Friday, July 30, 2010
Хотогойдын талаарх баримтууд
Баримт №1
Хотогойд нэрийн учир хамаадал, үүсэл гаралын талаар эрдэмтдийн дунд үндсэн хоёр чиглэл байна. Yүнд:
а. Хотогойд нь Хото-Гайту буюу монголжсон түрэг гаралтай угсаатан гэж үзсэн ба Г.Н.Потанин уг саналыг анх тавьжээ. Тэрээр “…Гайту нь Өмнөд Сибирь хавьд байдаг ба мөн Енисейн мөрний эх Урен голын орчимд өөрсдийгөө Хайдутууд гэж нэрлэдэг омог бий” гэжээ. Мөн Конбаловт Хайдыпар, Кандык, Кастрендэд Кайденг нэртэй овгууд буйг тэмдэглээд Хотогойдыг тэдэнтэй холбон тайлбарлахыг оролдсон байна. Энэ саналыг эрдэмтэн Грумм-Гржимаило дэмжиж Хото-гайты нарыг түрэг ястны бүлэгт хамааруулан авч үзжээ.
б/. Хотогойд хэмээх угсаатны нэр Дөрвөн Ойрад, түүний бүрэлдэхүүнд байсан Хойд аймгаас үүсэлтэй бөгөөд өөрөөр хэлбэл, Хойд+гойд гэдэг нэр үүссэн гэж үздэг.
Баримт № 2
16-р зууны сүүлээр Ойрадаас Хойд аймгийн нэг хэсэг олзлогдон нүүн ирж Засагт ханы хойд талаарх халхуудтай хольцолдон суужээ. Халхууд тэднийг Хойд+гойдууд буюу онцгойдууд зэргээр ялган нэрлэснээс уг нэр үүссэн гэдэг. Халхуудтай холилдон суух болсон хойдуудыг дөрвөн Ойрадын үндсэн хойдуудаас ялгахын тулд Хойд+гойд, онцгой+хойд гэж нэрлэсэн гэж үзжээ. Нөгөө нэг хэсэг нь Хойдуудыг халхчууд хэл соёл, зан заншил, соёлын хувьд онцлогтой тул өөрсдөөсөө тусгайлан онцгойлж гойдлон тийнхүү нэрлэсэн гэж үзсэн байх юм.
Баримт №3
Хойд+гайт буюу Хотгайтууд гэсэн нэрээс үүссэн гэж Хотогойдын ахмад настнууд ярилцдаг ажээ. Уг нэр нь 18-р зууны дунд үеэр болсон шадар ван Чингүнжавын бослого тэмцэлтэй холбоотойгоор авч үздэг. Учир нь Хотогойдууд Манжийн эсрэг тэмцэл хийж, Зүүнгарын хаан Галдан бошигттой байлдаж хөрш орших халхчуудад баахан гай тарьсан тул Хойт+гайт нэрийг гуйвуулан хочлож байсан бололтой.
Баримт №4
Түүх сонирхогч Б.Цэвэл гуай “…Хотогойд нэр нь Хойд+гойд, Хойд+гайт ч биш харин Халхын баруун хойд, Засагт ханы хойд талаар нутагласан Хойдуудыг Халхчууд Хойд+хойдууд гэж нэрлэсэн” гэж үзжээ.
Баримт № 5
Хотогойд нарын доторхи овгийн бүрэлдэхүүн, түүхийн үйл явцыг судлан үзэхэд тэд түрэг гаралтай аймаг бус харин Монгол угсааны түүндээ дөрвөн Ойрадын нэг хэсэг Хойд аймгаас салбарлан гарч тэдгээр нь халхчуудтай айлсан суух болсон гэж үзэж болох талтай.
Баримт №6
Харин баруун Монголын аман аялгуунд хонийг “хой” буюу “кой” хэмээн нэрлэх бөгөөд хойдууд нь халхын Засагт ханы араар нутаглахад тэд эрхлэх аж ахуйн хувьд хониор нэн баян байсан мэдээ сурвалжисд мэр сэр тааралдана. Өдгөө ч тэдэнтэй хил залгаа орших халхууд хонин хотогойдууд хэмээн хочлон нэрлэдэг.
Дүгнэлт:
Түүхч эрдэмтэн С.Чулууны үзэж байгаагаар“Хой” буюу хонь гэсэн үгэнд уугуул аймгийн нэр”'хойд”-ыг нийлүүлэн хотохойд хэмээх нэр үүссэн ба хотохойд нь хонь бүхий хойд аймгийнхан гэжээ. Учир нь халхууд угтаа хэл соёл, гарал, үүсэл нэгтэй хойдуудыг зах залган нутаглах болсноор тэднийг эрхлэх аж ахуйн онцлогоороо хамаатуулан ийнхүү нэрлэсэн болов уу гэжээ.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment