Wednesday, January 5, 2011

Баруун этгээдэд зорчисон тэмдэглэл №3



Өлгий хотод очсоны маргааш өглөө нь цас орж, газар дэлхий нүүрээ угааж, уулс нь цагаан өмсгөлөө өмссөн нь хангай дэлхий сайхан хүлээж авч байна гэсэн сэтгэл төрөхөөр байлаа. Бүүр бага насны маань дуртгалууд нүднээ ил харагдах шиг болсон. Өдөржин хүмүүстэй уулзаж орой болсон бидний буудалсан Цамбагарав буудалд зоог барив. Энэ буудал нь баруун аймгуудэд бүү хэл төвийн аймгуудад байхааргүй сайхан тохилог буудал, ресторан байв. Буудлын эзэн гэх махлаг бор залуу сүүлд өөрийгөө Болд гэж танилцуулж түүнтэй ярилцаж суухад үнэхээр шинийг бүтээх гэсэн эрмэлзэл тэмүүлэл, хөдөлмөрч байдал нь мэдрэгдэж байлаа. Ийм залуус олон мянгаар байгаа цагт Монгол улс маань хөгжих юм гэсэн миний итгэл үнэмшил сэтгэлийг минь улам ихээр гижигдэж байв. Хүн ам их өсч нийгмийн ялгаа улам бүр хүрээгээ тэлж байгаа нь алхам тутам харагдаж байх юм. Маш олон ажилгүй залуучууд баараар холилдож, худалдаа наймааны захуудаар хүмүүс бужигнасан, 3 давхар хаусууд ярайж, нам намхан шавар байшингуудаас нь нүүрсний утаа баагсан ийм л дүр төрхтэй хэдэн өдрийг үдлээ. Харин нэг орой Монгол цуур хөгжмийг дэлгэрүүлэх ариун үйлсийг бүтээж яваа нэгэн залуутай танилцаж цуурын гайхамшигийг мэдэрч хонолоо. Цуур хөгжим тоглохоор лус баясдаг юм гэж манай нутгийн нэг хөгшин намайг бага байхад байсныг тэр орой өөрийн биеээр мэдэрлээ. Хөхөө гэгч урианхай өвгөнтэй танилцаж эрт эдүгээгийн түүхийг яриулж суухад өөрийн эрхгүй эх түүхээрээ Монгол гэдгээр бахархах сэтгэл төрж байлаа. Агуу түүхтэй ард түмэн агуу соёлыг үлдээдэг юм байна. Харин нэг таагүй зүйл нь энэ аймагт амьдарч буй Монголчууд нь үндэсний цөөнх болжээ гэж хэлэхээр байв. Өглөө эрт Өлгий хотоос гараад наран мандаж буйд Ачит нуурын хөвөөнд очлоо. Байгалийн тэрхэн агшин үгээр хэлэхийн аргагүй сайхан. Байрамын даваа өөд зүтгэн байж гартал байгаль эх дахиад нэг төрхөө харууллаа. Үүлсийн дээр Хархираа Түргэний нурууны орой л харагдах юм. Үнэхээр сүрдмээр бас биширмээр. Давааны орой дээр өвдөгөөр татсан цас, цааш явсан машины битгий хэл амьтаны ч мөр алга. Буцлаа. Ингээд тойрон байж их үдийн алдад Үүрэг нуурын хөвөөнд вакумжуулсан казакын үндэстэний казаар зоог барилаа. Цааш хөдлөөд Улаан даваа өөд өгсөлөө. Даваа орой ойртох тусам цас орж битүү манан татаж байгаль эх гурав дахь удаагаа дүр төрхөө харууллаа. Хаана яваад байгаагаа сүүлдээ мэдэхээ болилоо. Гэтэл гэнэт даваа орой харагдаад их эвгүй доошоо уруудлаа. Орой бүрий болсон хойно Улаангом хот ирж хонолоо. Буудлын тохь тух жаахан тиймэрхүү дээр нь өрөөнүүд нь хүйтэн. Сүүлийн үед тохижилт бүтээн байгуулалт хийж байгаа нь илт мэдрэгдэж байв.

No comments: