Sunday, April 18, 2010

Засагт хан аймгийн Сартуул Сэцэн вангийн хошуу


Сартуул Сэцэн вангийн хошуу: Сартуулуудын тухай түүх шаштирт тэмдэглэгдэн үлдсэн нь нэн ховор бөгөөд XIII зууны эхэн үед цухас мэдээ гараад улмаар XVI зууны эхэн үед Далдан хөндлөн ноёнд Тангуд, Сартуул хоёр отог очсон гэх мэдээ гардаг. Юутай ч гэсэн XV зууны эхэн гэхэд Сартуулууд бүрэн монголжин Халхын нэгэн томоохон отог хэмээгдэх болсон нь мэдэгддэг. Өөрөөр хэлбэл Баянмөнх болох жононг гурван настай байхад нь Ойрадын Үгүйдэй Тайбо гэгч Халхын Сартуул отгийн Баяндай ахлахуй нарын гурван баатрын хамт Халхад хүргэн авчирсан хэмээн сурвалжид тэмдэглжээ. Чингэхээр дээрх сурвалжийн мэдээг үндэсэлэвэл XV зууны дунд үе гэхэд Сартуул нь бүрэн монголжиж Аглагийн 12 хүрээ (отог) Халхын нэгэн хэмээн нэрийдэгдэх болсон хэмээн үзэж болохоор байна. Сартуулууд энэ үед их хааны захиргаанд яваад Даян хааны отгон хөвүүн Гэрсэнз хунтайжийн их хатан Хатангуй Халхыг түүний долоон хөвгүүн хуваан захируулахад Сартуул нь Тангудын хамт зургадугаар хөвгүүн Далдан хөндлөн ноёны мэдэлд очжээ. Далдан ноёны эзэмшил нутаг дахь түүний орд өргөөг сурвалжид Сартуулын газар хэмээн тэмдэглэсэн байдаг байна. Далдан ноёны орд өргөө нь Сар хайрхан (одоогийн Дөрвөлжин сумын нутаг) уулын орчим байжээ. XVII зууны эхэн үе гэхэд Сартуулууд нь Халхын баруун гар Засагт хан аймгийн нэгээхэн хэсэгт багтаж Тангудын хамт нэг хошууг үүсгэн Засагт хан аймагт харьяалагдаж байснаа 1662 онд Тангуд отгийн эзэн Бинт ноён харъяат ардын хамт өвөр монголд суурьшсаны хойно дангаар нэг хошуу зохион Сэцэн вангийн хошуу хэмээн нэрийдэгдэх болсон байна. 1691 оны Долоннуурын чуулганаар Сартуул сэцэн вангийн хошуу нь Засагт хан аймгийн 7 хошууны нэг гэгдэн Засаг ноёноор Далдан ноёны хөвгүүн Жүндүдэй хатан баатар, түүний хөвгүүн Дамба хөндлөн тойн, түүний хөвгүүн Саран ахайг батламжлан цол хэргэм шагнан хошуу захирсан засаг ноён болгожээ. Хошууны нутгийн хил нь өмнө зүг Зүр хүзүү, Завхан гол, Тахь хошуу, Хомын тал, баруун зүг, Хар нуурын хөвөө, Хатуу тээл, Айраг нуур, баруун хойд, хойд талаараа Талын суудал, Үнэгэд, Хулж булаг, Улаан толгой, Загт, Туулайт, Сонгино уул, Уйтан булаг, зүүн хойт, зүүн талаараа Улаан толгой, Муу түлээт, Айраг нуур, Хавцгайт гол, Хунт Холбоо нуур, өвөр Улаагчин, Улаан эрэг хүрэх ажээ. Манжийн үеийн Халхын өрнө замын зүүнгарын зүүн этгээдийн хошуу, Богд хаант Монгол улсын үед Сартуул сэцэн вангийн хошуу хэмээн нэрийдэгдэж байгаад 1923 оноос Хантайшир уулын аймгийн Сэцэн Сарт уулын хошуу хэмээн нэрийдэгдэх болсон байна. Хошууг засаг ноён Саран ахай, Ламжав, Цэдэнжав, Норов, Дэндэвдорж, Цэсүнжав, Цэвээнжав, Ванчинбазаржав, Насанбуянжаргал, Жалчингомбоцэдэн нар угсаа залган захирч иржээ. 1918 оны мэдээгээр 2291 өрх, 10152 хүн ам, үүнээс тайж 1301, хамжлага ард 2377, лам 1092, албат ард 429, сул ард 282, эмс охид 4671 байжээ. 12,2 мянган толгой малтай байв. 1931 оны засаг захиргааны өөрчлөлтөөр Завхан аймгийн Сонгино, Ургамал, Сантмаргац, Завханмандал, Дөрвөлжин, Барчин, Чандмана-Өлзийт, Увс аймгийн Завхан сумдыг зохиосон байна.
Эх сурвалж: http://denvermedee.com/

No comments: