Sunday, April 24, 2011

Зүгээр л уншаад үзээрэй


Хүмүүст хэрэгтэй ярилцлага байхаар өөрийн блогтоой орууллаа. Учираа олохгүй болсон энэ үед иймэрхүү нарийн учрыг түмэнд түгээх нь сайн үйл мэт санагдлаа.


Тухайлбал бидний ойр дотны хэн нэгэн нас нөгчихөд бид яалт ч үгүй “Алтан сав” буюу шинжээг нь хийлгэдэг. Үүнийг шашны номоор бол үхэгсэдийн зурхай ч гэж хэллэг.
Тэгвэл бид энэ удаа Иргэдэд үйлчлэх “Бодь буян” компаний шинжээч лам, “Зууны манлай зурхайч” Жанжаа хутагт овогтой, аграмба зэрэгтэй Лаваагийн Логойтой ярилцсанаа толилуулж байна. Шашин төр хөл толгойгоо алдсан энэ үед хэн дуртай нь хүний алтан савыг нээж суудаг болсон бөгөөд буруу зөрүү юм хэлж ард үлдэгсэдээр нь тохуурхах болсон нь ч нууц биш. Тиймээс бид энэ тухайд болон ер нь шинжээ гэдэг нь юу юм бэ, хүнд хэрэгтэй юу үгүй юу гэдэг талаас хариулт авахыг хүссэн юм. Тэрбээр одоогоор нэг сая гаруй хүний зурхайг хийгээд байгаа аж.

-Шинжээ гэж яг юу юм бэ? Хүнд ямар хэрэгтэй эд вэ?
-Шинжээ хийх гэдэг нь нас нөхцөгсөдийн буяны зан үйлийг баримтлах ёс заншлыг хэлж байгаа юм. Хорвоод хоёрхон үнэн байдаг шүү дээ. Аливаа амьд организм төрсөн бол үхэх нь үнэн, үхэх нь үнэн учраас мөхлийн үед хүнийг ямар байдаптай байгаагаас шалтгаапан эцсийн замд нь үдэх, үлдсэнд нь нөлөөгүй болгохыг шинжээ гэдэг. Өөрөөр хэлбэл нэгдүгээрт амьдын зурхай, хоёрдугаарт үхэгсдийн зурхай гэж байдаг. Манайд ганцхан хүний шинжээ хийдэг бол, бусад улс гүрэнд нохой, муур тэжээвэр амьтдаа хүртэл шинжээгээр оршуулж, эцсийн замд нь үдэж, буян заяаг нь даатгадаг ёс заншилтай байдаг. Амьдын зурхайг төгс сайн мэдэж байж, цаашдаа шинжээ хийх ёстой. Гэвч манай лам нар амьдын зурхайтай зууралдаад, цааш гүнзгийрүүлэн судалдаггүй, ерөнхий амьдын зурхайгаар бүх юмыг тайлбарлан хэлдэг болоод байгаа.

-Лам нар шинжээг буруу хийснээс болоод нэг жилийн дотор өөрөө нас нөхцдөг гэдэг юм билээ. Энэ үнэн үү? Ер нь хаанаас ямар шалгуураар шинжээ хийх эрхийг олгодог юм бэ?
-Энэ их явдалтай. Шинжээг буруу хийн, хүн буруу оршуулснаар тэр лам лай ланчигаа өөрөө л үүрнэ. Одоогийн лам нар ганц нэг төвд ном уншдаг болонгуутаа нэг сайн судар аваад түүн дээр юу гэж бичсэн байна тэрүүгээр шинжээг гаргаад байдаг. Ганц жишээ хэлэхэд шарилыг ороох өнгө гэхэд л тусгай дэгтэй байдаг. Гэтэл нагва буюу хар, марва буюу улаан өнгийг ялгахгүй шарилыг буруу ороох юм. Уг нь ямар ч сударт шарил ороох ёс байхгүй. Жишээ нь Хөвсгөлөөс ирсэн нэг лам хоёр хар мэнгэтэй хүнийг хар даавуугаар биеийг нь ороо гэсэн байна лээ энэ бол буруу зүйл. Шинжээ гэдэг зүйлийг танхимын сургалтаар юмуу, лекцийн сургалтаар заадаг юм биш. Шавь сургалтаар олгодог юм. Би өөрөө л гэхэд хоёр ч хүнд шавь орон гэрт нь очиж заалгасан. Хуучин уламжлалаар бол шинжээний нэг нууц түлхүүрийг гурван цэн алтаар хэлүүлж авдаг байсан байдаг. Тэр ч утгаараа томхон сүм хийдүүдэд ганцхан лам шинжээ хийдэг ёстой, энэ лам нь хуралд суухгүй, манз бариулаад тусгай гэрт хар бараан хувцастай шинжээ хийдэг байсан байгаа юм. Түлхүүрийг шавь сургалтаар зааж өгсөний дараа багш нь шалгаж үзээд, тэнцсэн тохиолдолд “лүн бан” буюу шинжээ хийх эрхтэй болгосон гэж үздэг байж.
-Талийгаачийн шинжээг яг ямар үед хийх ёстой вэ? Клиник үхлээр үхсэн хүнд шинжээ хийсэн тохиолдол гарч байсан уу?

-Амьсгал хураасан буюу зүрх зогссон цаг минутын мэнгэ суудал байдаг, харин тэрийг мэддэг лам байдаггүй юм шиг байгаа юм. Тиймээс тухайн өдрийн мэнгээр ерөнхийд нь үзээд байдаг. Гэвч ингэж үзэхээр шинжлэх ухааны үндэслэлтэй бодитой гардаггүй. Өөрөө амиа хорлосон ч бай, клиник үхлээр үхсэн ч бай хэзээ үхсэн, хэдийд амьсгал хураасан цаг нь мэдэгдэхгүй, бүр хэдэн сарын өмнө нас бараад яс нь олдохгүй тохиолдолд ч шинжээ хийх нь бий. Одоо үеийн лам нар нарийн юм хөөдөггүй, ерөнхийд нь цаг чигээр нь үзээд л зүг чиг, өдөр судар гаргаад үүнийгээ шинжээ хийлээ гэж хэлээд байгаа. Шинжээ гэдэг чинь бие даасан шинжлэх ухаан болохоос оршуулах ёс биш. Мөн шинжээг нэг л удаа хийх ёстой гэж зарим мэдлэг чадвар муутай лам хүмүүсийг төөрөгдүүлдэг. Монгол хүний нас хэд билээ, цөөхөн насалсан хүнийг насны тоо гүйцсэн гэх ба өөрөө амиа хорлосон цаг бусын үхэлд нэрвэгдсэн байхад мөн насны тоо гүйцжээ гэж худал ташаа хэлдэг.

-Ингэхэд ер нь шинжээ хийлгэсэнгүй гээд ямар нэг муу нөлөө гарах уу?
-Үндсэндээ их муу нөлөөтэй. Өөрөөр хэлбэл үхлийн үүдийг хааж чадаагүйгээс хэдэн cap болоод бас нэг үхэл үзчихсэн уйлаад явж байдаг хүмүүс олон байдаг. Үхэл чинь өөрөө цикл маягтай болохоор арваад жил ч үргэлжилж болно. Тийм учраас үлдсэнийх нь барцадыг арилгаж, үхэгсдийг нь амар жимэр болгон, сэтгэл санааны хувьд өөдрөг болгох үүднээс шинжээ хийж ном уншдаг. Түүнээс биш үхлээ гээд л төрөл арилжсан хэмээн аваачаад булчихаж болохгүй, хүнлэг үзэлд ч таарахгүй, нөгөө талаар талийгаачийг дэндүү доромжилж байгаа асуудал.

-Ийм нэг тохиолдол гарсан байна. Нэг хүн гэрээсээ гарч яваад хоёр cap сураггүй алга болж л дээ. Энэ үед ар гэрийнхэн нь сураг ажиг тавьсаар нас барсан гэдэгт итгээд зурхайчид үзүүлэн алтан савыг нь нээлгэж, хойтохыг нь ёс журмаар нь хийлгэснээс хойш хоёр сарын дараа нөгөө хүн гэртээ хүрээд ирсэн байна. Ийм үед яах вэ? Амьддаа алтан саваа нээлгэсэн хүнд ямар хорлол болох вэ?
-Амьддаа алтан саваа нээлгэх тохиолдол байдаг юм. Хэлмэгдүүлэлтийн үеийн зарим лам нар их шударга байсан юм билээ. “Чихрээ идчихээд буудуулъя” гэдэг байсан гэдэг. Энэ нь сэтгэл шулуудчихсан, цаашдаа амьдрах аргагүй болсон гэдгээ мэдэн биеэ цэвэрлэж шинжээгээ хийлгээд үхье гэсэн үг. Амьд дээрээ хойтохоо чихээрээ сонсч хийлгэдэг байсан гэсэн үг. Тиймээс амьддаа шинжээгээ хийлгэлээ гээд тэр хүнд муу юм болохгүй. Түүнээс гадна амьд хүнийг үхсэн гэж цуурхал тарахад мөнхөрдөг гэдэг эртний үг хүртэл бий. Шинжээ хийж байна гэдэг чинь угаасаа буяны үйл учир хэн хэндээ ямар ч муу нөлөө байхгүй. Тэр хүн эргээд ирсэн байлаа гээд нас нь богиносохгүй. Зарим хүн манай тэрний энэний сураг тасраад удлаа гээд ирдэг л юм. Яс нь ч олддоггүй ийм тохиолдолд гэрээс гарсан он cap, цаг минутаар хүнийг шинжиж үздэг.

-Хэн нэгний алтан савыг нээлгэхэд ихэнхдээ сүнс нь эргэж төрөлдөө төрнө, эсвэл хаа нэг газар төрнө гэж буудаг энэ үнэн үү?
-Сүнсийг одоо үед их судалж байгаа. Сүнс нь материйн гурван шинжтэй хөдөлгөөнтэй холбоотой, нөгөөд шилждэг, эргээд төрдөг генийн удамшилтай байдаг. Сүнс хойд төрөл хоёрыг үгүйсгэж болохгүй. Ер нь амьд организм өнгөрөөд өөр биед шилждэг нь үнэн. Түүнийг эргэж хүний сайн төрөлд оруулах, үлдсэнд нь ямар нэг нөлөөгүй болгохын тулд алтан савыг нээдэг журам ч бий, хаадаг журам ч бий. Гэхдээ “Хойд зүгт хонин гүрвэл болж төрнө” гэдэг шиг тэгж сайн хэлж чадах хүн одоогоор байхгүй.

-Хойтохийг буруу хийснээр чөтгөр болдог гэдэг үнэн үү? Мөн үүнээс болж сүнс төрлөө олохгүй хэсч тэнэж явдаг ч гэдэг.
-Энэ их онцлогтой л доо. Лам нар хүний хойтохийг санаатай буруу хийнэ гэж байхгүй. Буруу хийдэг хүмүүст алтан савны “лүн бан” өгөх ч ёсгүй. За яахав санаатай буруу хийлээ гэхэд лай ланчигаа өөрөө л үүрдэг. Буруу юм хийхээс буцахгүй лам нар олон бий нь бий. Хүн алж, хулгай ч хийж байна. Жишээ нь өөрийгөө шатаасан нэг хүн алтан сав нээж байна гэж сураг гараад л байгаа. Мөнгө олохын тулд өөрийгөө шатааж баяжчихаад одоо алтан саваар тоглох хэрэггүй л баймаар юм даа.

-Та нар тийм хүмүүст хандан эсэргүүцэл үзүүлж болдоггүй юм уу?
-Би тэдэнтэй харгалдаад яах ч билээ. Угаасаа юм учиртай гэж хэлсэн. Хамгийн гол нь ямар ч хүнийг хүүхэд хөгшин гэхгүй нас барсаны хойно заавал шарилыг нь хүндэтгэх ёстой. Монголчууд нас барсан хүний ясыг өндөлзүүлнэ гээд нэрийг нь ч дурсдаггүй, энэ бол их харгис үзэл. Одоогоор би нэг сая гаруй хүний алтан савыг нээсэн болохоор адал явдлын роман боть зохиол ч бичиж хүрэхүйц их юм байгаа. Амьддаа бие биеэ хайрлахгүй, нас барсан хойно нь гавъяа шагналыг нь дуудахгүй, үлдсэнийг нь ч хайрлахгүй аливаа юмны мөхлийн шат руу орчих гээд байна даа. Мэдлэг муутай, хүний сэтгэл санаагаар оролдомтгой зарим лам нар талийгаачдын зургийг далд тавь гэж хүртэл хүмүүсийг ташааруулдаг болсон байна лээ.

-Талийгаачийг ихэнхдээ гурав дахь юмуу тав дахь өдөр оршуулдаг. Гэтэл саяхан би дөрөв дэх өдөр оршуулга болж байгааг харлаа. Ямар хүнийг дөрөв дэх өдөр гаргадаг юм бэ?
-Баруун талын аймгууд дөрөв дэхь өдрийг “хишиг өдөр” гэж үздэг учраас тухайн өдөр ил тавьж, нохой шувууны хоол болгон лус баярлуулах ёс заншил байдаг. Гэхдээ шинжлэх ухааны үндэслэлд үхэр, луу, нохой жилтэй хүнийг дөрөв дэх өдөр гаргаж болдоггүй.

-Мэддэг мэддэггүй энэ олон лам нараас болгоомжлох үүднээс ч гэдэг юм уу аль хийдийн лам, зурхайчид хандаж алтан сав нээлгэвэл зохистой вэ?
-Алтан савыг бүтнээр нь нээсэн судар гэж байхгүй. Ишбалжирийн алтан сав байдаг. Энэ судраар үзэж болно. Гэхдээ их эртнийх тул минутын мөчлөгийн нарийвчлал энэ сударт байдаггүй. Висийн математик учраас их нарийн. Одоогийн зурхайч лам нар суудал ч сайн мэддэггүй учраас алтан савыг жинхэнээр нь нээж хүнд тус болж буян үйлдэн, үхсэний барцадыг арилгана гэж байхгүй. Зарим газар лам нар зохион байгуулалттайгаар 200-300 мянган төгрөгөөр ил тавина, гэрээр чинь лүүжин тавиад өгье гэдэг.Тэр лүүжин нь сайн лүүжин ч байдаггүй. Зүгээр л нийтийн чанартай халтуур хийсэн ийм хүмүүс алтан саваар тоглоход бэлэн байна. Тэд өргөл барьц их өгч олон ном уншуулж, буян их хийвэл эргэж төрөлдөө төрнө гэж төөрөгдүүлдэг. Тэр битгий хэл гэртээ нас барсан хүнд гэрт нь ном уншиж болохгүй гээд сууж байна шүү дээ. Ийм зурхайчийг ямар зурхайч гэх юм бэ? Ер нь тэнд энд оч гэж хэлэхэд их хэцүү. Хүний өөрийн нь сүсэг мэдэх хэрэг дээ. Тэрнээс гадна хүн гэдэг өөрөө их хачин амьтан. Хүн алчихаад алтан савыг нь нээлгэх гээд гэмгүй царайлаад сууж байдаг хүн байна шүү дээ. Тийм хүмүүс азаар над дээр нэг их ирдэггүй. Өөрийнх нь хамаг булхайг гаргана гэж эмзэглээд ойр зуур өдөр судар, зүг чиг үздэг лам руу явдаг шиг байгаа юм.

-Лүүжинг нилээд ур чадвартай, зэрэг дэвтэй лам нар тавих ёстой юу? Зарим хийдийн залуухан лам нар лүүжин тавьж өгнө гэдэг.
-Лүүжин дотроо гурван төрөл байдаг. Жарзын, бузрын, үхээрийн гэж. Улааны шашныхан тавьдаг болохоос зүгээр нэг хурлын лам тавихгүй. Дамар нь өөр, хонх нь ч өөр цулгай цагаан хонхтой хүрэн хувцастай, тусгай малгайтай лам нар тавьдаг. Дэчинчойнхорлин, Пунцаглан, Төмөр замын, Баян-хошууны хийдүүд л лүүжин сайн тавина. Бусад нь нийтийн лүүжин гэж тайзны тоглолт шиг юм хийгээд нас барсан хүнд тус болохоосоо саад болж шар улааны шашны номыг холиод халтуурдаж байгаа.

-Та хүмүүсийн хүсэлтээр гэрт нь очиж талийгаачийн биед хүрэх ч юм уу янз бүрийн зан үйл хийдэг үү? Эсвэл дан ганц алтан саваа нээдэг үү?
-Тийм тохиолдол гардаг ч тэр болгон айлаар явах боломж байдаггүй. Шөнийн цагаар хүмүүс утасдаад “Одоо амьсгал хурааж байна ном уншиж, хонх дуугаргаад өгөөрэй” гэдэг. Гэвч алтан савыг шөнө бас муу цагт нээдэггүй болохоор би тэр зарчмаа л дагаж ажилладаг даа.

-Ингэхэд та өөрөө гарын шавь бэлдэж байна уу?
-Гол түлхүүрээ хэлж өгдөг шавь нар бий. Хөвсгөл, Дорнод, Өвөрхангайд байгаа.

-Сонирхолтой ярилцлага өгсөн таньд баярлалаа.

Эх сурвалж: http://www.anduud.net/

No comments: