Sunday, April 18, 2010

Сартуулын тухай зарим баримтууд


Баримт №1

Сартуул ястан "сарт аул" чантуу айлууд" гэсэн түрэг үгнээс гаралтай гэж зарим судлаачид үздэг. Тэгвэл чантуу нар нь анх Енисей мөрний ойролцоо ан гөрөө хийж амьдардаг, царай төрхийн хувьд Европ төрхтэй Динлин нартай худаг ураг явсан Түрэг угсааны Узбекууд буюу Уйгурууд гэж үздэг. Мөн зарим судлаачид чантуу нарыг Хиргисүүд буюу Кыргыз нарын нэг салбар гэж үзэж тайлбарладаг. Аль ч утгаар нь авч үзсэн Енисей мөрөн, Саяаны нуруугаар нутаглаж байсан Европ төрхтэй Динлин нартай худаг ураг явсан Түрэг овог аймгуудын үр хойчис нь сартуул ястан бололтой.

Баримт № 2:

Сартуул бөө нар Тагна Тыва буюу Саяаны нуруунаас гаралтай Модор хэмээх онгийг гол шүтээнээ болгон залж явдаг байна.

Баримт №3:

Сарт гэдэг үг нь худалдаачид, жинчид гэсэн эртний энэтхэг үгнээс гаралтай ба дундад Азид амьдарч байсан түрэг, перс гаралтай, суурьшмал амьдралтай хүмүүсийг Төв Азийн нүүдэлчин түрэг, Монгол гаралтай хүмүүс Сарт-ууд хэмээн нэрлэж байжээ. Сарт гэдэг нь ямар нэгэн овог аймаг, гарал үүсэл нэгдмэл хүмүүсийн нэр биш, харин гарал үүслээсээ үл хамааран тухайн үед дундад Азид байсан суурьшмал амьдралтай хүмүүсийг нэрлэсэн нэр бололтой гэж зарим судлаачид үзжээ.

Баримт № 4:

Дундад Азид Оросын нөлөө өргөжиж эхэлсэн 19-р зуунаас эхлэн Оросууд Сарт гэдэг үгийг өргөнөөр хэрэглэх болж дундад азийнхнийг (Туркменстан, Узбекстан) нэлэнхүйд нь Сарт гэж нэрлэх болжээ. Сонирхолтой нь Сарт гэдэг үг нь 1924 оныг хүртэл хэрэглэгдсээр байсан ба Зөвлөлт Холбоот Улсын үед Сарт гэдэг үг нь доромжилсон, доорд үзсэн үг гэж үзээд сарт хүмүүсийг сарт-ууд гэж дуудахыг хориглосон байна. Тэгээд дундад азийнхнийг угсаатны гарлаар нь ялган зааглаж Туркменстан, Узбекстан гэж нэрлэх болжээ.

Баримт №5:

Түүхийн эх сурвалжаас харахад Сартуулууд нь эзэн Чингис хааны болон хаан хөвгүүдийнх нь төр барих үед дундад Азиас одоогийн Узбекстан, Афганистан, Тажикстаны нутгаас олноор нүүлгэн авчирч суурьшуулсан урчууд дархчууд тэдний удам ажээ.

Эдгээр баримтуудаас хамгийн сүүлийнхэн их хүчтэй яригддаг бас бичигддэг. Сартуул ястан нэг бол Монголжсон Түрэг угсааны хүмүүс эсвэл Монгол, Түрэгүүдтэй ямарч холбоогүй Дундад Азийн Согд, Перс гаралын хүмүүс ажээ. Баримтууд асуултуудын хариуг нэхсээр...

No comments: