Saturday, January 14, 2012

Завхан хэмээх нэрийдлэгийг судалсан урьдчилсан үр дүнгээс

Харин доктор, профессор Х.Содномцэрэн Завхан хэмээх нэрийдлэгийн талаар судлан үзээд энэ нь Зөвхөн, Завхан буюу ганц цорын ганц гэсэн утгатай үг бололтой гэж тайлжээ. Мөн судлаач Э.Равдан Завхан хэмээх үгийг Завьхан хэмээн үзсэн нь бий.
Бид Завхан хэмээх нэрийг судлахын тулд юуны түрүүн түүхэн сурвалжаас энэхүү нэрийдлэгийг хайсан юм. Чингэтэл 1662 онд Ордосын Саган сэцэн хунтайжийн туурвисан “Эрдэнийн товч” хэмээх бүтээлд Завхан хэмээх нэрийдлэг дурьдагдсан байна. Тэрхүү зохиолд, Түмэдийн Алтан хан Ананд 1541 онд дөрвөн Ойрадад дайлаар мордон Хүнгүй Завхан голд бут цохисон хэмээсэн нь бий. Мөн энэхүү зохиол болон XVII зууны дунд үед зохиогдсон “Их Шар тууж” хэмээх сурвалжид 1450 оны үед Самар хатан Тайсун хааны хөвгүүн Молонг үхэглэн мордож Хүнгүй Завхан дээр дөрвөн Ойрадад довтлон эрхэндээ оруулж байсан хэмээжээ.
Дээрх мэдээнээс харахад ямартай ч XV зууны үед Завхан хэмээх нэрийдлэг байсан нь илэрхий байна. Түүнээс өмнөх үеийн түүхийн сурвалжаас энэхүү нэрийдлэгийг хайн авч үзвэл, “Монголын нууц товчоо”-ны нэлээд хэдэн эхүүдээс бид сайхь нэрийг хайн үзсэн боловч олж үзсэнгүй харин XII зууны үеийн Монголын нэгэн томоохон ханлиг болох Хэрэйдийн ханлиг нь Хангайн уул, Завхан голоор нутаглаж байсан учир Хэрэйдийн ханлигтай холбоо бүхий мэдээ сэлтийг түүвэрлэн харж байх зуур 1301 оны үед Персийн түүхч Рашид-Ад-Диний тэргүүлэн зохиосон “Судрын чуулган” хэмээх бүтээлд Хэрэйд аймгийн нутагшилтын тухай өгүүлэхдээ Yaba Yabahan (Jaba Jabahan) гэх газар усны нэрийг дурьдсан байна. Энэхүү Y, болон J үсэг нь хоорондоо дүрс урвадаг болохыг хэлэх юун.
Өнөөгийн Завхан аймгийн нутаг нь эртнээс нааш Түрэг угсааны аймгуудын нутагшин сууж асан бүс нутаг болохын дээр өнөө хир эртний Түрэг хэлээр нэрийдэгдсэн газар усны нэр нэлээд тохиохын учир бид энэхүү Yaba Yabahan (Jaba Jabahan) хэмээх нэрийдлэг нь Монгол нутагт Түрэгүүд өөрсдийн улсыг эрхшээн тогтоож байх үе магадгүй түүнээс өмнө төлөвшин тогтсон болов уу хэмээн санав.
Тиймээс энэхүү үгийн утга гаралыг нь эртний Түрэг хэлний толь бичигээс хайх нь зүйтэй хэмээн үзэж Оросын эрдэмтэн В.М.Наделевийн “Деревний Тюркский словарь”-аас шүүрдэн авч үзвэл дээр өгүүлсэн Jaba хэмээх нэрийдлэг тохиосон юм. Өөрөөр хэлбэл Завхан хэмээх нэрийдлэг нь Jaba + Han гэсэн хоёр үгний нийлбэрээс бүтсэн гэж үзэж болохоор байна. Jaba хэмээх үг нь үгийн гарлын хувьд Зэрлэг, догшин, ширүүн хэмээх агуулгыг илэрхийлэх бол Han хэмээх нь энэхүү агуулгаараа бүс нутгийн захирагч, эзэгнэгч гэсэн агуулгаар нь ойлгож болох юм. Тэгэхээр Завхан хэмээх үг нь гаралын хувьд Зэрлэг, догшин, ширүүн эзэн хэмээх утгатай гэж үзэж болох байна.
Эдүгээ Завхан гол хэмээхийг одоогийн Улиастай хотын доохон талд Богдын гол болон Чигэстэйн гол нийлэн цааш урсахыг хэлэх бөгөөд Богдын гол хэмээх нэрийдлэгийн тухайд Монгол оронд бурханы шашин хүчтэй түгэн дэлгэрсэн XVII зууны үеэс үүсгэлтэй бөгөөд тэрнээс өмнө хэрхэн нэрийдэгдэж байсныг тодруулах нь чухал юм. Тэгэхээр бидний үзэхэд Завхан голын эх өнөөгийн Богдын гол нь Хангайн уулын өндөрлөг газраас эх авч урсахдаа хүчтэй түрлэг аван ширүүн урсгалтай байсан нь тийн нэрийдэхэд нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Тэрчлэн хан хэмээх үг нь эзэн гэх агуулгыг илэрхийлэх бөгөөд эртний нүүдэлчдийн бөөгийн шашны үзлээр уул ус бүр эзэнтэй хэмээн үзэх агаад энэ утгаараа мөнхүү голыг Jaba han буюу Ширүүн эзэн гэх утгаар нь нэрийдэж энэ нь яваандаа Завхан болон төлөвшин тогтсон гэж үзүүштэй байна.

     Түүхийн ухааны магистр, докторант  Д.Баярсайхан
     Эх сурвалж: http://tsetsenkhairkhan_hugjil.mon.mn/

No comments: