноолуураас бүрдсэн бүдүүвтэр ноостой хонь юм. Энэ хонийг Завхан аймгийн 10 гаруй суманд өсгөж байгаа ба нийт тоо толгой нь ойролцоогоор 688 мянга орчим байна.

Баримт №10
Сартуул хонины ноосон дахь технологийн шинж чанар өндөртэй нарийн ноолууран хэсгийн агууламж 60-75 % дээш байгаа нь бусад аймгуудын ноостой харьцуулахад хялгасыг ялгах үеийн гарц харьцангуй давуу байх талтай. Учир нь ямааны ноолуур, тэмээний ноос, сарлагийн хөөвөр нь өөр өөр төрлийн үснээс бүрддэг бөгөөд тэдгээрийн ноолууран хэсгийг нь ялгаж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Иймээс энэ технологийг ашиглан хонины ноосноос ноолууран хэсгийг ялган авч ээрмэл утас хийж нэхмэл, сүлжмэл эд эдлэл хийх бүрэн боломжтой.

No comments: