Friday, March 20, 2015

20-р зууны түүхэн баримтууд


Цуврал 1. Монголыг хагалан бутаргах нь

Хоёр тэмээтэй бадарчны дүрээр ирсэн Дамбийжаа Оросын засгийн газрын санхүүжилтээр алт мөнгөн гулуузаар гулгиж явсан гэдэг. Бүх Монголчуудыг нэгтгэх зорилго бүхий эх орончдын нэрт төлөөлөл Д.Сүхбаатар Ойрадыг салган Оросод өгөх гэсэн Дамбийжааг Оростой ярилцалгүй дур мэдэн тонилгосныхоо шанг өөрийн амиар төлcөн гэдэг.
           Оросууд Монголоос эхлээд Туваг салгаж БНТТува улс гэгчийг 1921 онд байгуулаад 1944 онд ЗХУ-ын бүрэлдэхүүнд оруулсан байдаг. Октябрийн хувьсгалыг экпортолж дэлхийг улаан болгох нөгөө утопи зорилгынхоо үүднээс Шинжаанд хоёр Бүгд найрамдах улс, Баргийн тусгаар БНУ байгуулах төсөл эхлүүлжээ.
            1925 оноос Коминтерний хүрээнд Бүгд Найрамдах Дөрвөд Ард Улс (БНДАУ) байгуулах төсөл эрчимтэй яригдаж эхлэв. Коминтерний Сибирь, Азийн салбарууд энэ төслийг хэрэгжүүлэгч гол хүч болж байлаа. Энэ төсөл 1925-1932 онд хэрэгжихдээ 3 сая алтан рубль залгижээ. Коминтерн санаагаа хэрэгжүүлэхийн тулд эхлээд өөрийн талыг баримтлагчдыг Монголын дээд удирдлагад олноор оруулах төлөвлөгөө боловсруулсан аж. Тэр үед БНМАУ-ын удирдлага дан халхууд мөн цөөвтөр буриадаас бүрдэж байв. Иймээс баруун Монголын Бадрах, Шижээ хэмээх хоёр залууг гаргаж ирэв. Тэд Ойрадын салан тусгаарлах үзлийг тууштай баримтлагчид байлаа. Халх боловч коммунизм л ялж байвал үндэсний тусгаар тогтнол тийм чухал биш гэх радикал коммунист залуу Лхүмбэ тэдэн дээр нэмэгдэв. Тухайн үед Коминтернд таалагдаж байвал юу ч үйлдэхэд бэлэн төөрөлдөж явсан Гэндэн найдаж болох нэгэн байв.
             Ингээд Коминтерний удирдагч Г.Зиновьев 1928 онд Батурин, Шмераль, Кинг, Черномордюк нарын бүрэлдэхүүнтэй Коминтерний бүлгийг Улаанбаатарт илгээв. Тэд төрийн эргэлт хийхээр Монгол руу ниссэн аж. Гэхдээ Зиновьев бүр нууц нэг ажиллагаа явуулсан байжээ. 1918 онд Москвад Германы элчин сайд Михбахыг гар бөмбөгөөр, 1920 онд анархист удирдагч Махног хутгаар, 1922 онд Бодоог гар буугаар, 1923 онд жанжин Сүхбаатарыг хороор, 1924 онд Данзанг пулемётоор, 1925 онд Ленинградад яруу найрагч Есенинийг мөс хагалагчаар тус тус хөнөөсөн Оросын хувьсгалч зүүн цуст яргачин Яков Блюмхиныг хэсэг гар хөлийнх нь хамт илгээж намын дарга Дамбадорж, Жадамбаа нарыг айлган сүрдүүлжээ. Зартай алуурчны эрхшээлд орсон Монголын удирдагчид буулт хийж, Коминтернтэй хэлэлцэн тохирохоор шийдэв.
            Улсын VIII их хурал тун ширүүн болж төлөөлөгч Дашням гар буугаар салан тусгаарлагч Шижээг буудсан нь оносонгүй, зүүн чихийг нь шүргээд өнгөрчээ. Дамбадорж хурлын ид дундуур Коминтерний төлөөлөгчидтэй хэлэлцээ хийж зүүнтэн залуус удирдлагын 60 хувийг, баруунтан ахмадууд 40 хувийг авахаар тохирсон байна. Ингээд тохиролцоо ёсоор Золбингийн Шижээ, Өлзийтийн Бадрах, Пэлжидийн Гэндэн гурвыг МАХН-ын тэгш эрхтэй гурван даргаар тавьж, Амарыг Ерөнхий сайд, Жигжиджавыг Ерөнхий сайдын орлогч болгожээ.
             Х.Чойбалсан, Баасанжав,  Содов,  Өлзийбат,  Содном гээд зүүний үзэлтэй залуусаар Төв Хороо дүүрсэн байна. Шижээ, Бадрах нарыг хянуулахаар В.Черномордюкийг коминтерний төлөөлөгчөөр үлдээв. Шижээ,  Бадрах Черномордюк гэгч гурван зүүний зүтгэлтэн Монголд социализм үтэр түргэн байгуулах хэт авантюрист туршилт хийж эхлэв.
             Х.Чойбалсан, Гэндэн, Лхүмбэ, Содном, Өлзийбат, Шагдаржав нарын залуус эхэндээ дээрх гурвын талд явсан авч 1930 он гэхэд тэдэнд өөр далд зорилго буйг олж мэдээд хөндийрөн салсан байна. Тэд бүгд халхууд учир Монголын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг эвдэхийг яснаасаа тэвчихгүйн дээр тэд бүгд бүх Монголчуудыг нэгтгэсэн Монгол улс байгуулах эцсийн зорилготой байжээ.
             1932 оны 8-н сард Монголын баруун хязгаарт ЗХУ-ын улаан армийн аялан байлдах 35-р морьт корпус, механикжуулсан 19-р дивизийг тус тус оруулахаар дээд түвшинд тохирсон аж. Түүнчлэн Бүгд Найрамдах Дөрвөд Ард Улсын удирдах бүрэлдэхүүнийг Шижээ, Бадрах, Баасанжав, Санж, Бямбаа, Жүрмэд, Содов нарын дөрвөдүүдээр байгуулахаар шийджээ.
              Гэтэл Монголын удирдлага дахь халхууд 1931 оны хавар засаг захиргааны гэнэтийн шинэчлэл хийж төлөвлөгөөг тасалдуулсан байна. Ховд, Увс хэмээх хоёр аймаг болгон салгаад эдгээр аймгуудын бүрэлдэхүүнд хуучин Засагт хан аймгийн халх хошуудаас хэд хэдийг зориудаар оруулж, угсаатны бүтэцэд өөрчлөлт оруулжээ. Энэ нь Коминтернийг хүнд байдалд оруулсан бөгөөд яг энэ үеэр Япон улс Манжуурыг эзлэн авч ЗХУ-ын Алс дорнодод аюул учруулж эхэлсэн тул Сталин БНДАУ-ын төслийг зогсоож, Монголд явуулж буй ажиллагаагаа орхихыг Коминтерний удирдлагаас шаардсан аж. Гэвч тэр үед Коминтерн Сталины гар хөл болоогүй байсан учир эрс эсэргүүцжээ. Ингэж байтал зүүнтэн Шижээ Бадрах Черномордюк нарын увайгүй харгис нугалааг эсэргүүцсэн монголчууд 1932 онд бослого дэгдээв. Маш их түгшсэн Сталин тэр даруй зүүнтний алдааг засаж, Коминтерний шинэ удирдлага Сталинд захирагдав.    Гэндэн, Амар, Дэмид, Чойбалсан нар хүчээ авч удирдлага дахь зүүнтэн болоод дөрвөдүүдийг хөөн зайлуулжээ.
              Ю.Цэдэнбал 1940 онд намын дарга болмогц үндэснийхээ бичиг үсгийг хаях тогтоолд мутраа үлдээсэн хүн. Ингээд зогссонгүй Монгол улсаа ЗХУ-ын бүрэлдэхүүнд оруулж, ард түмнээ оросчлох гэж ил далд тэмцсээр яваад 44 жилийн дараа Москвад гэрийн хорионд хашигдаж тэндээ хэдэн жилийн дараа үхсэн бол Шижээ, Бадрах нар Москвад цөллөгт амьдарч байхдаа баривчлагдан буудуулав.
эх сурвалж:www.facebook.com 

No comments: