Friday, July 30, 2010
Хотогойдын талаарх баримтууд /3/
Хотогойдыг захирагч Алтан хаад ба Орос орон
Монгол-Оросын харилцааны эхлэлийг Хотогойдыг захирч байсан түүхэнд Алтан хаад хэмээн нэрлэгдсэн Шолой, Омбо-Эрдэнэ, Лувсан нарыг эхлүүлсэн хэмээн албан ёсоор үздэг. Монголын умард хэсэгт нутаглах Хотогойдууд нь 17-р зууны монголын түүхэнд томоохон үүрэг гүйцэтгэсний нэг хэсэг нь умард хөрш Орос оронтой улс төр, эдийн засаг, соёлын харилцааны эх үндэсийг тависан явдлыг судлаачид өндөр үнэлдэг юм. Өгүүлэн буй үед Алтан ханы захиргааны улс 17-р зууны эхээр нилээд хүчирхэгжин нутгийн зах нь зүүн этгээддээ Сэлэнгэ мөрөн, Тамирын эх, Баруун хойш Алтай, Красноярскт, хойш Тагни-уул хүрэх болжээ. Нэгэнт зах нийлэн орших болсон Тува Урианхай, Енисейн хиргис, теленгүүд зэрэг овог аймгуудыг уулгалан довтолж зарим үед алба бариулж, тэдний заримаас олзлон Хотогойдын нутагт авч ирэн нутаглуулах явдал ч байлаа.
Энэ үед умраас Оросын цагаан хаант улс Дорно зүгт хаяа тэлэн Сибирь, Алс Дорнодод орж ирэх болсон ба оросын хаанаас Монголчуудтай харилцахыг хүсэж ялангуяа тухайн үед хүчирхэгжээд байсан Шолой убаши хун тайжтай харилцаа тогтоох, болбол Орост алба бариулах, өөрийн түшмэг хараат орон болгохыг зорьж элч төлөөлөгч удаа дараа илгээх болов. Шолой убаши ч Ойрадуудтай байлдахад түшиг болгох, мөн худалдаа эдийн засгийн харилцаа тогтоох зэрэгт Орос улсыг ашиглахыг зорьж найртай ёсноор элчийг угтан авчээ. Шолой убаши өнгөн дээрээ Орос улсын эзэн хааныг хүндэтгэн үзэж буй мэт түүний ивгээлд орж цалин пүнлүү хэргэм зэргийг нь хүртэхэд бэлэн буйгаа илэрхийлж байвч үнэн хэрэг дээрээ өөрийгөө эзэн хааны хэмжээнд тавьж байжээ.
Оросын түүхийн архивт хадгалагдаж буй баримтаас үзэхэд Алтан хаад нь Оросын дорно зүгийн гол харилцагч нь Хотогойдын Алтан хаад юм. Худалдааны харилцааг ихээхэн дэлгэрүүлж байсны нэг тод жишээ нь хятадаас ногоон цайг Сибириэр дамжуулан анх орос орныг цайтай танилцуулсныг гэрчилэх баримт Оросын архивт хадгалагдаж байна. Ийм харилцаа Шолой убаш, түүний хөвгүүн Омбо-Эрдэнэ нарын үед хэвийн үргэлжилж байсан юм. Харин Омбо-Эрдэнийн хөвгүүн Лувсанренчингийн үед нэлээд алдарсан юм. Учир нь тухайн үед гадаад нөхцөл байдлын хувьд өмнөдөд Манж гүрэн хаяа тулсан, умардад Оросын улам улам идэвхтэй бодлого явуулах болсон, Монголын дотоодод улс төрийн тогтвортой бус байдал үүсч хямралын байдалтай тун хүнд үе байв. Лувсанренчин Хотогойдыг захирах болсноор Засагт ханы болон Ойрадын эрх баригчидтай эв эвдрэлцэн тэдэнтэй үргэлжийн үймээн самуун дэгдээх болсон юм. 3-р Алтан хан Лувсанренчин 1660-аад оны үеэс Ойрад, Халхын ноёдтой эвдрэлцэн байх газар үгүй болсон тул цөөн албатаа дагуулан Хөхнуур, Амдогийн газар очин улмаар 1691 онд манжийн хаанд дагаар оров. Түүнийг урагш явсны дараа Хотогойдуудыг “дарга үгүй болов” хэмээн Лувсанренчин хунтайжийн үеэл Дорж Дай хунтайжийн хөвгүүн Гэндэнгээр 1686 оноос эхлэн Хотогойдыг захируулсан юм. Гэндэн эхэн үедээ “..нэгэн төрлийн Шибдуй хатан баатар лугаа хамт нийлэн Манж нарт Халхын адил бууж өгөлгүй уугуул нутгаасаас нэлээд зүүншлэн, Сэлэнгэ мөрний биед шахан бууж цагийг хүлээж байсан боловч Манжийн шахалт, шаардлагаар арга буюу 1694 онд дагаар орсон юм. ...Чингис эзний Алтан ургийг язгуураас яллах ёсон үгүй... Чингүнжавын хэлсэн үгнээс Шадар ван Чингүнжавын үед Хотогойд нь “..тоос, халиучин, шэжнүүд, их хотогойд, бага хотогойд, мянгад” гэсэн зургаан отогт хуваагдан явсан. Тэдгээр отгууд нь хүн амын бүтцийн хувьд “доод тал нь 50 өрх, дээд тал нь 200 гаруй өрх” байв. Чингүнжав нь Хотгойдуудыг удирдан Манжийн эрхшээлээс гарахаар хөдөлж, улмаар тэдэнд барьдаг албыг болиулах, хятад худалдаачдын пүүс, дэлгүүрүүдийг шатаан бусниулах зэргээр тэмцлээ эхэлсэн нь улмаар Монгол үндэс, язгуур эрх ашгийг хамгаалсан зэвсэгт тэмцэл болон хувирах эхлэл болсон юм. Гэвч уг бослого тэмцэл нь халхын зарим ноёдын эвээ ололцоогүйгээс хамааран зорьсон үйлсээ бүтээгээгүй юм.
Чингүнжав бол Хотогойд түмний төдийгүй монголчуудын бахархал болсон түүхэн домогт жанжин эр юм. Чингүнжав Монгол төрийн тусгаар тогтнол, газар шороо, алтан ургийн үндэс угсаагаа авран хамгаалахын төлөө эцсээ хүртэл тэмцсэн баатар эрийн жишээ билээ. Түүний хэлсэн үг, захидлаас бид дээрх үгийг сонгон авсан билээ.
Хотогойдыг тархаан бутаргах оролдлого
Шадар жанжин Чингүнжавыг баригдсаны дараа Манжийн төрөөс Хотогойдын зургаан отгийг задлан бутаргаж, жишин хэд хэдэн хошуунд хуваан захируулсан юм. Энэ нь Хотогойдыг дахин ямар нэгэн үймээн самуун дэгдээхээс сэргийлсэн явдал билээ. Өнөө үед Хотогойдууд нь Монгол улсын Архангай аймгийн Их тамир сум, Говь-Алтай аймгийн Баян-Уул, Дорнод аймгийн Матад сум, Халх гол сум, Завхан аймгийн Баян-Тэс, Тэс, Баянхайрхан, Сонгино, Тэлмэн, Идэр, Нөмрөг, Тосонцэнгэл, Булнай сум, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Эрдэнэцагаан сум, Увс аймгийн Малчин, Наранбулаг, Тэс, ховд аймгийн Булган, Мөнхайрхан, Мянгад, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Цэцэрлэг, Бүрэнхан, Түнэл, Алаг-Эрдэнэ, Баянзүрх, Төмөрбулаг, Арбулаг сумуудад, Хэнтий аймгийн Хэрлэн суманд тус тус бүртгэгдсэн байна. Мөн Өвөрхангай аймгийн Бүрд, Баян-Өндөр суманд өөрсдийгөө ар таван Хотогойдоос ирсэн гэдэг хэсэг айл байжээ. Тэдний өөрсдийнх нь аман домгоор бол “Ар таван Хотогойдоос 100 гаруй жилийн өмнө тасран ирсэн” гэдэг байжээ. Өвөрхангай, Архангай, Говь-Алтайн нутаг буй хотогойдууд нь Чингүнжавын бослогын үеэр тарсан хотогойдуудын үр сад бололтой.
Харин Дорнод аймагт буй хотогойдууд хэдийд тэнд очиж суусан нь тодорхой бус юм. Лавтай Хотогойдоос тасран очсоныг гэрчлэх зүйл нь Дорнод аймагт Хотогойдын дотор байдаг овгуудаас нэлээд нь байна. Тухайлбал, Оймууд, Хөхнүүд, Бэсүд, Хотогойлог, Дархад гэх мэт. Ховд аймагт буй хотогойдууд нь 1760 оны үест Хотогойдоос салан нүүсэн Мянгадуудын хамт очсон юм. Тэд одоо ч өөрсдийгөө Хотогойдын, ялангуяа Чингүнжав албат гэж ярилцдаг. Оросын Холбооны улсын Буриадын нутагт Байгалын өмнө биеэр хотогойд овгийнхон байсан тухай эрдэмтэн Б.Бамбаев дурджээ. Тэдгээр Хотогойдууд нь Алтан хаадын үед тэд Сибирь болон Байгалын өмнө биеэр удаа дараа довтлох үед үлдэж хоцорсон боловуу. Буриадууд нь Сайн ханы самгалан, Бошигт ханы бослогоор ирсэн гэж ярилцдаг нь энэ үетэй холбоотой байж мэднэ. Сайн хаан хэмээх нь бодохул Эрийн сайн хунтайж буюу Лувсанренчин бололтой. Өөрөөр хэлбэл Лувсанренчин, Галдангийн хоорондын үймээнээр Засагт ханы араас нэг хэсэг хүмүүс дүрвэсэн байна.
Хотогойдуудын монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, байр суурь
18-20-р зууны эхэн үеийн Монголчуудын угсаа соёл, нийгэм аж ахуй, улс төрийн түүхийн хөгжилд хотогойдуудын гүйцэтгэсэн үүрэг, байр суурийг зөв тодорхой гарган тавих нь хамгийн чухал асуудлын нэг тул товчхон өгүүлэе.
Хотогойдын эдийн болон оюуны соёлыг тодруулан судлаж өнөө үеийнхэн хийгээд хойч үеийнхэндээ таниулан мэдүүлж, хүндлэн дээдлүүлэх, өвлөн хөгжүүлэх сэтгэлгээг бий болгох зэрэг шаардлага байна. Хотогойдууд нь 17-р зуунаас хойш 20-р зууны эхэн хүртэлх богино хугацаанд Монголын нийгэм-улс төр, соёлын түүхэнд өөрийн гэсэн ул мөрөө үлдээж бахархалт түүхийг бүтээж чадсан ард түмэн билээ. Манжийн түрэмгийлэгчдийн эсрэг тууштай тэмцэгч шадар жанжин Чингүнжавын баатарлаг тэмцэл, Шолой Убаши, Омбо-Эрдэнэ нарын Оросын эсрэг бат зогсож байсан байр суурь, Гэндэн хунтайжийн Ойрадын эсрэг хамгаалах тэмцэл зэрэг нь Хотогойдын ард түмний бахархал болсоор байгаа билээ.
Мөн бид дээр өгүүлсэн Орос-Монголын харилцааг үндэслэж, Монголын тусгаар тогтнолыг умараас хамгаалах, Орос зүгээс гарах хилийн элдэв маргаан, зөрчлөөс сэргийлэн харуул, өртөөний албыг сайн гүйцэтгэж байв. Ялангуяа 20-р зууны эхнээс Халх Монголчууд тусгаар тогтнолоо тунхаглан зарлах үед уг тэмцэлд хотогойдууд маш идэвхтэй оролцож өөрсдийн хувь нэмрээ оруулж байсан нь баримтаас тодорхой байна. Жишээлбэл, Жалханз хутагт, Ерөнхий сайд Дамдинбазар Монголын баруун хязгаарыг чөлөөлөхөд тэргүүлэн оролцож, монгол төрийн ерөнхий сайдын албыг нэр төртэй хийж байв.
Хотогойдууд нь Монголын соёл, шашны түүхэнд тодорхой ул мөрөө үлдээж чадсан олон сайхан жишээ бий. Тухайлбал, Тэсийн хүрээ, Жалханз хутагтын хүрээ, Мөрөнгийн хүрээ зэрэг шашин соёлын томоохон хүрээ хийдэд умар зүгийн олон угсаатнуудаас хүрэлцэн ирж шашны ном соёлд суралцан Тува, Буриад зэрэгтээ очиж соёлыг түгээж байсан баримт олон бий.
Эх сурвалж: Түүхийн ухааны доктор Хар Адуутан С.Чулуун
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment