Wednesday, August 22, 2012

Монгол юу юм бэ, татаад дууссан тамхины иш шиг ямар ч хэрэггүй улс шүү дээ


Хэдийгээр хэн нэгний үзэл боловч энэ бодит зүйл юм шиг санагдаад үүнийг блогтоо орууллаа
Хятадын сайт дээр, “CCTV телевиз Гадаад Монголын талаар хийсэн үнэлгээнээс харахад монголчуудын ухаанд нь ухна үхжээ” гэсэн гарчигтай, Монгол-Америкийн харилцааг хөндсөн нийтлэл тавигдсаныг хэсэгчлэн орчуулан танилцуулж байна. Уг нийтлэлд:

“...Саяхан Монголыг НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцуулахаар урьсаныг мэдээд манай орны интернэт хэрэглэгч нөхөд энэ үйл явдал нь барууны орнуудаас Хятадыг бүслэн хаах зорилгоор хийж байгаа ээлжит “шатрын нүүдэл” гэж үзэн болгоомжилсон, дургүйцсэн үзэл бодлоо нэлээдгүй илэрхийлсэн байна. Миний бие энэ талаар мөн ихээхэн бодолхийлж, өөрийн санааг өгүүлэхийг зорилоо.

АНУ, түүний НАТО-гийн гишүүн холбоотнуудын нүдээр цэргийн хэрэг дэх Монголын үнэ цэнийг харвал, АНУ-аас дэлхий дахинд хэрэгжүүлж байгаа стратегийн бодлогын талаар ярихад өөрийн эрхгүй хүрнэ. CCTV телевизийн нэвтрүүлгийн үеэр НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцох болсон Монголын асуудлыг хөндөхдөө, түншийн статус бүхий энэ улсын байр суурь НАТО-д ихээхэн өсч байгааг тойрон мэтгэлцсэн. Хятад энэ дээд хэмжээний уулзалтыг ингэтлээ их сонирхож буйн шалтгаан нь Япон, Өмнөд Солонгос, Сингапур, Австрали зэрэг Ази-Номхон далай дахь “хоёр дахь НАТО-гийн” улс орнууд дэлхий дахинд хэрэгжүүлж буй АНУ-ын стратегийн бодлогын цэргийн бүтцэд нь зохицон орж байгаатай  холбоотой. Ер нь Монгол нь АНУ-ын эдгээр санаархалд ямар хамаатай юм бэ? Миний бодлоор бол энэ улсын үнэ цэнэ ёстой л тэг заах байх даа. Монгол шиг эх газрын гүнд түгжигдсэн, далайгаас хол, умард, өмнөд хэсэгтээ Орос, Хятад хэмээх хоёр аварга гүрнээр үхтэл боомилуулсан, гуравдагч хөрш улсгүй өөр орныг би өдөржингөө газрын зураг дээрээс хайгаад олоогүй юм даа.

Соёлын талаас нь харахад нүүдэлч малчин үндэстний бүтээсэн соёл хүн төрөлхтөний түүхэнд тэргүүлэх байр суурь эзэлж байгаагүй. Тогтвор суурьшилгүй, дөрвөн зүгт сарнин тархсан, өвс ус дагаж нүүдэг үндэстэн нь дотоодын удирдагчдын хүчээр удаан хугацаанд нягтарч чадахгүй. Энэ нягтрал байхгүй болчихвол соёлын улмжлал, хөгжлийн асуудал нэн түвэгтэй болно. Түүхэнд нэг л удаа гялалзаад өнгөрсөн нүүдэлчин үндэстэн “морь” хэмээх хүйтэн зэвсгийн үеийн маневрлах чадвар сайтай амьтныг ашиглаж мандсан бөгөөд бусад хүчирхэг үндэстэнтэй хийсэн урт хугацааны тэмцэлд шилжингүүт бүрмөсөн уусдаг. Хүннү, Түрэгийн мөхөл үүний тод жишээ учир нь тэдэнд соёлын хөгжлийг тэтгэх эдийн засгийг хөгжүүлэх боломж байсангүй. Дээрэм тонуулын аргаар эдийн засгаа хөгжүүлж чадна гэж үү. Монголын эзэнт гүрэн нь цэргийн хэргийн хувьд зүйрлэхийн аргагүй хүчирхэг байсан ч болхи үйлдвэрлэлтэй, соёлын уг үндэс сул байсан нь тэднээс хавьгүй илүү соёл, эдийн засагтай үндэстнүүдийг урт хугацааны турш хянаж захирахад бэрхшээл учруулж, гэнэт мандсан шигээ дороо мөхөж, бутран сарниснаар өөр үндэстний дэвшилтэт соёлд уусах нь гарцаагүй болсон юм. Ер нь Америк, Канадын хооронд тусдаа бие даан оршин тогтнох чадвартай ганц ч гэсэн индианы улс байж чадах уу. Монгол бол түүхийн өвөрмөц үе шатанд өвлөгдөж үлдсэн хачирхалтай бүтээгдэхүүн бөгөөд цаашдаа энэ улс Орос, Хятадын аль нэгэнд уусах, эсвэл дунд нь хуваагдаж мөхөх хувь заяанаас зайлахгүй гэж бодож байна.

Арьстны ижил төстэй байдлаар уусгах талаас нь авч үзвэл, Хятад илэрхий давуу талтай, соёлын хувьд хуучин Зөвлөлтийн үед хагас зуун буюу хүний хоёр ч үеийн турш нөлөөлж байсны хувьд Орост түр ч гэсэн давуу тал байна. Хэрэв Хятад нь Монголыг буцааж авъя гэж бодож байгаа бол юуны өмнө соёлоос нь эхлэх шаардлагатай. Зөвлөлтийн соёлын нөлөөг алга болгож, Оросын үргэлжлүүлсэн соёлын хэлхээ холбоог тасалж, Хятадын соёлыг сэргээн, эдийн засгийн хувьд уусгах бодлогыг эрчимжүүлж, хоёр талыг ялгааг ялгааг ойртуулах  хэрэгтэй. Орос энэ үйл явцад саад хийж чадахгүй. Гадаад Монгол үүнээс болоод л баруунтай сүжрээд байгаа юм. Тэд улсаа мөхөх гэж буй аюулыг мэдэрч байна.

Би энэ явдлыг эрт орой хэзээ нэгэн цагт болно гэж бодож байна. Учир нь энэ улс оршин тогтнох учир шалтгаан ч үгүй, үнэ цэнэ ч үгүй. АНУ Монголыг сонирхож байгаа нь Японд хандуулж байгаа анхааралтай адил тийм их идэвхтэй биш. Япон нь Хятадтай нөөц баялгийн төлөө өрсөлдөх, түүний хөгжлийг саатуулах хэрэгцээн дээр ашиглагдаж байгаа тул хаялга ч мэдээж их байна. Америкчууд хуурмаг зан гаргаж, 1 сая долларын тусламж олгосон. Энэ нь долларын ноёрхолд автсан орны хувьд хөрөнгө оруулалт биш. Нэг талаасаа Монгол нь дэлхийг хамарсан АНУ-ын стратегийн бодлогод ямар ч холбогдолгүй,  стратегийн хувьд ашиггүй тул хөрөнгө оруулаад байхаар үнэ цэнэгүй, эдийн засгийн хувьд ч сонирхлыг нь татах юмгүй, шаасан гадас аятай яах ч боломжгүй, дээрээс нь Орос, Хятад хоёр агаарын орон зай, газар нутгаараа өнгөрүүлэхгүй учир Монголыг цэрэг, эдийн засгийн хувьд өнчин арал гэж хэлж болно.

АНУ-ын компаниуд хөрөнгө оруулж байгаа нь зүгээр л хөрш орнуудынх нь өмнө худал дүр эсгэж байгаа үйлдэл бөгөөд үнэн хэрэгтээ америкчууд хамгаалж чадах ч үгүй. Америкийн цэрэг энд ирвэл үхлийн ам руу очиж байна гэсэн үг. Хэдхэн сая хүн амтай, эх газарт түгжигдсэн, эдийн засаг нь дампуурчихсан, гал усны аюул зэрэг байгалийн гамшиг боллоо гэхэд зүгээр хараад суухаас өөр аргагүй, говь цөл нь тал газраасаа их, шальтай аюул ч учруулах тэнхэлгүй, цэргийн чадавхийн хувьд бараг тэг заасан энэ улс орныг Хятад, Орос хоёр дураараа хэсэг хэсгээр нь тасдан авч тохинуулсаар асуудлыг шийдэж болно. Ийм улсад цэргийн бааз байгуулах нь хуурай замын цэргээр дэлхийд тэргүүлдэг хоёр гүрний хувьд зовхи руу өргөс хатгаж байгаа мэт хэрэг бөгөөд зардал сүйтгэл болохоос хэтрэхгүй, харин ч Хятад, Орос хоёрт залгих бодлогоо улам түргэтгэх шалтаг болж магадгүй юм. Ер нь америкчууд энд айхтар юм хийж чадахгүй, Гүржид том сургамж авсан. АНУ-ын цэргийн чадавх агаар, далай, сансарт сайн бөгөөд тэд Монголд ердөө л холбооны станц байгуулж Хятад, Оросын хил орчмын нутгийн цэргийн байдлын талаар мэдээлэл цуглуулах, хоёр улсын хооронд хагарал гаргахаас хэтрэхгүй.

Цэргийн хээрийн сургууль хийдэг нь билэг тэмдгийн шинжтэй, Монголыг тайвшруулж, “тэсээрэй, та нарыг бид анхаарч байгаа, аюулгүй байдлын хувьд дэмжиж байгаа, жаахан тусламж өгнө тэсээрэй, цаашдаа байдал сайхан болно” гэсэн утгатай юм. АНУ нь Монголыг чин сэтгэлээсээ түнш болгох гээгүй, монголчууд ч гэсэн өөрсдөө нүүр өгөхөд нь баясаж байгаа бөгөөд энэ улсын мөхөх хугацааг түр ч атугай хаацайлж, Хятадын хүчин чадлыг нэмэгдэхийг саатуулах гэсэн хэрэг юм. Түүхийн хүрд гэж яривал Монгол Улс нь дээсэн дөрөөн дээр тогтож байна. АНУ-ын цэргийн түншлэл нь Европт НАТО, Ойрхи Дорнодод Израиль, Зүүн хойт Азид Япон, Номхон далайн өмнөд хэсэгт Австрали гэсэн  тулгын 4 чулуун дээр тогтож, АНУ нь Номхон далайн өмнөд хэсэгт Хятадыг оруулахгүйн тулд эцсийн арга болгож Австралитай харилцаагаа өргөжүүлж байна.
Хоёрдогч түнш гэдэг нь бүгд махны машинд орох тавилантай Дорнод Европын орнууд, Ойрхи Дорнодод Кувейт, Саудын Араб, Ирак, Турк, Төв Азид Афганистан, Гүрж, “стан” тодотголтой жижиг улсууд, Зүүн хойт Азид Өмнөд Солонгос, Зүүн өмнөд Азид Филиппин гээд нэлээн тодорхой ялгавартай байдаг нь харагдаж байна.

Хэрэв Хятадыг тогтоон барихад Энэтхэг, Вьетнам хоёр үнэхээр нөлөөтэй гэж үзээд ОХУ, АНУ-ын аль аль нь сонирхож байгаа гэж бодвол Монгол юу юм бэ, татаад дууссан тамхины иш шиг ямар ч хэрэггүй  улс шүү дээ...” гэсэн байна

No comments: