Thursday, March 1, 2012

IX Богд Жибзундамбагийн өөрийн тухай хүүрнэсэн нь


Би 1932 оны усан бичин жилд Түвдийн Үй мужид төрсөн. Эхээс төрсөн цагаас эхлээд л Монгол гэдэг нэр надтай үргэлж холбоотой байсаар өдий хүрсэн дээ. "Энэ хүү наймдугаар Богдын хойд дүр мөн" гэж тухайн үеийн Монголын том лам хуврагууд намайг өргөмжлөн тэтгэдэг байлаа. Гэвч намайг төрсөнтэй бараг уралдаад Монголд цаг үеийн байдал өөрчлөгдөж эхэлсэн. Түүнээс хойш Богдыг өргөмжилж залах хүнгүй болсон гэхэд болно. Цаг үеийн байдал өөрчлөгдсөн хэдий ч сахиус, хувилгаадууд "Та бол Халх Богд мөн шүү" гэж нууцаар хэлдэг байсан. Миний бага нас Далай багшийн "Потала" ордны ойролцоо өнгөрсөн юм. Манай гэр тэнд ойрхон байсан. Гудамжны нэг талд манайх. Нөгөө талд нь Түвдийн нэг түшмэл лам амьдардаг байлаа. Тэр үед Түвдийн төрийн албыг том лам хуврагууд нь залгуулдаг байсан юм. Тэр лам түшмэлийг яагаад ярьж байгаа вэ гэвэл бас учиртай. XIII дугаар Далай лам тухайн үед тэр лам түшмэлийг наймдугаар Богдын сойвонгоор /туслах/ томилж бүх ажил хэрэгт нь тусалж бай гэж Монгол руу явуулж байсан юм билээ. Тэгээд тэр хүн наймдугаар Богдын сойвон хийж байгаад Монголд цаг үе эвгүй болмогц буцаад Түвдэд ирж.

Гудамжны наана цаана ойрхон амьдардаг байсан болохоор би тэр лам түшмэлийн гэрийг андахгүй сайн мэддэг байлаа. VIII Богдын сойвон байсан болохоор түүнд Богдын амьд ахуйдаа эдэлж хэрэглэж байсан эд зүйлс нэлээд их байсан биз. Нэг удаа тэр түшмэл гэрийнхээ гадаах хэцэн дээр VIII Богдын өмсч байсан нэг их гоё торгон хувцсыг тавьчихсан байхад нь би булааж зугтааж байсан юм. Тэгэхэд би гурав дөрөв орчим настай байсан байх. Тэгэхэд л өнөө түшмэл намайг "Энэ яах аргагүй Халх Богдын хойд дүр мөн байна" гэж итгэсэн гэдэг.

Дөрөвтэйдөө би түвд үсэг заалгасан. Миний язгуурын багш Радэн ринбүчи тухайн үеийн Түвдэд бараг хааны эрх мэдэлтэй төрийн түшээ хүн байлаа. Тэр үед би монгол хэлээр бага зэрэг ярьдаг байсан. Долоон настай байхад багш маань намайг Халхын богд гэдгийг тас нууж, ямар ч хувилгаан биш энгийн хүүхдийн байдалтайгаар Гомман дацанд шавилуулахаар явуулсан. Анхандаа Гомманд намайг Халх Богдын хойд дүр гэдгийг мэддэггүй байсан ч хэсэг хугацааны дараа тэр үг яриа тархаж хүмүүс хоорондоо шивэр авир гэх болсон. Далай багшийн Найчун чойжин, Гаадан чойжин хоёрын сахиус буух бүрт намайг Халх Богдын хойд дүр мөн гэж гарч ирж байсан гэдэг. Үүнээс хойш тэр үг яриа миний шавилж байсан Гомман дацанд нэлээд тархсан. Ингээд би дацандаа 20 нас хүртлээ сууж, Умын ном хүртэл үзсэн. (Умын номыг үзэж дууссанаар хоосон чанарыг бүрэн дүүрэн ойлгодог байна.)
Хорин настайдаа Түвд дэх өөрийн хийд Жонанпунцаглиндаа буцаж очиж байлаа. Ингээд 28 нас хүртлээ тэндээ байж байгаад 1959 онд цагийн ороо бусгаа байдлаас шалтгаалан нууц байдлаар дүрвэж Энэтхэгт ирсэн. Түүнээс хойш цагаач хүмүүс яаж амьдардаг вэ, яг л тийм амьдралаар амьдарч янз бүрийн амьдралыг үзэж туулсан даа. Газар хагалж ногоо тарихаас эхлээд л ноосон цамцны худалдаа наймаа ч хүртэл хийж байлаа. 1991 он хүртэл яг л энгийн хүн шиг ингэж амьдарсан. Тэр жил Түвдийн Соёлын сайд Галсан-Иш Монголд очоод П.Очирбат ерөнхийлөгчтэй уулзахад П.Очирбат болон сүсэгтний холбооныхон "Халх Богдын хойд дүр Энэтхэгт цагаачилсан сураг дуулддаг. Одоо манай улс ардчилсан болж ард түмэн шашин шүтэх эрх чөлөөтэй болсон. Тиймээс Богдыгоо хайж сурагласан хүмүүс мэр сэр байна. Хайж өгөөч" гэж хүссэн юм билээ. Галсан-Иш сайд буцаж ирээд Далай багшид энэ талаар айлтгаад тэгээд намайг эрж олсон.

Ингэж Далай лам "Халх Богд мөн байна" хэмээн мутрынхаа тамгыг тамгалж албан ёсоор анх удаа тамгатай бичгээ надад өргөсөн юм аа. Ингэж 1991 онд анх удаа албан ёсоор баталгаажуулснаар би үнэн IX Богд гэж хүлээн зөвшөөрөгдсөн гэж болно. Түүнээс өмнө мөн, биш гэсэн яриа хаа сайгүй байсан. Тэр үед би өмнөд Энэтхэгт амьдарч байсан юм. Далай багш надад дээд зэргийн хүндэтгэл үзүүлж, Халх Богдыг Өмнөд Энэтхэгт биш заавал Дармасала хотод сэнтийнд нь залах учиртай гэж урьж авчирсан. Шавилан сууж байсан Гомман дацан маань хүртэл надад их хүндэтгэл үзүүлэн өргөмжилж, заавал хийддээ аваачиж сэнтийнд зална гэж зүтгэсээр мөн тэнд очиж сэнтийндээ сууж байлаа.

1991 онд байх аа. Сүсэгтний холбооныхон билүү би сайн мэдэхгүй байна. Миний санаж байгаагаар VIII Богдын шавь байсан Сэрээтэр гэх настай лам, сэтгүүлч Ш.Гүрбазар, яруу найрагч О.Дашбалбар, Гүндсамбуу лам гэх зэрэг хүмүүс Дармасалад ирж Богдын хувцас өмсгөлийг иж бүрнээр нь надад өгч байсан. 1992 оноос Америк, Канад, Орос, Сингапур, Швейцарь зэрэг орнуудад очиж бурхны номыг түгээн дэлгэрүүлэх болсон. Ингээд 1999 онд Монгол оронд анх удаа зочилж байлаа. 1999 онд очиж байхад Чойжамц хамба болон бүх хийдийн тэргүүн хамба лам нар маш халуун дотноор хүлээн авч байсан.  Далай багшийн нигээлсэнгүй ачлал, хайр энэрлээр хаа ч байсан их сайхан байж өдийг хүрлээ. 
Эх сурвалж: http://www.news.mn

No comments: