Friday, July 30, 2010

Хотогойдын талаарх баримтууд /2/



Баримт №1

Халхын Засагт хан аймгийн баруун хойд, хойд, Хөвсгөл нуураас Увс нуур хүртэлх өргөн уудам нутагт Гэрсэнз Жалайр хунтайжийн угсааны Шолой убаш хунтайжын захиргаанд 16-17-р зууны үед Хотогойд [Hotugoid] хэмээх нэгэн угсаатан захирагдах болжээ. Ойрадын нэг аймаг болсон Хойд аймгийн зарим хэсэг нь 17-р зууны эцэс үеэр Халх-Ойрадын дайны үеэр Засагт ханы мэдэлд орж улмаар Ашихай дархан хун тайжийн дэд хөвгүүн Түмэндарь хотогур дайчингийн удмынханд захирагдах болжээ. Түүний хөвгүүн Шолой убаши буюу “Алтан хан”-ны үед Хотогойд нэрээр ихэд алдаршсан юм.
Баримт №2
Сурвалжид 17-р зууны эцэс үеэс Ашихай дарханы мэдэлд очсон Yнэгэд, Жалайрын хойчис нь “таван Хотогойд”, “гурван Олхонуд” хэмээгдэх болжээ.

Баримт №3

Хотогойдууд нь угсаа гарал, овгийн бүрэлдэхүүнээс гадна хэл зүйн болон аман аялгууны хувьд цэвэр халх биш бөгөөд ойрад-халхын завсрын шинжтэй болохыг эрдэмтэн Б.Я. Владимирцов судлан “...Бүх талаас нь үзвэл хотогойд аман аялгуу нь Халх-Ойрадын аялгуу хутгалдсaны дүнд буй болсон холимог аялгуу юм. Чингэж хутгалдах явц нэлээд эрт буй болсон бололтой” гэжээ. Yүнийг Монголын эрдэмтэн Ж.Цолоо судлан ”...авиа зүйн болон хэлний зүйн талаасаа цэвэр халх биш өвөрмөц шинжтэй бөгөөд тухайлбал захчин, урианхай аялгуутай төстэй хэмээн дүгнэжээ” Мөн хотогойдуудын дундуур 19-20-р зууны заагаар аялсан эрдэмтэн Г.Н.Потанины тэмдэглэлд Хотогойдуудыг халх бус болохыг ажигласан ба “...тэдний байр байдлыг ажиглавал баруун халх монголчуудтай адил харагдах бөгөөд хэрэв зээ Монгол хэл мэддэг байсан бол хэлний хувьд адил төстэйг ч нэгэн адил олж үзэх байсан буй за” гэжээ.

Баримт № 4

Монгол эрдэмтэд, түүхчдийн судалгааны үр дүнд Хотогойдууд нь аман аялгуу болон хэлний зүйн хувьд төдийгүй түүхэн нутагшилт, зан үйл, амьдралын хэв маягын хувьд дан ганц халх биш ойрад, Халхын төдийгүй олон төрөл ястны оролцоотой үүсэн бүрэлдсэн гэж тодорхойлон баталсан байдаг. Жишээ нь Хотогойдууд “Бид өөлдөөс гаралтай бөгөөд одоо халх хэлээр ярьдаг болчихоод байгаа юм”, “…Заримдаа манайхныг ойрадаас гаралтай гэх бөгөөд Ойрад хотогойд гэдэг байсан”, “…бид Их мянганы [Хойдыг хэлж байна. С.Ч] үр угсаа хожим Халх нутагт ирж суусан юм” гэх зэргээр өөрсдийнхөө гарлыг Ойрад, Хойдуудтай холбон үзэх нь Хотогойдуудыг ойрадуудтай холбож үзэх бас нэг сэжим юм. Мөн түүнчлэн Манжийн төрийн зохиосон Илтгэл шастирт “...Хотогойдын газар нь Халхын адгийн захад орхигджээ, Баруун этгээд нь Өөлдөд ойр, умарт этгээдэд Орост ойр буюу. Тэдний зан байдал цахар дүртэй…Хотогойд хэдий засагт ханы харъяат мөн боловч үнэхээр өөр нэгэн аймаг билээ” гэжээ.

Баримт № 5

16-р зууны эцсээр Халхын засагт ханы харьяанд шилжсэн Хойдууд түүхэн хөгжлийн явцад халхчуудтай холилдон хотогойд хэмээх нэгэн угсаатны бүлэг үүсэж 17-18-р зууны үед хүчирхэгжин тэд Засагт ханы харьяаных гэхээсээ илүүтэй бие даасан мэт орших болжээ. Тухайн үеийн Ойрад-Халхын алинд ч хамаарахгүйгээр Хотогойдын улс, Хотогойдын газар, Хотогойдын хан гэх зэргээр нэрлэх болсон нь тэд ихэд хүчирхэгжсэний шинж юм. Энэ үеэс л Хотогойдын ард түмэн өөрсдийгөө “би Халх”, “би Ойрад хүн” гэхээсээ илүү би Хотогойд хүн хэмээх болжээ. Өөрөөр хэлбэл угсаатан өөрийгөө ухамсарлан үзэх сэтгэлгээ бүрэлдэн тогтож чадсан байна.

No comments: