Tuesday, January 31, 2012

Тувагийн тухай хэдэн баримт

Баримт №1
Түүхэн сурвалжаас харахад Тува гэдэг нэр хожуу орж ирсэн байдаг юм. Монгол, Оросын түүх бичлэгт 1920-иод оны дунд үе хүртэл Тагнын Урианхай, Уряанхайский край нэрээр орсон байдаг.

Баримт №2
Тагнын Урианхай нар төрөлхийн анчин гөрөөчин учир харвах намнахдаа сайн. Өлчир, тэсвэртэй, газар орны онцлогийг гярхай мэддэг цөс ихтэй дайчид юм. Тэд Чингэс, Зүчийн үеэс Монгол төрийн зараалаар цэргийн албанд зүтгэсэн. Зүүнгар улсаас 1716 онд Төвд рүү хийсэн аян дайнд Тагнын Урианхайн дайчид оролцож нийслэл Лхас хотыг нь эзэлсэн цэргийн бүрэлдэхүүнд байсан байдаг.

Баримт № 3
1727 онд Орос Манжийн хилийг тогтоох үед Тува нь Халхын харьяалалд байсан ба харин Халх энэ үед манж Чингийн ивээлийн улс болсон байлаа. Халх Ойрадын дайны үеэр Тагнын урианхай нар Халхын Хатан Бүүвэй баатар /хотгойдын ноён /-ын албат байсан ба түүний цэрэгт багтан ойрадуудтай тулалдаж байсан ажээ.

Баримт № 4
Оросууд Чин гүрнийг шахамдуулсны хүчинд 1863 оноос л Тагнын урианхайд албан ёсоор худалдаа хийж эхэлсэн ба үүнийхээ хажуугаар хэрмэл Оросууд алт хайж, 1800- аад оны сүүлээр энэ бүс нутагт алтны арвин нөөцтэй болохыг олз хайгч хэрмэл Оросуудаараа дамжуулан хаант Орос мэдэж авчээ. Үүний дагуу 1883 оноос төрийн бодлогоор өргөн хэмжээний судалгаа хайгуул явуулж эхэлсэн байдаг. Оросоос Тувад явуулж байсан геологи хайгуул, газар зүй, угсаатны зүйн судлаачид нь эрдэмтэн эрдэм шинжилгээний ажилтан нэрээр халхавчилсан хаант Оросын армийн жанжин штабын тагнуулын газрын ахлах офицерын өндөр хэргэмтэй ажилтнууд байсан байдаг.

Баримт № 5
1885 онд л Туран нэртэй анхны орос суурин үүссэн боловч хорь гаруйхан жилийн дараа буюу Тагнын урианхай бол манай протекгорат хэмээн Хаант Орос зарлах үед оросууд аль хэдийн нь 200 гаруй суурин байгуулчихсан Тувад амьдрагч 5 хүний нэг нь орос болчихсон байжээ.

Баримт №6

Оросууд Монголын ар хударгаар Хятадтай нэгэн тохиролцоо хийсэн нь Тагнын Урианхайг Орос, харин Алтайн хязгаарыг Хятад эзэгнэхээр харилцан тохирсон нууц тохиролцоо байлаа. Гурван улсын төлөөлөгчид Хиагтад гэрээ байгуулахаар уулзаж эхлэхээс 9 хоногийн өмнө буюу 1914 оны VII сарын 17-ны өдөр Хаант орос Тагна Урианхайг ивээлдээ аван Енисейн губернид хамааруулсанаа зарласан юм.

No comments: