Sunday, January 16, 2011

Бөөгийн талаарх зарим баримтууд


Баримт №22
Алтайн урианхай бөө нарын шүтдэг Атаа 5 тэнгэрийн сэтэрийг хар морь, хар сэрх, хар ирэг, хар ат, хар үхэрт татдаг байжээ. Тэгвэл сэтэр гэдэг нь онгодыг хялбар, хөнгөн маягаар дүрслэх нэг хэлбэр бөгөөд сэтрийг айлд юм уу малын хүзүүнд байрлуулдаг байна. Сэтэрийг мухар сөөмөөс нэг төө гаруй урт, 2 хуруу өргөн хэмжээ бүхий цагаан, ногоон, хөх, улаан, хар өнгийн даавууг давхарлан үйлддэг байна. Тэдгээр өнгөнүүдийн утга санаа нь: цагаан- онгодын сэтгэл санаа ариун гэсэн, ногоон нь лусын, хөх нь тэнгэрийн, улаан нь нарны буюу галын, хар нь савдагын буюу шорооны өнгийг тус тус илэрхийлдэг байна.

Баримт № 23
Дом шившлэг нь сайныг ирүүлэх, мууг зайлуулах бүхий домнох зан үйл, шивших үг, шүлэг зэргээс бүрддэг. Дом шившлэгийг дууриах дом шившилэг, хүртэх дом шившилэг гэж 2 төрөлд хуваадаг байна.

Баримт № 24
Бөө нар чоныг онгодын хамгийн сайн хүлэг, мөн дайсан этгээдийг эсрэг тэмцэгч хэмээн үзэж лус савдаг, онгод тэнгэрээ дүрслэхдээ чоно унуулж дүрслэдэг байна. Харин хэрээг сайн газарч, бараа бологч, үнэнч сахиул, зарц хэмээн үздэг байна. Нэг талаар онгод тэнгэрийн хэлмэрч болж явдаг байна.

Баримт № 25
Алтайн урианхай бөө нар чандаганы арьсыг битүү хуулж дотор нь өвс чихэж амилсан дүрс онгодыг гэрийн чанх хойморт байрлуулан тахиж шүтддэг байжээ. Түүнийгээ чандаган онгод гэж ч нэрлэдэг байна. Алтайн урианхай бөө нар 20-р зууны эхэн хүртэл шарын шашинтай холилдож уусалгүй харын бөө хэвээр байж чадсан цөөн хэдэн овгийн бөө нар юм.

No comments: