Sunday, April 24, 2011

Тайлагдашгүй нууцуудыг судалдаг алдарт эрдэмтэн Кольскийн хойгийг зорилоо


Сэтгүүлч Сергей Андреев (“Комсомольская правда”, 20.08.2010)

Уфа хотоос хоёр машинаар 10 хүн Мурманск мужид ирлээ. Энэ хүмүүс олон салбарын эрдэмтэн, дэд эрдэмтэд. Тэдний ахлагчаар нь нууцлаг бүхнийг цуцалтгүй судалдаг Эрнст Мулдашев байх аж. Э.Мулдашевийн багийнхан энэ удаад Кольскийн хойгийг зорих нь. Хүнгүй, нам гүм тэрхүү газарт судлаач маань юу олохоор мэрийж байгаа юм бол?

Шамбалын орон, Бурхадын хот ба Шантамани (Чандмань) чулуу

“Ертөнц дээрх хамгийн аймаар зүйл бол залхуурах явдал. Энэ чинь чөтгөрийн үзэгдэл гэдгийг хүмүүс ер ойлгодоггүй” гэх оршил үгсээр Эрнст Мулдашев яриагаа эхлэв.

Мулдашев бол нүдний эмч. Гайхалтай мэс заслуудыг хийдэг. Харин чөлөөт цагаараа тэрбээр Шамбалын орон, Бурхадын хотыг эрэх аялалд гардаг бөгөөд энэ талаараа ч хэд хэдэн ном бичсэн.

“Мурманск мужид хийж буй миний аялал 17 дахь нь юм. Ирэх жил Чингис хааны мөрөөр Монгол руу аялахаасаа урьтаж Кольскийн хойгийг зорьж буй маань энэ. 2006 онд Монголд аялах үеэр Чингис хааныг алдарт Чандмань чулууны 9 дэх хэлтэрхийг эзэмшиж байсан талаар бидэнд ярьж өгсөн юм” гэж Мулдашев ярилаа.

Чандмань чулуу гэж юу вэ. Дорно зүгийнхний домгонд дэлхий дээрх амьдрал программ хэлбэрээр сансраас ирсэн гэх бөгөөд энэхүү программ Чандмань чулуун дээр бичигдсэн байдаг аж. Үүний тусламжтайгаар Бурхадын хот босч энд л анхны хүн болон дэлхий дээрх бүх амьд биетүүд үүссэн хэмээн Э.Мулдашев тайлбарлаж өгсөн юм. Домгонд хэлсэнчлэн Чандмань чулуу өдгөө Түвдийн нэг цамхаг дээр бий гэнэ.

“Би тэр байшинг харсан шүү. Ойролцоогоор 600 метрийн өндөртэй, эгц хануудтай, гурван баганатай юм билээ. Цамхагийн орой дээр гурван давхар байшингийн өндөртэй пирамид байрладаг. Нисдэг тэргээр ч хүрэх аргагүй болохоор чулууг авах арга байхгүй. Чандмань чулуу 9 хэсэгтэй. Найман хэсгийг нь дэлхий дээр ашиглачихсан гэдэг. 9 дэхийг нь өнөөг хүртэл ашиглаагүй байгаа. Чандмань чулуу энэ хэлтэрхийтэйгээ үе үе гэрлээр холбогддог. Далайн төвшнөөс 5.5 км өндөрт орших Түвдэд байх их хэцүү. Амьсгал давчдаад байдаг. Гэтэл шөнө 70 км-ийн урттай хагас дугуй хэлбэртэй гэрэл цацарч эхэлдэг. Энэ үзэгдлийг лам нар бидэнд 9 дэх хэлтэрхий Чандмань чулуутай холбогдож байна гэж тайлбарлаж өгсөн” гэж Э.Мулдашев тайлбарлав.

Энэ хэлтэрхий тийм ч том биш аж. Гэхдээ энэ хэлтэрхийг ашиглахын тулд нэгэн тарнийг мэдэх шаардлагатай гэнэ. Чингис хаанд Бурхан тэрхүү тарнийг хэлж өгснөөс гадна энэхүү хэлтэрхийний байршлыг ч зааж өгсөн гэж түвд лам нар ярьдаг аж. Тийм ч учраас Чингис хаан дэлхийн талыг эзэлж чадсан биз ээ. “Чингис хаан Монголоос Герман хүрсэн ба Хятадаар дамжин Ява арлууд дээр хүрч чадсан юм шүү дээ” гэж Э.Мулдашев бахархалтай нь аргагүй өгүүлэв.

Тэрбээр цааш үргэлжлүүлэн ярихдаа “Энэ бүх улсыг зөвхөн сэлэмний ачаар эзлэн авах боломжгүй юм. Монголчууд Чингис хааныг үнэн хэрэгтээ дэлхий дээр энх тайван байдлыг тогтоохыг эрмэлздэг байсан гэж нотолдог. Тэрбээр хүмүүсийн (удирдагчдын) сэтгэхүйд ямар нэгэн байдлаар нөлөөлж, байлдах эрч хүчийг нь алдагдуулдаг байжээ. Дэлхийн хүмүүс энхтайван амьдарч, дотоод зөрчилдөөний улмаас бие биеийнхээ амийг хөнөөх явдлыг зогсоох хэрэгтэй гэж ярьдаг байсан гэдэг. Тухайлбал, Орос улсад ноёлж байсан татар-монголын дарангуйллын 300 жилийн хугацаанд нийтдээ 20 мянган хүн л нас барсан байдаг. Гэтэл үүнээс өмнө яг ийм хугацаанд дотоодын зөрчилдөөний улмаас 200 мянган хүн нас барсан байдаг юм шүү дээ” гэлээ.

Сейдозерогийн “солиорол”

Тэгвэл Чингис хаан Кольскийн аралтай ямар хамааралтай юм бол. Э.Мулдашевийн бодож буйгаар, агуу удирдагчийн гипноз хийх авьяас нь “хойт туйлын солиорол” (северный психоз) гэдэг өвчинтэй холбоотой байх магадлалтай гэнэ. Харин энэхүү өвчин хойд туйлын яг энэ бүс нутагт дэгдэж байжээ. Энэ өвчнийг туссан хүн нэг ёсондоо зомби (ороолон) болон хувирч ямар ч тушаалыг биелүүлэгч болдог гэнэ. Нэг тийм биоробот болдог аж.

“Энэ өвчин фашист Германы удирдлагуудын сонирхлыг ихэд татсан гэдэг. “Аненербе” (III Рейхийн үед Эртний өв уламжлал, тайлагдашгүй нууцуудыг судалж байсан байгууллага) Кольскийн хойг руу хүртэл шинжилгээний анги илгээсэн байдаг. Аяллын багийн гол зорилго нь дээрх солиорлыг үүсгэж чаддаг бөөг хулгайлж авчирахад оршиж байжээ. Энэ бөөгийн тусламжтайгаар немцүүд дайсны цэргүүдийг гипнозонд оруулж эсэргүүцэх чадваргүй болгох байв. НКВД (ЗСБНХУ-ын Дотоод хэргийн ардын комиссариат) ч бас үүнийг сонирхож хөөцөлдсөн байдаг” хэмээн Э.Мулдашев сонирхуулав.

1922 онд Александр Барченкогийн багийнхны хийсэн аялал хамгийн алдартай нь. Энэ багийнхан Мурманск мужийн Сейдозеро нуурын орчимд бачуухан амтай нэгэн нууцлаг агуй олсон гэдэг. Энэ агуйд орж чадсан хэн боловч солиоролд автдаг аж. Яг ийм гипнозыг хийж чаддаг нэг бөө өнөөдрийг хүртэл Кольскийн хойг дээр амьдарч байгаа гэнэ. Тэр хүнийг хайж олох нь л Э.Мулдашевийн багийн зорилго. Багийн гишүүн Анатолий Алексеев Якутын улсын их сургуульд багшилдаг. Бөө судлалаар ОХУ-даа хамгийн гол мэргэжилтэнд тооцогддог.

“Би 15 жил бөөгийн элдэв үзэгдлийг судаллаа. Африк, Бразилийн бөө нартай уулзаж байсан. Технологийн өндөр хөгжилтэй Япон, Өмнөд Солонгос, Шинэ Зеландад ч бөө нар ажиллаж амьдардаг юм билээ. Бас Зүүн Сибирьт ч байна. Би ном, архивын материал дээр ажилладаггүй. Бөө нартай биечлэн уулзахыг эрхэмлэдэг” гэж Анатолий Алексеев хэлэнгээ бөө нарын хэдэн зураг гаргаж үзүүлэв. Зурган дээрх бөө нарын гар дээр гал дүрэлзэж байх юм. “Бөө нарын зургийг би өөрөө авдаг. Тэгэхгүй бол хүмүүс эдгээр зургийг фотошопоор янзалсан гэж бодно. Энэ зураг дээр Галын сүнс харагдаж байна. Өндөр настай бөө нь залуу бөөдөө эрдэм зааж өгч, оюун ухааныг нь хурцалж байгаа үе. Хүн бүр Бурхантай үл үзэгдэх утсаар холбогдсон байдаг. Энэ утас тасрах л юм бол тэр хүн үхнэ. Харин бөө нар энэхүү холбоог уртасгаж чаддаг юм. Тэд шинжлэх ухаан эсвэл бусад шашинтай тэмцэлддэггүй гэдгийг шуудхан хэлье. Зөвлөлт засгийн үед би шашин шүтдэггүй, улаан коммунист явлаа. 1995 онд нэг бөө намайг зүрхний шигдээсээс аварсны дараа би тэд нарт итгэдэг болсон юм” гэлээ.

Ловозерскийн тундра дахь агуй

“Зомби болсон буюу солиорсон хүмүүсийг би өөрийн биеэр харсан” гэж Эрнст Мулдашев ярив. “Крит арлын (Грекийн арал) жижигхэн тосгонд энэ үзэгдлийг харсан. Нутгийн шидтэн Маркос гэгч тосгоны тэн хагасыг солиоролд оруулчихсан байна лээ. Хүмүүс тэр хүний эрхшээлд бүрэн орж, чидун жимсийг шуудай шуудайгаар нь зөөж авчран тос шахаж өгч байхыг нь бид өөрсдөө харсан. Тэр хүний сайн мууг бид дүгнэх эрхгүй л дээ. Тэр тосгоны хажууханд нэг агуй байсан. Эртний Грек домгонд гардаг Минотавр (үхэр толгойтой хүний биетэй мангас)-ын агуй (лабиринт). Тэр агуйг бид анх олсон шүү. Маркос биднийг тэр агуй руу орохыг зөвшөөрсөн ч 20 минут л байхыг зөвлөсөн. Учир нь 20 минутаас удвал энэ агуйн хүч үйлчилж эхэлдэг аж. Тэгэхээр нь би зориуд 20 минутаас илүү хугацаагаар тэр агуйд үлдсэн. Тэгтэл үнэхээр миний толгой эргэж, дотор муухайрч эхэлсэн шүү. Маркос агуйн тэр хүчийг ашиглаж чаддаг гэж ярьж байна лээ” хэмээв.

Крит арал руу хийсэн тэр аялалд математикч Шамиль Цыганов бас оролцжээ. Тэрбээр Пуанкарын онолыг ашиглан дэлхийн лабиринтууд (орох, гарах хаалга нь олдохын аргагүй олон өрөөнөөс бүрдэх байр)-ын байрлалыг тооцоолж гаргасан талаар Э.Мулдашев ярьж өгөв. Цыгановын тооцоолсноор, дэлхийд ердөө 24 лабиринт байгаа гэнэ. Нэг нь энэхүү Кольскийн хойг дээрх Сейдозеро нуурыг тойрсон Ловозерскийн тундрт байрладаг гэнэ. Лабиринтуудын чанх дээр нь солиорох үзэгдэл явагддаг аж. Харин Александр Барченко 90 жилийн өмнө тэр лабиринт руу орох үүдийг нь олсон бололтой. Эрнст Мулдашев тэрхүү лабиринт руу орох үүд нь Сейдозеро нуурын гүнд байж болзошгүй гэж үзэж байгаагаас гадна нуурыг хоёр ёроолтой гэдгээс эмээж байгаа аж.

Бид ч бас зомби болдог

“Өдөр тутмын амьдралд биднийг зомби болгох үйл ажиллагаа явагдаж байдгийг та мэдэх үү” гэж Эрнст Мулдашев асуув. “Шударга байя л даа. Тухайлбал, зар сурталчилгаа биднийг зомби болгодог биз дээ. Үүнээс болж бид ямар ч хэрэгцээгүй барааг худалдан авсаар л байгаа. Зар сурталчилгаа сүүлдээ бүр хэрээс хэтэрч хавдрын эсрэг эм, бэлдмэлүүдийг хүртэл сурталчлах болсон. Эмч хүний хувьд би үүнийг огт зөвшөөрдөггүй. Бодит амьдрал дээр хүмүүс цус харах дургүй. Тэгсэн хэрнээ цус урсгасан үзэгдлүүдтэй Америкийн зодоонтой хогийн кинонуудаас хүнийг тамлаж, егүүтгэж буй үйл явцыг сонирхон үзсээр байдаг. Ер нь ийм төрлийн киног үзэх нь хүний үнэргүй явдал мөн. Тэгсэн атлаа хүний удмыг үргэлжлүүлэх чухал үйлс болох энгэр зөрүүлэх ажлыг сурталчлахыг хориглодог нь хамгийн сонирхолтой. Бид зомби болсоор эцэстээ зүгээр л хоол боловсруулах этгээд болж хувирлаа шүү дээ” гэв.

Нэрт аялагч маань энэ удаагийн аялал ямар үр дүн өгөхийг таамаглах боломжгүй талаар ярьж өгөв. Ихэнх тохиолдолд хүссэндээ хүрч чаддаггүй аж. Тиймээс үр дүнг төлөвлөж болдоггүй гэнэ. “Дэлхий ертөнц бидний бодож байгаагаас илүү төвөгтэй, нарийн. Материаллаг ертөнц гэж байхад биегүй ертөнц гэж бас бий. Юутай ч энэ ертөнцийг илүү сайхнаар харахыг хичээцгээе” хэмээн Мулдашев уриаллаа.

Эх сурвалж: http://www.fact.mn/

1 comment:

Anonymous said...

sonirxoltoi medeelel bna