Tuesday, August 17, 2010

Нөлөөлөлийн технологи


Саяхан нэт дээр тавьсан байсан нэгэн нийтлэлийг та бүхэнд толилуулахаар шийдлээ. Гэхдээ бүгдийн бус хэсэгчлэн тавилаа.

“Хүний санаа бодлыг удирдах хамгийн шилдэг арга бол түүнд ашиг сонирхлынх нь сэдэлтийг өгөх” гэж Америкийн топ маркетингийн компаниудад заадаг. Үүнтэй адил аливаа улс орны удирдагчийг ашиг сонирхлынх нь дагуу чиглүүлэн залж чадвал тухайн улсыг нь залж болно гэж хязгааргүй нөлөөллийн технологийн талаар судлаачид ярьдаг. Энэхүү улсын удирдагч хэдий чинээ нэр хүнд, мөнгө, эд баялагт дуртай, эсвэл хэдий чинээ гөжүүд, зөрүүд, муйхар, зальхай, аймхай, бэртэгчин байна, төдий чинээ залахад амархан гэж үздэг. Ийм ч учраас улс бүрийн стратеги судлалын хүрээлэнгүүдэд аливаа улс орны удирдагч нарыг маш нарийвчлан судалдаг ба үүний дараа тухайн улстай харилцах харилцааны технологийг нарийвч¬лан гаргадаг.
Хязгааргүй нөлөөл¬лийн технологийг хувь хүнд чиглэсэн, нийгэмд чиглэсэн гэж 2 үндсэн хэсэгт хуваадаг нийгэм рүү чиглэсэн нөлөөллийн технологи нь улс орныг хүн ам зүй, соёл иргэншил, түүхэн уламжлал ёс заншил, аж амьдралын хэв маягийг устгах буюу өөрчлөхөд чиглэдэг. Нийгэм рүү чиглэсэн хязгааргүй нөлөөллийн технологи амжилттай хэрэгжсэн тохиолдолд хувь хүн рүү чиглэсэн нөлөөллийн технологи илүү хялбар болдог ч гэж үздэг. Харин хувь хүнд чиглэсэн хязгааргүй нөлөөллийн технологи нь тухайн тавигдаж буй зорилт бүрээсээ хамаарч тус бүр өөр өөр хандлага, арга барилтай байхыг шаарддаг. Хувь хүн рүүчиглэсэн далд нөлөөллийн буюу хязгааргүй нөлөөллийн технологи нь үндсэн гурван шаттай хэрэгждэг.
1.Тухайн хүний ашиг сонирхлыг өөртөө ашигтай байх урсгал руу  чиглүүлэхийн тулд суурь судалгаа хийх /сэтгэл зүй, ааш зан, боловсрол, төлөвшилт, гарал үүсэл, гэр бүл, найз нөхөд, хүрээлэн буй орчин, сурсан бага, дунд, дээд сургууль г.м. бүх талаас нь судлах замаар сэтгэл зүй, ашиг сонирхлынх нь загварчлалыг нь гаргадаг/
2.Тухайн гаргасан загварчлалын дагуу хувь хүний ашиг сонирхлыг зорилтот  ашиг сонирхлын урсгалтай нийлүүлэх, эсвэл зорилтот ашиг сонирхолд тэр хүний ашиг сонирхлыг захируулах технологийг хэрэгжүүлэх.
3.Ашиг сонирхлоор нь уял¬дуулан асуудлыг шийдвэрлэх 
/Дээрх гурван шатлалын дагуу нөлөөлөх арга технологи хэрэгждэг гэж онцолдог./
Харин Монгол шиг жижиг, буурай орнуудад энэ тоглоомын дүрмээр хэн сайн тоглодог нь биш, энэ тоглоомын дүрмийг тухайн оронд тохируулж зохиосон гадаадын стратеги судлалын хүрээлэнгүүд бүх тоглолтыг хяналтдаа барьдаг гэдгийг энгийн хүмүүс мэддэггүй. Тухайн үед ил талдаа төрийн засаглалын олон хувилбарыг Монголын талд гаргаж өгч байсан юм шиг боловч далд талдаа өөрсдөдөө ашигтай мэдээллийн урсгалын сувгийн амыг илүү нээж, ашиггүй мэдээллийн урсгалын сувгийг хаах далд үйл ажиллагаа явуулсныг Монголчууд мэдээгүй. Үүн дээр намын эрх ашиг гэдэг агуу номлолыг мөн л ашиг сонирхлоор нь удирдан залах технологийг гадаадын стратегиуд мөн л ур чадвартайгаар хэрэгжүүлж байна.
Энэ нь юу вэ гэвэл 2012 оны сонгуульд намаа ялуулахын тулд сонгогч нарын өмнө амлалтаа биелүүлэх гэсэн хүсэл эрмэлзэл дээр нь тоглох замаар орд газруудыг хурдан зарах сэдэлтүүдийг өдөөсөн нарийн тооцсон алхам. Тэгээд стратегийн ордуудыг гаднынханд хямдхан өгсөн тохиролцоонд урьдчилгаа мөнгө авах, авсан мөнгөөрөө сонгуулийн сурталчилгаагаа хийх гэсэн маш энгийн намын эрхэм ашиг сонирхол. /Дэлхийн бусад улс орнуудад төсвийн мөнгөөр өөрийн тойрогтоо сурталчилгаа хийхийг “гахайн торх” буюу Pork barrel гэж нэрлэдэг ба энэхүү үйлдлийг хуулиар хориглосон байдаг./ Ерөнхий энгийн зарчим бол “алтан боломж” гарлаа. Ашигла, оролц, хувиа ав, өөр дахиж ийм бололцоо гарахгүй шүү гэх ашиг сонирхлыг нь өдөөх сэдэлт.
“Улсад хэрэгтэй, намд хэрэгтэй, чамд ч хэрэгтэй” гэх хандлагын цаана Долингорын хоосон чулуу атгуулдагтай адил аргаар гадаадынхан асуудлыг шийдэж байгаад хэргийн гол учир нь байна.

No comments: