Грекийн Romfea сайтад бичсэнээр, Башар аль-Асадыг биш,
харин хэт туйлширсан экстремистүүдийг бөмбөгдөж өгөхийг АНУ, түүний
холбоотнуудад хандаж Киприйн шашны архиепископ ширээт лам Хризостом
уриалсныг эшлэе.
-Асад дарангуйлагч байж болно, яагаад гэвэл ардчилсан замаар
сонгогдоогүй, гэвч тэр бол экстремист биш хэмээн ширээт лам түүнийг
цайруулсан байх аж.
Сири дэх дайныг эсэргүүцэгч энэ хамба засгийн эрхэнд экстремистүүд
гараад ирэх вий гэдгийг байнга сэрэмжлүүлдэг нэгэн. Хэрэв тэд ирлээ л
бол улаан кхмерүүдийн яргалал Сирид давтагдах шахуу юм ярьдаг. Түүний
мэргэн үг байна.
-Америкчууд Жефферсоны ардчиллыг Ойрхи Дорнодын мусульман
орнуудад авчирна хэмээн бодож байгаа бол түүн шиг худал юм гэж
байхгүй!
2011 оны тэр үеийн Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Хиллари
Клинтоны тархинд сууж, зүрхэнд хоногшмоор бас нэг афоризм байна! Бүр
хосгүй!
-Өнөөдөр Египет босч ирлээ! Дэлхий дахины өлгий Египет орон эдүгээ ардчиллын өлгий боллоо!
Минийхээр бол: Өлгий болтлоо даан ч удна, хувьсгал дуусахгүй, бүх юм
дөнгөж эхэлж байна гэж хариу өгмөөр. Америкийн идеализмаас хариу тайлбар
нэхэх учир шалтгаан олон байна. Дэмжээд зэвсэглээд байсан Ливид нь “ардчилсан” эрээн
цоохор босогчид нь АНУ-ын өөрийнх нь Элчин сайд, дипломатчдыг
хөнөөчихөөд, аллага үйлдсэн исламистууд нь амьд үлгэр дууриал болон бүх
мусульманчуудад мандаад байхад өөдөөс нь ардчилал гэх гонгинуураа
цөхрөлтгүй ярьсаар л байв.
Радикал исламист босогчид өөрсдийнх нь шашин нэгт христианчуудыг
хяхаж хавчих, хөөж туух, хүчирхийлэх, дүрвүүлэх, лам хуваргуудыг нь
хөнөөх, сүмүүдийг нь нураах, эсвэл христианчууд нь амь гуйж асар их
мөнгөн төлбөр исламистуудад төлөх нь АНУ, өрнөд европынхны ардчиллын
нүдээр ямар үзэгдэл болж харагдах вэ? ТВ болон интернэт сайтуудаар
зөндөө харуулсан нэг эвгүй үзэгдлийг энд дурдах нь зөв байх.
Юу гэвэл АНУ, өрнийнхөн дэмжээд зэвсэглээд буй сирийн босогчдын
нэг захирагч Абу Сакар гэгч нөхөр сирийн армийн алагдсан цэргийг
цээжийг нь хутгаараа яран зүрхийг нь сугалан идсэн дээ. Энэ ритуалыг
америкийн ардчилал хэрхэн тайлбарлах бол?
Арабын зарим оронд ардчилал, эрх чөлөөний уриан дор олон түмний
хувьсгалаар радикал исламистууд засгийн эрхэнд гарч ирэн, эдийн
засгаа цааш нь бусниаж, ажилгүйдлийг өсгөж, эцэст нь ард иргэдээ
хооронд нь цуст мөргөлдөөнд өдөн дуудаж байгааг бид харж байна. Торниж
бэхжээгүй ардчилал эхлэлийн шатандаа замхрах, завхрах зам руу орж
тун магадгүй байна. Үүнийг мөн л тэр ардчиллын өлгий боллоо хэмээн
америкчуудын үзэж буй Египетээр жишээлж болох мэт. 2013 оны зун
Тахрирын хоёрдугаар хувьсгалаар Мухаммед Мурси мөртөө зайлсан билээ.
Tэс өөр шашин соёл, иргэншлийг ардчиллаараа амарчилж ойлгодог АНУ-ын
идеализм Мурсийг зайлуулсны дараа дахин нэг удаа амилсан даа.
Ард түмний шаардлагыг хүлээн ав хэмээн 2013 оны 7 дугаар сарын 2-нд
Мурсид тулгаж, огцрохыг далдуур дэмжиж байснаа цэргийнхэн түүнийг
огцруулчихмагц хоёрхон хоногийн дотор 180 хэм эргэж гэнэт түүний төлөө
санаа зовиногч болж Б.Обама Цагаан ордноос утас цохисон. Санаа
зовинохын сацуу ардчилсан сонгуулиар сонгогдсон иргэний засаглалын
хэлбэртээ үтэр түргэн эргэж ор гэж шаардсан. Мурси болон түүний
хүмүүсийг бүү баривчлаач, хүний эрхийг дагаж мөрдөөч хэмээн египетийн
армийнхныг гуйж үзсэн. Тусламжаа зогсоох тухай АНУ-ын хуулийг мөрдөнө
хэмээн заналхийлсэн.
Сонгуулиар гарч ирсэн л бол АНУ-аас мөнгө аваад нийгмээ хүчээр
лалжуулж, шашны цөөнхийг дарамталж байх нь тэднийхээр бол зөв болж
таарах уу? Луксорт гадаадын жуулчдын эсрэг аллага үйлдсэн лалын
жамаатын биет төлөөлөгчийг эргүүлээд Луксорын губернатороор
томилж, египетчүүдийг айдаст автуулсан нь зөв үү?
Египетийн байтугай америкийн өөрийнх нь нийгэмд халгаатай зартай
исламистуудыг цэргийнхэн барьж хорих нь хүний эрх зөрчсөн хэрэг болох
уу хэмээн тэр өдрүүдэд АНУ-аас ам асуумаар санагдаж байв. Энэ талаар ч
би ярилцлага Монголын нэгэн ТВ-д өгч, ярилцлага маань facebook.com -д
тавигдсан.
Тэгтэл хагас сарын дараа Вашингтоны байр суурь зөөлөрсөн, Мурсийг авч
хаясныг үндсэндээ зөвшөөрсөн. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон
Керри Египетийн талаархи Вашингтоны шинэ байр суурийг илэрхийлэв.
-Египетэд засгийн эрх солигдсоныг цэргийн эргэлт хэмээн зарлахаар
яарахгүй, хэрэв тэгж хуулийн тайлбар хийх аваас АНУ-аас Египетэд
үзүүлэх тусламж ноцтой болж хувирна гэв.
-Гэхдээ Египет маш хүнд бэрхшээлтэй нөхцөлд байна, хотуудын
гудамжинд эмх журмыг сэргээж, хүч хэрэглэхийг таслан зогсоож, иргэдийн
эрхийг хамгаалан, ажлын байруудыг дахин бий болгох хэрэгтэй. Улс орон
хэвийн амьдралдаа эргэж орох ёстой.
Ардчилсан хөгжлийнхөө замд улс орноо оруулахын тулд сонирхсон бүх
талууд улс төрийн амьдралд оролцох ёстой. Улс төрийн шалтгаанаар
баривчилгаа явуулж болохгүй гэх удирдамж маягтай үгсийг Керри
хэлжээ.
Гэхдээ л Мурсийг даруй сулла гэх гонгиносон шаардлагаа АНУ болон
Европын Холбооноос тавьсаар, тэр шаардлага нь ч мөд зогсохгүй
шинжтэй үргэлжлэв. Бүтэхгүй ч гэсэн тэгж шаардаж байх нь ардчиллын
үнэт зүйлсийн зарчим учраас тэр биз ээ гэж бодож байтал АНУ 180 хэм
гэнэт эргэв. Жон Керри Пакистанд айлчилж байхдаа ингэж хэлдэг юм. Уг нь
анхнаасаа л энэ байр суурин дээрээ зогсох байсан юм л даа.
-Египетийн Ерөнхийлөгч Мухаммед Мурсийг түлхэн унагасан явдал бол
ардчиллыг сэргээж буй хэрэг юм. Сая сая египет иргэдийн хүсэлтээр
засгийн эрх солих ажлыг арми гүйцэтгэж, улс орноо хаосаас аварлаа гэжээ.
Жон Керрийг энэ дүгнэлт дээрээ хатуу зогсох юм байлгүй гэж байтал дахиад л эргэж буцав. “2013.08.14”-ний халуухан үйл явдалд АНУ, Европын Холбоо бүр ч барьц алдав. Каир дахь Лалын ахан дүүс-ийн “майхан хотхон”-ыг
хүчээр хөөн тараах явцад цаадуул нь өдөн дуудсаар байж 900 хүний аминд
хүрч, түүний дотор 100 гаруй цэргийн албан хаагч, цагдаа алагдмагц
тусламжаа зогсооно гэж дахин сүрдүүлэв. Сонгогдсон засгийг эргэлтээр
зайлуулсан бол тийм ямарваа улсад АНУ-ын тусламж очихоо больдог
хуультай, түүндээ захирагдана гэв.
Европын Холбоог мөн тусламжаа зогсоо гэв. Үүнд нь Египет эмзэглээгүй
байж байтал Саудын Араб Персийн булангийн орнуудаа төлөөлөөд 12
тэрбум долларын донорын пакет гаргаж ирээд, Каирт тусламж олгохыг
арабын улсууддаа уриалан дуудмагц Вашингтоноос зөрчилтэй, хоёрдмол
мэдэгдэл хийж эхлэв.
Египетэд цэргийн тусламж үзүүлэхгүй гэж Цагаан ордон шийдээгүй.
Тусламжаа зогсоогоогүй хэмээн Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн
даргын орлогч Жош Эрнест хэлсэн бол сенатч Патрик Лейхи тийм тусламжаа
Обамагийн Засаг захиргаа зогсоосон гэв. Египетэд хүч хэрэглэх явдал
их байгаа учраас зогсоосон хэмээн бүр тодотгов.
Хамгийн инээдтэй нь улс орноо хаос руу хүчээр түлхэн оруулж, түүндээ
энгийн иргэдийг амьд бамбай болгон ашиглаж цус урсгахыг өдөн дуудаад
байгаа Лалын ахан дүүс-ийг ардчиллын өнцгөөс дахин харж оношлох гэж
шогтов. 85 жилийн түүхтэй хөдөлгөөн Лалын ахан дүүс-ийг бүү хориглооч
хэмээн Египетийг уриалан дуудав.
Journalgazette сайтын ажигласнаар бол, өмнө нь Хиллари
Клинтон энэ Лалын ахан дүүс хөдөлгөөний дотроос ардчилал оргилон бадарч
байгааг олж харсан бол энэ удаа Вашингтон Лалын ахан дүүс тэргүүтэй
исламист фашизм дээр маневрлах гэж хичээв. Лалын ахан дүүс тэргүүтэй
исламист фашизм л Обамагийн хувьд шинэ сонголт болж буусан юм байх, тэнд
бичсэнээр бол!
Яг ингэж эргэж буцаж, хоёр нүүр гаргаж байх хойгуур нь АНУ-д шал өөр
аюулын харанга дэлдэж эхлэв. АНУ-ын Конгрессын Ардчилсан бус улс
орнуудад ардчиллыг болон ардчиллын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх
тухай нөгөө алдарт хууль санаачлагчдад хариу барья гэсэн шинжтэй, Арабын
хаврыг анхнаас нь дэмжин дэвэргэж өөгшүүлсний хариу, шан, төлөөс
гэлтэй, учир үл ойлгогдох терроризм АНУ-ыг өөрийг нь 2013 оноос гэнэт
дайрч эхлэв. АНУ-ын Бостон хотод олон улсын марафоны бариан дээр хоёр
хүчтэй дэлбэлэлт болоход хамгийн түрүүн Иорданы салафитуудын толгойлогч
Мухаммед аль-Халаби баяр хүргэн дараахи мэдэгдлийг хийжээ. Үүнд:
-Америкчуудын цус мусульманчуудынхаас үнэтэй байх
учиргүй. Америкийн арми нь Ирак, Афганистаныг эзлээд манай
хүмүүсийг алж байхад бидний амссан тэр зовиурыг америкчууд одоо амсаг л
дээ!?
Олхонуд Д.Баярхүү (Судлаач проф)
No comments:
Post a Comment