Saturday, September 18, 2010
Сартуулын гарал үүслийн талаархи зарим баримтууд
Монголын түүхийн ном сударт дөрвөн өнгө улс, таван харь гүрэн гэж тэмдэглэн үлдээсэн байдаг . Тэрхүү 4 өнгө улсад нь Хар хятад, Хөх монгол, Шар сартуул, Улаан тангад хамааруулдаг байсан байна. Үүнээс үүдээд Сартуул иргэд нь улсын доторхи ястан угсаатан уу? Үндэстэн үү? Биеэ даасан улс уу? Эсвэл харь улсаас ирж суурьшсан иргэд үү? Нэг бол Их Монгол нутагтаа идээшин суусан Халхын нэгэн угсаатан уу? гэсэн асуултууд урган гарч ирж байна. Учир нь үеийн үед Монгол нутагт оршин амьдарч үндэстэнүүдийн түүх соёлын сурвалж бичгүүдэд Сартуулын угсааг гаралыг тэмдэглэн үлдээсэн баримт бичиг ховор байдаг бөгөөд түүхч эрдэмтэд өөр өөрсдийн үзэл бодлоор цухас судлан тэмдэглэсэн байдаг билээ. Тиймээс энэ асуултанд хариулахын тулд Сартуулын талаарх мэдээ баримтуудыг та бүхэнд толилуулъя.
Баримт №1
Эрдэмтэн Д.Баярсайхан “...Сартуул хошуу Чингис хаан 1219-1225 оны хооронд тэр үеийн Хорезмын шахт улс буюу сартуул иргэнийг дайлах явцдаа Ургенч, Бухар хотын иргэдээс голчлон бүрдсэн 100000 гаруй иргэнийг олзлон Хархорум зэрэг хотуудыг бариулахдаа ашиглаж байгаад 1250-аад оны үед одоогийн Завхан аймгийн нутаг Завхан голын орчим байсан Чингай балгасны орчим нутаглуулан баруун гарын их Чансан Чингайд захируулснаар Сартуул ястан бий болох эхлэл тавигдсан байна” гэжээ.
Баримт №2
Судрын чуулган хэмээх их зохиолд Эргүнэ Күнгээс гаралтай олон аймгууд хадан хавцалаа хайлуулан гарч баруун тийш хөдөлсөн гэх бөгөөд тэд Ангар, Енисей мөрний сав цутгалангуудад нүүж очиж тэр нутгийн иргэдтэй хольцолдож суух болжээ. Енисей мөрний тэнд Усуту-Мангун ба Алаг адуутан зэрэг монгол аймгууд байсаныг Судрын чуулганд цохон тэмдэглэсэн байдаг. Yll зууны үед Енисей мөрний эхэнд БО-МА буюу Алаг морьтон хэмээх монгол аймаг байсан мэдээ байдаг бөгөөд одоо ч тэр хавь, дархад нутаг, Завхан аймгийн Сартуул сумдаар “алаг адуу” овогтон олон байна.
Баримт №3
МЭӨ lll - МЭ X зууны эхэн хүртэл Монголын гол нутагт Монгол, Түрэг гаралт нүүдэлчдийн том гүрэн, хаант улсууд оршин тогтнож тэдгээр улсуудын умар хил нь Енисей мөрний эхэн урсгал заримдаа Байгаль нуур хүрч байсан тул Эргүнэ Кунгээс баруун тийш шилжин хөдөлсөн аймгууд ба тэдний хойч үе үр сад болох Монгол Дарлекины зарим аймгууд Монгол аймгуудтай /Сартуул, Жалайр, Мэргэд/ нь хил залгаа хаяа хатган оршсоор байжээ.
Баримт №4
Сартуулын өвөг аймаг нь олон зуун жилийн туршид анх баруун зүгт байж нүүдэлчдийн хэцүү ширүүн дайн тулаанаас дайжин зүүн тийш нүүдэллэн дүрвэж Эргүнэ кунгд орогнож дахин үүсэн үржиж олширч баруун тийш нүүдэллэн бусад овог аймгуудтай Хөвсгөл, Байгаль нуур орчим ойн аймгуудтай ойр зэрэгцээ нутаглаж улмаар баруун хойш Ангар, Енисей мөрний эх сав дагуух нутгууд хүрч түүнээсээ баруун урагш Чуй, Чулышман голууд улмаар Эрчис мөрөн, Алтайн нуруу цаашаа Үлэнгэр, Зайсан нуур, баруун тийш Балхаш, Иссык-Куль нуур хүртэл нүүдэллэн нутаглаж байжээ.
Баримт №5
Сартуулыг зарим сурвалж бичгүүдэд болон Европынхон өөр өөрсдийн хэл аялгуунд тааруулан сарт нэрийг Согд, согдий, согдион, сак, сакс, скиф, уйгар гэж түүхэнд олон янзаар тэмдэглэж ирсэн нь будилуулдаг. Тэгвэл үүнийг түүхч судлаач Ц. Шагдарсүрэн “... Эхлээд Уйгар нарыг дараа нь Түрэг газрын иргэдийг бүр сүүлдээ лал нарыг гарал үүслээр нь ялгахгүйгээр цөмийг нь Сартуул хэмээн нэрлэж байжээ.” гэж үзсэн нь эрдэмтэд тухайн үеийн ард түмний газар нутаг, уг гарвалыг тодорхойлоогүйд байгаа төдийгүй тэр үеийн сурвалж бичгүүдэд ялган салган тэмдэглэж үлдээгээгүйд оршино.
Баримт №6
Монголын Нууц Товчооны 177-р зүйлд “...Чи улсаа орхиж, цөөн хүнтэй амь хорогдон дутааж, хар Хятадын гүр хааныг Сартаулын нутаг Чуй мөрөнд байхад хүрч очоод тэнд нэг жил бололгүй бас салж Уйгар нутаг ба Тангудын газраар тэнэж, 5 ямаа шөрөглөн сааж, тэмээний цус ханаж идсээр сохор халиун морьтой явж ирэв чи...” гэж Тоорил хааныг Чингис хаан зэмлэж буй байдал гарч байгаа нь монголын газар нутгийн хилээр баруун хойноос урагшаа тойрч байгаа байдал гарч байгаа бол 198-р зүйлд “... Найманы Хүчүлүг хан, Уйгарын Харлугийг дайрч Сартаулын газар Чүй мөрөнд байгаа хар Хятадын Гүр ханд нийлэн очив...” гэж гардаг. Энэ нь Чүй мөрнөөр дайрч цааш явж байгаа байдал дүрслэгдэж байна. Энд нэр гарч буй Чуй мөрөн гэдэг нь одоо ч энэ нэрээрээ Хятадын Шинжаан Уйгар болон ОХУ-ын Алтайн өөртөө засах орны нутагт буй Чуй, Чулышман зэрэг хоёр томоохон голыг хэлж байгаа бөгөөд тухайн үеийн Дундад ази, Хорезмийн Шахт улсад харьяалагддаггүй тэдгээрээс алс хол орших Монгол Найманы эзэмшил нутаг хэлсэн ажээ. Тэгэхээр Сартуулууд нь Дундад Азийн Хорезмийн Шах болон Их Монгол улсуудын дунд оршиж байсан нь тодорхой байна гэж үзэж болохоор байна.
Баримт №7
Монголын Нууц Товчооны 182-р зүйлд: “... Онгудын Алхушдиги Хуригаас 1000 ирэг аваад далимд Эргүнэ мөрний орчимд нутаглах ардаас булга, хэрэм худалдан авч яваа Сартагтай Хасан /худалдааны ноён/ гэдэг хүн цагаан тэмээ унаж хонио тууж ирээд, Балжун нуурт усалж байхтай Чингис хаан түүүнтэй уулзав...” гэсэн байдаг. Нөгөөтэйгүүр МНТ-д түүхэнд ямар ч ач холбогдолгүй зүйлийг тусгайлан тусгах шаардлага байхгүй нь лавтай бөгөөд ялангуяа Сартаул нь Чингис хаанд хүчин зүтгэж ойр дотно харилцаатай байжээ. Өөрөөр хэлбэл Сартагтай Хасанг ирэхэд Чингис хаан яг ялагдаж идэх хүнс үгүй байсан тул тэр 1000 ирэг хониороо Чингисийн цэргийг тохинуулаад Чингис хааны шадар, цаашилбал сайд, түшмэл нь болсон байж мэдэх бөгөөд Хорейзмыг дайлахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үзэцгээдэг билээ. Эдгээрээс үзэхэд Сартуулууд нь Дундад Азийн Хорейзмын Шахт улсаас тусдаа бөгөөд цэвэр Монгол аймаг гэдэг нь батлагдахын дээр Чингис хаан Их Монгол улсыг байгуулахад Онгудын нэгэн адил ихээхэн тусалж томоохон үүрэг гүйцэтгэж байсан нь илэрхий юм.
Баримт №8
Монголын нууц товчооны 181-р зүйлд: “...Саяхан намайг Тогтоа бөөгийн сартуул хонины сүүлийг дагаж явсан ...” гэж Сэнгүм хилэгнэсэн байдаг. Мөн Лу Алтан Товчид: ...Чингис хаан зарлиг болсон нь: Арамза Сартаул чи зэрмэд загас бол, Урианхайн Зэлмэ чи хүчит хүй шонхор бол, та хоёр биеэ үнээрэн огтролдон өгүүлэлд... хэмээн цэц булаалдуулж байгаа нь сартуулууд Их Хаанд маш эртнээс хүчин зүтгэж байсан нь тодорхой байна.
Баримт №9
Дээр дурьдсан сурвалж баримтуудаас үзэхэд зарим эрдэмтэн судлаачид Сартуулуудыг 1219-1225 оны хооронд Хорейзмын Шахт улсыг дайлах явцдаа Ургенч, Бухар хотуудаас голчлон бүрдсэн 100000 гаруй иргэнийг олзлон Хар Хорум зэрэг хотуудыг бариулахаар ашиглаж байгаад 1250-иад оны үед одоогийн Завхан аймгийн нутаг Завхан голын орчим байсан Чингай балгасны орчим нутаглуулж баруун гарын их Чинсан Чингайд захируулсанаар Сартуул ястан бий болжээ гэж бодит дүгнэлтгүй, үнэнд нийцэхгүй гэж үзэж байна. Үүнийг дараах баримтнаас харж болно.
Баримт доторхи баримт
1223 онд Даосын Бомбо Чан Чунь Дундад Азид аян дайн хийхээр явсан Чингис хаантай уулзахаар Чингай балгасаар саатаж өнгөрөхдөө балгасан ба түүний тариалангийн байдлыг үзэж ихээхэн хөл хөөр хөдөлгөөнтэй хот суурин байдалтай байсныг тэмдэглэжээ. Тэр үед тус орны баруун хэсэг Говь Алтай, Завханы орчим нутагт Монголын их гүрний ерөнхийлөн захирах яамны баруун гарын Хэрэйд аймгийн Чингай сайд хот байгуулан тариа тариулж байсан нь түүх шастирт “ Чингай балгасан” гэж тэмдэглэгдсэн төдийгүй тэрхүү үйлдэл нь Цагаан морин жилээс Хар бичин жил (1210-1212)-ийн хооронд эхэлж байсан нь Дундад Азийг дайлаар мордохоос хугацааны хувьд ч эрт байгаа нь Сартуулууд дээрх баримтыг давхар нотлож байгаа юм.
Дүгнэлт
Түүхэн болон бодит баримтуудыг түшиглэн харьцуулалт хийж дүгнэхэд тухайн монгол нутагт өнө эртнээс оршин сууж Байгаль нуур, Енисей, Кавказ, Памир, Алтайн нуруу, Долоон усны сав газруудад сартаулуудын өвөг болох “Сар” хэмээх ард түмэн нь дайн тулаанаас ангид байж, мал аж ахуй, газар тариалан, дорно өрнө рүү жин тээж, худалдаа арилжаа хийж торгоны замын хөгжлийг бий болгосон төдийгүй Их Монгол улсын үед урт дурын хүмүүс /Л.Н.Гумилевын нэрлэсэн/ байж зарим хэсэг нь суурьшмал амьдралд шилжин бөс бараа, даавуу нэхэж алт мөнгө, чулууны дархан, гар урлал хөгжүүлж тухайн үед соёлч боловсоролоороо бусад овог аймгуудаас онцлог өвөрмөцөөр оршин сууж байсан уугуул Монгол угсаатан юм.
Сартуулуудын өвөг дээдсийг Байгаль нуур, Чуй, Чулышман, Алтанкель, Долоон усны сав газрууд болон Алтай, Памир, Кавказ зэрэг уул нуруудыг түшиглэж амьдарч байсан гэж үзэж болно гэж дүгнэж байна. Мөн түүнчлэн Алтай нурууны цаад ОХУ-ын Алтайн Улаган аймгийн Баллыктюль тосгоны нутагт байх Чулуун овоотын 2500-гаад жилийн өмнө холбогдох Пазырыкийн булш болон манай улсын Ховд, Баян Өлгий, Увс, Завхан зэрэг аймгуудын нутагт Сартагтай баяны гэрийн бууц, Сартагтай баатарын морины мөр, Сартагтай баатарын харавсан чулуу, Сартагтай цэцний суваг зэрэг Сартагтай цэцэн баатар, Сартуулуудтай холбоотой түүх домгийн зүйлс биетээрээ оршдог ба түүнээс илүү бодитоор орших ард түмэн тэдгээрийн аман түүх, уламжлалт ёс заншил, соёлын онцлог, овог яс зэрэг нь түүхийн асар том нотлогоо болох билээ.
Subscribe to:
Post Comments (Atom)
1 comment:
Эрхэм хүндэт Чингис хааны үр сад! Би Чингис хаан ба Хорезмын эзэнт гүрнийг судалж байна. Чингис хаан Хорезмын эзэнт гүрэн рүү жагсаж Хорезмээс 100,000 гаруй хүнийг олзлогдсон байдлаар Монголд авчирсан бөгөөд тэдний үр удам одоо Сартуул гэж нэрлэгддэг гэж би уншсан. Энэ сэдвээр Монголд судалгаа хийж буй түүхчидтэй хамтран ажиллахад надад туслаач. Түүхчид имэйл эсвэл твиттер, фэйсбүүк хуудас, имэйлтэй байж болно. Танд эрүүл энх, амар амгаланг хүсье. Хүндэтгэсэн, Бекзод Абдиримов. Узбекистан.
prof.uz@mail.ru
Post a Comment