Wednesday, February 16, 2011

Хууч яриа


Цагаан сар болж ах дүүгийнхээрээ орж золголт хийж аавын маань нэг хамаатан айлд орж суутал аав ээж, ураг төрлийнхөө талаар баахан яриа өрнөлөө. Тэдний ярианаас сэдэвлэн нэгэн хүний амьдралын тухай та бүхэнд өгүүлмээр санагдлаа. Аавын маань нагац ах Маанийн Пэрэнлэй гэдэг хүний талаар. Тэрээр моринд эртэй нутаг усандаа гайхагдсан эр байсан бөгөөд одоо ч хүртэл түүний талаар нутгийхан үлгэр домог шиг зүйл ярьцгаад юм. Тэрээр найман охин хүүхэдтэй айлын ганц хүү болон мэндлэхэд аав нь баярлаж хаваржиж байсан газрынхаа ойролцоох овоог тахисан юм гэнэ лээ. Эрийн цээнд хүрч Халх голын дайны жил цэрэгт мордож дайн дууссан жилийн намар халагдаж ирсэн юм гэсэн. Намар болж нутгийн залуус цэргээс ирээд байдаг хүү байдаггүй. Ядаж байхад сүүлийн 3 жил хүүгээс нь хэл сураг ирээгүйг хэлэх үү хоёр хөгшин битүүхэндээ сураг тавиад Зүйлийнхээ намаржаанаасаа нүүдэггүй ээ. Намар орой болсон сэрүүхэн үдэш тэртээ Зүйлийн голын эхэнд нэг машин ирээд 2 хүн буулгаад хөдөлж гэнэ. Буусан 2 хүн нь баруун тийшээгээ явчихаж. Эмгэн санаа алдан сэмхэн нулимсаа арчаад үнээгээ сааж, өвгөн хий л ийш тийшээ саравчилж хараад гэртээ орж гэнэ. Эмгэн сүүгээ гал дээр тогоо тавьж буцалгаан аядаж, өвгөн зулын гэрэлд энэ тэрээ юм оролдож суутал хаалгийг /тэр үед эсгий хаалгатай байжээ/нэг өндөр цэргийн хүн сэвхийтэл нээж орж ирээд "За сайхан намаржицгааж байна уу?" гэж хэлтэл эмгэн зогтусан хартал хүү байж гэнэ. "Ээ миний хүү" гээд эмгэн уулга алдан хүүгээ тэврэн авч мэлмэрүүлэн унан тусан алдаж, өвгөн баярласандаа чимээгүй мэгшиж байсан гэдэг юм. Цаг үе үнэхээр хэцүү байж дээ хөөрхий.

1 comment:

Batbold said...

Гайхалтай. энгийн боловч утга агуулга сайтай, бас найруулгын алдаагүй, сул үггүй. Гэхдээ л сэтгэл хөдөлгөж чаддаг. Амжилт хүсье бүсгүй минь.