Tuesday, February 22, 2011

Бидний үеийн сонголт


Ойрхи Дорнодод хувьсгал болж үймээд, Монголд дайны өмнөх бэлтгэл шиг улс төрийн солирол эрчээ авч эхлээд юу л болоод байна даа. Дэлхийг хэдхэн баячууд хуваан захирдаг гэж хэлэлцдэг. Амьдрал уйтгартай санагдахаар нь дайн хийж тоглоод... За тэр том асуудлын нарийн ширийнийг би ямар мэдэх биш. Юу ч гэсэн нийтлэлч Баатархуягийн нэгэн нийтлэлийн нэгээхэн хэсгийг та бүхэндээ толилуулъя. Үнэхээр бидний үеийн сонголт ийм л болохоор байна даа..............................

Сүүлийн үед эрх баригчид ахиад 20 жил, ядахдаа 10 жил тэсэхийг ард түмнээсээ гуйж эхэллээ. Үндсэндээ 2016 он гэхэд Монголд угсаа залгамжилсан элитүүдийн засаглал тогтох болно. Үүний тулд тэд 2012 онд тогтож үлдэх хэрэгтэй байна.

Өнөөдөр засаглагчид голдуу 1950-1960-аад оныхон юм. Тэд биологийн насаар 1980-1990-ээд онд хүүхэдтэй болсон. Тэдний хүүхдүүд өнөөдөр 25-35 насныхан. Яг энэ үетэй зэрэгцээд Монголын нийгэм жам ёсны генерацийн шинэчлэл эхэлсэн. Энэ шинэчлэл тэднийг санаагүй байхад буюу арай л эрт эхэлчихсэн юм. Хэрэв түүхийн давтамжийг анзаардаг бол Монгол дахь үе хоорондын зөрчил 10-15 жилийн хугацаатай давтагдаж, шинэ үе гарч ирдэг билээ.

Гагцхүү Ю.Цэдэнбал Оросуудын дэмжлэгээр гурван ч үеин шинэчлэлийг давж тогтсон юм. Эхнийх нь сэхээтний төөрөгдөл, дараа нь намын эсрэг бүлэг, гурав дахь нь 1980-аад оны эхээр эхэлсэн. Ц.Намсрай нарын шинэ үе өмнөх үеэ түрж эхэлсэн ч Ардчилсан хувьсгалаар засаглал орвонгоороо эргэчихсэн билээ. Ю.Цэдэнбалаас хойш хуваарьгүй ноёрхлоо тогтоох оролдлогыг Н.Энхбаяр хийсэн ба тэрээр 1996-2009 оныг хүртэл 10 гаруй жил төрийн эрхэнд тогтсон юм. Гэхдээ тэр хувааж захирахыг хүсээгүй, тиймээс ч санхүүгийн цөөнхийн түрэлт ба шинэчлэлийн давалгаанд цохигдон унаад байна.

Харин одоо үе халах шинэчлэл хийгдэнэ. Гэхдээ энэ нь хаа хамаагүй залуусаар улстөр-санхүүгийн эрх мэдлийг шинэчлэнэ гэсэн үг биш юм. Өнөөдөр МАХН-ыг шинэ харагдуулж байгаа залуус яг энэ түвшиндээ буюу нийслэл, аймгийн ИТХ-ын хэмжээнд царцана. Олонх нь явцын дунд улстөрөөс шахагдан гарсан байх болно. Нэгэн үе Н.Энхбаярын эсрэг зорилгодоо ашиглахаар нийгмийг шинэчлэх хөдөлгөөнүүд болоод диссидентүүдийг санхүүжүүлж байсан элит шинэ давхарга өнөөдөр өөрсдөө оршин тогтнох, угсаа залгамжилсан засаглалаа бэхжүүлэхээр чармайж байна. Өөрөөр хэлбэл хувьсгалын дараахь бужигнаан намжиж, Монголын нийгэмд цоо шинэ давхраажилт бий болж байна.

Өнөөдөр тэдний хүүхдүүд 25-35 насанд хүрч байна. МАХН-ынхан Ерөнхийлөгчийн суудлыг алдахгүйн тулд нэр дэвших насны хязгаарыг 45 гэж тогтоогоод сая Ц.Элбэгдоржид алдлаа. Тухайн үед хувьсгалыг гардан удирдаж байсан залуус их сайндаа л 30-тай байсан билээ. Харин санхүүгийн эрх мэдлийг атгагч цөөнх энэ алдааг давтахгүйн тулд яарч байна. 2016 он гэхэд парламентын сонгуульд нэр дэвшигчдийн олонх нь тэдний хүүхдүүд байх болно. Тэр “хүүхдүүд” нь тухайн үед 30-40 насны, барууны аль л нэртэй сургуулийг дүүргэсэн, дүүргээд зогсохгүй мастер, доктор хамгаалсан, өндөр боловсролтой, төрийн албаны туршлагатай, дэлхийн түгээмэл хэлнүүдийг гаргуун эзэмшсэн тийм л хүмүүс байх болно. Өнөөдөр УИХ дахь үе хоорондын хурцадмал тэмцлийн шалтгаан үүнд байна.

УИХ-ын гишүүн Тэмүжингийн хэлдэг үнэн. “Бидний үеийнхэн бол эгэл борчуулын хүүхдүүд, дотооддоо сургууль дүүргэсэн, асар хөдөлмөрч, авъяастай нь их сайндаа л гадаадын аль нэг сургуульд мастер хамгаалсан ийм л хүмүүс. Амьжиргаагаа тогтоох гэж арван жил зүтгэсэн, хажуугаар нь сурч боловсрох зав багатай, тиймээс оюуны чадвартай, хөдөлмөрч нь жаахан амжилтад хүрсэн. Гэтэл 2016 онд өрсөлдөгчид маань өмнө хэлсэн шиг айхтар “анкеттай” бол ард түмэн хэнийг сонгох нь ойлгомжтой”.
Өмнөх үе дараа үеэ сайтар бэлдсэн юм. Хүүхдээ Ерөнхий боловсрол эзэмшмэгц гадаадад сургуульд явуулсан. Төгсөөд ирмэгц төрийн байгууллагад жирийн албанд ажиллуулсан. Дараа нь гадаадын аль нэг сургуульд мастер хамгаалуулахаар илгээсэн. Ирмэгц дунд шатны албан тушаалд томилон ажиллуулсан. Одоо олонх нь хүүхдээ доктор хамгаалуулахаар явуулсан байна. Тэд эргэж ирмэгцээ яамны хэмжээнд ажиллана. Дараа нь аавууд нь улстөрөөс холдож, хүүхдүүдээ оруулна. Одоо ч зарим нь бэлтгэж байна. Энэ шинэ үеийнхнийг муулах гээгүй байна, гэхдээ тэдэнд сурч боловсроход ямар ч бэрхшээл байгаагүй юм. Тэд шинэ үеийн цагаан захт давхарга. Сонгуульд нэр дэвшихэд сайхан намтраас гадна санхүүгийн асар их нөөц бий. Ийнхүү улс орны улстөрийн эрх мэдэл удам дамжсан цөөн гэр бүлийн мэдэлд орох юм.

Мөнгөөр улстөрийн эрх мэдлийг авах туршилтуудыг хангалттай хийсэн байна. Ийнхүү шилжилтийн үе дуусахад цоо шинэ элит давхарга төрийн эрхийг эзэмдсэн байх болно.

Филиппиний Ерөнхийлөгчийн сонгууль болов. Гэтэл Бенито Акино гэгч ялжээ. Гайхав, арай энэ Филиппинд “Акино” овогтой хүн л Ерөнхийлөгч болно гэж хуульчлаагүй байлтай. Энэ Ерөнхийлөгчийн аав Филиппинийг олон жил удирдаад авилгын хэргээр төрийн эрхнээс зайлуулагдсан юм. Нэг сонгууль өнжөөд ээж нь Карасон Акино төрийн тэргүүн болсон. Мөн л авилга энэ тэр асуудлаар нэр хүндээ алдаж ялагдсан. Гэтэл энэ удаад “нэр цэвэр” хүү нь Филиппиний төрийн тэргүүн болон тодорлоо. Яг ийм нийгэм Монголыг хүлээж байна. Бид ардчилсан Солонгосчууд шиг ардчилсан сонгуулиар элитүүддээ угсаа залгамжлах эрхийг олгосоор байх болно.
Эх сурвалж: http://baatarhuyag.niitlelch.mn/

No comments: